| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/01092/И |
| Дугаар | 302/ШШ2025/01126 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/01126
| 2025 оны 12 сарын 18 өдөр | Дугаар 302/ШШ2025/01126 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Х овогт М.Д
Хүсэлтийн шаардлага: Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч М.Д
Гэрч М.Ч, Б.И,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.Д охин нь болох Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2003 онд охин болох Д.О төрсөн. Улмаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэнэт нас барсан.
1.2.Тэр үед нас барсан хүүхдээ улсын бүртгэлд бүртгүүлэх ухаан санаа байгаагүй. Тухайн үед өөрөө эмчилгээнд явж байсан учраас тэр чигээрээ өнгөрсөн. Иргэний бүртгэлээс ч гэсэн мэдэгдээгүй байсан. Саяхан 09 дүгээр сараас эхлэн иргэний бүртгэлийн мэдээллээс хасагдаагүй байна. Тийм учраас статистикийн газраас нас барсан тухай гэрчилгээг авч ирээрэй гэсэн. Дараа нь тус байгууллагад хандахад Статистикийн газрын удирдлага Улаанбаатар хотод сургалтад явсан. Дараа нь 11 дүгээр сард ирэх үед та нас барсан байдлыг шүүхээр нас барсан байдлыг тогтоолгоно гэсэн учраас шүүхэд хандаж байна. Охин маань махлаг талтай, зүрх нь дэлсэж амьсгадаг хүүхэд байсан. Тийм учраас миний хүсэлтийг хангаж, нас барсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б аймгийн Ө сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Д.О-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршуулгын газрын фото зураг, М.Ч, Б.И нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1248 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/1240 дугаар албан бичгээр ирүүлсэн М.Д, Д.О нарын ХААТР маягтууд, Д.Оийн төрсний бүртгэлийн лавлагаа, М.Ч, Б.И нарын гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хангаж шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний хүүхэд болох Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ө сумын ... дугаар багт гэртээ нас барсан. Гэвч нас барсны дараа Ө сумын Засаг даргын тамгын газрын Иргэний бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй байна. Иймд миний хүү Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
5.Хүсэлт гаргагч М.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар охин болох Д.Оийн нас барсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Талийгаач Д.О нь хүсэлт гаргагч М.Д-ийн хүүхэд мөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/1240 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.О-ийн Төрсний бүртгэлийн лавлагаа болон түүний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.
7.Талийгаач охин М.Д нь 2003 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээ болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
8.Талийгаач Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
8.1.Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12/1240 дугаар албан бичгээр ирүүлсэн Төрсний бүртгэлийн лавлагаанд овог: Х, эцэг /эх/-ийн нэр: Д, өөрийн нэр: О, хүйс: эмэгтэй, төрсөн он сар өдөр: 2003-11-09, төрсөн газар: эмнэлэгт, бүртгэсэн газар: Б, Ө, бүртгэлийн дугаар: 506, бүртгэсэн он сар өдөр: 2006-10-13 ... гэж бүртгэгдсэн байдал,
8.2.Мөн албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Д.О-ийн Төрснийг бүртгэх анкет буюу ХААТР-11(Б) маягтад ... регистрийн дугаар: БЮ03310900, овог: Д, нэр: О, төрсөн он сар өдөр: 2003-11-09 ... гэж бүртгэгдсэн байдал,
8.3. Б аймгийн Ө сумын ... дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтод ... М овогтой Д /рд:БЮ62090616/ ам бүл 2, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба хүү болох Д.О нь нас барсан үнэн болно гэж тодорхойлсон байдал,
8.4.Шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн иргэн М.Чийн ... М.Д нь миний төрсөн ах байгаа юм. Ах маань 2003 онд төрсөн охин хүүхэдтэй байсан. Нэр нь Дын О. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Нас барсан шалтгаан нь тухайн хүүхэд төрөлхийн зүрхний өвчтэй хүүхэд байгаад гэртээ гэнэт нас барсан. Тухайн үед 19 настай байсан. Би тэр үед хөдөө байсан. Хүүхэд нь нас барсан гэдгийг сонсож, хөдөөгөөс ирээд ажил явдалд оролцож, оршуулсан гэх мэдүүлэг,
Мөн шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч Б аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн иргэн Б.Иий ... Тухайн үед би Ө суманд явж байсан. Би М.Дыг сайн таньдаг учраас үйл ажиллагаанд нь оролцсон. Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг мэдэхгүй. Найз нөхдийн хувьд ажил төрөлд нь оролцсон гэх мэдүүлэг,
8.5.Хүсэлт гаргагчаас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Д.О /2003-2022/ гэж бичигдсэн оршуулгын газрын фото зураг болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдож байна гэж үзлээ.
9.Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх хууль ёсны нотлох баримтуудыг тус тус үндэслэн хүсэлт гаргагч М.Д-ийн 2003 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60,1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч М.Д-ийн хүсэлтийг хангаж, 2003 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч М.Дийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК