Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/01120

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 302/ШШ2025/01120

Б аймаг

 

Зохигчид эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Б овогт К.Жнэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн А сумын ... дүгээр багт оршин суух, Ш овогт И.Б холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 49,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч К.Ж нь хариуцагч И.Н ад холбогдуулан Гэм хорын хохирол 49,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1. К.Ж миний бие Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суудаг. Миний бие 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 00 цаг 5 минут орчимд Ө сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу зүүн дөрвөн замд тээврийн осолд орсон. Тухайн үед надтай хамт машин дотор 2 зорчигч байсан.

1.2. Дээрх зам тээврийн осол нь хариуцагч И.Н нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасныг зөрчсөний улмаас гарсан болох нь Б аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч К.Н-ийн гаргасан 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдсон ба И.Н-ыг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 0081254 дугаар шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

1.3. Зам тээврийн осол гарах үед миний бие өөрийн өмчлөлийн Toyota Crown Majesta загварын тээврийн хэрэгслээр явж байсан юм. Авто тээврийн Үндэсний Төвийн Б аймгийн Авто Тээврийн төвийн ТХ-ийн үзлэгийн инженер Е.Ж-ы 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр дээрх тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон.

1.4. Миний Toyota Crown Majesta загварын тээврийн хэрэгслээ 2024 онд 50 сая төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд А.ХХК-ийн 1376 дугаартай үнэлгээгээр дээрх тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 45,0 сая төгрөгөөр тогтоосон. Миний машин цаашид ашиглах боломжгүй болсон тул дээрх 45 сая төгрөгийг хариуцагчаас бүхэлд нь шаардаж байгаа болно. Мөн осол гарах үед машин дотор тухайн өдөр худалдаж авсан 165А хүчин чадал бүхий аккумлятор 2 ширхэг байсан бөгөөд тэдгээрийн үнэлгээ 1,0 сая төгрөг болсон ба үүнийг мөн нэхэмжилж байна.

1.5. Дээрх зам тээврийн ослын улмаас миний бие мөн машинд байсан 2 зорчигч бид Тенгри мед эмнэлэгт шинжилгээ өгч, эмчийн үзлэгт хамрагдсан бөгөөд тус зардал 1,2 сая төгрөг болсон ба үүнийг мөн хариуцагчаас нэхэмжилж байна. Түүнчлэн дээрх үнэлгээнүүдийг хийлгэхэд миний бие А.ХХК-д 1,875,000 төгрөгийг Хас Үнэлгээ ХХК-д 50,000 төгрөгийг тус тус тушаасан болно. Иймд И.Н-аас зөрчлийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 49,125,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

2.1. Иргэн К.Ж нь хариуцагч И.Н-ад холбогдуулан Гэм хорын хохиролд 49,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч И.Н 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ө сумын 8-р багийн нутаг дэвсгэр Баруун дөрвөн замд ... улсын дугаартай, Приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч К.Ж ын 0... улсын дугаартай, Тоёота Кроун Мажеста-3214 загварын тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн.

2.2. Тодруулбал, хэрэгт авагдсан А.ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №1376 дугаартай Техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан бүхий баримтаар зам тээврийн ослын улмаас Тоёота Кроун Мажеста-3214 загварын тээврийн хэрэгслийн баруун зүүн хойд багажийн тагны гэрэл хагарч жижиг том споеилр машин техник нугарч хугарч буферийн хормой хагарч цуурч салхины шил хагарч цуурч ямар байдалтай багажийн таг нугарч зүүн хойд гэрэл хагарч баруун хойд хаалга нугарч цөмөрч байсан буферийн зам хойд 2ш хугарч ухарах камер хагарч яндан нугарч баруун хойд гэрэл хагарч буферийн төмөр нугарч таазны салон нугарч улсын дугаар суурь нугарч баруун зүүн хөшиг задрагч багажийн хаалганы дотор нугарч түгжээ хуванцарч запаас дугуй багажийн салон нугарч буферийн цацруулагч 2ш хагарч агааржуулах сетка хугарч зүүн хойд хаалга будаг халцарч кузов нугарч тунарч чихэгдэж цөмөрч ханзарч хойд буфер хагарч цуурч урагдаж гэмтсэн. Одоогийн байдлаар ... улсын дугаартай, Тоёота Кроун Мажеста-5214 загварын тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч К.Жын өөрт нь байгаа.

2.3.Хариуцагч И.Н талаас дараах саналыг гаргаж байна. Үүнд: 1-рт: 0626БӨҮ улсын дугаартай, Тоёота Кроун Мажеста-5214 загварын тээврийн хэрэгслээр зорчиж явсан болон жолоодож явсан 2 хүнийг эмчлүүлэхэд гарсан зардал гэх 1,200,000 төгрөгийг төлж өгөхөд татгалзах зүйлгүй, 2-рт: Нэхэмжлэгч К.Ж Тоёота Кроун Мажеста-5214 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч И.Н-д бүрмөсөн шилжүүлэн өгсөн тохиолдолд түүний зах зээлийн үнэ болох 45,000,000 төгрөгийг төлөх, 3-рт: Хэрэв Нэхэмжлэгч К.Ж нь Тоёота Кроун Мажеста-5214 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч И.Н-д шилжүүлэн өгөх боломжгүй гэвэл уг тээврийн хэрэгсэлд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх гэжээ.

 

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгч К.Ж, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С бид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах зүйлийг харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

3.1.Нэхэмжлэгч К.Ж нь И.Н-ад холбогдуулан гэм хорын хохиролд 49,125,000 төгрөг нэхэмжилж байна.

3.2. Хариуцагч И.Н нь нэхэмжлэгч К.Ж-ын нэхэмжилж буй 49,125,000 төгрөгийн хохирлыг 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болов.

3.3. Нэхэмжлэгч К.Ж нь ... улсын дугаартай Тоёота Кроун Мажеста-S214 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч И.Над бүрмөсөн шилжүүлж өгөхөөр болов. Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт тус гэрээний салшгүй хэсэг болно.

3.4.Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Мөн энэ гэрээ бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3.5.Цаашдаа, нэхэмжлэгч К.Ж хариуцагч И.Наас өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч К.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: К.Ж миний бие И.Над холбогдуулан Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 49,125,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Талуудын зүгээс 2025 дугаар сарын 12 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж И.Н нь миний нэхэмжилсэн үнийн дүнг 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл төлж өгөхөөр болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч К.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч И.Н-ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.Н нь нэхэмжлэгч К.Ж-ын нэхэмжилж буй 49,125,000 төгрөгийн хохирлыг 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч К.Ж нь ... улсын дугаартай Тоёота Кроун Мажеста-S214 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч И.Н-ад бүрмөсөн шилжүүлж өгөхөөр болж (Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт тус гэрээний салшгүй хэсэг болно) талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.Зохигч сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

7.Нэхэмжлэгч К.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,575 төгрөгийн тал 201,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн ... дугаартай данснаас 201,787 төгрөг, мөн хариуцагч И.Наас 201,787 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Жт олгож шийдвэрлэх нь зүйтэй.

8.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч И.Н нь нэхэмжлэгч К.Ж-ын нэхэмжилж буй 49,125,000 (дөчин есөн сая нэг зуун хорин таван мянган) төгрөгийн хохирлыг 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч К.Ж нь 0626 БӨҮ улсын дугаартай Тоёота Кроун Мажеста-S214 загварын тээврийн хэрэгслийг хариуцагч И.Н-ад бүрмөсөн шилжүүлж өгөхөөр болж (Тээврийн хэрэгсэл хүлээлцсэн акт тус гэрээний салшгүй хэсэг болно) талууд харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч К.Ж-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,575 (дөрвөн зуун гурван мянган таван зуун далан таван) төгрөгийн тал 201,787 (хоёр зуун нэгэн мянган долоон зуун наян долоон) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 201,787 (хоёр зуун нэгэн мянган долоон зуун наян долоон) төгрөг, мөн хариуцагч И.Наас 201,787 (хоёр зуун нэгэн мянган долоон зуун наян долоон) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч К.Ж-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК