Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01053

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01053

 

 

Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00542 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Гэрэл, О.Жаргалсайхан нарт холбогдох

 

2016 оны 09 сарын 14-ний өдрийн 32 дугаар "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г хууль бус болохыг тогтоолгож, гэрчилгээг хүчингүй болгох, дээрх гэрчилгээнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаварыг хууль дүрэмд заасны дагуу арилгахыг хамтран хариуцагчид даалгуулах, нэхэмжлэгчийн өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай хэргийг

 

Хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мэндсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний аав Б.Бэхзаяа агсан нь миний ээж Л.Мэндсайханаас 2014 онд хувийн таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулан биднээс тусдаа амьдарч байгаад 2014 оны 11 сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан. Аавыг нас барахад миний бие гадаад улсад суралцаж байсан бөгөөд, саяхан магистрын зэрэг хамгаалах сургалтаа дүүргээд 2016 оны 6 сарын 10-ны өдөр Монгол улсдаа ирсэн. Миний ээж Л.Мэндсайханыг 2016 оны 10 сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дуудаад, очиж уулзахад шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 535 тоот захирамж болон хэргийн материал танилцуулсны дотор хариуцагч Д.Гэрэл нь миний аав Б.Бэхзаяа агсны цорын ганц өв залгамжлагч гэж гэрчилсэн 2016 оны 9 сарын 14-ний өдрийн "Өв залгамжлах гэрчилгээ", мөн хариуцагч өв залгамжлагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж Б.Алтансүх гэгчийг томилсон итгэмжлэл хавсаргасан нь хүчин төгөлдөр бус итгэмжлэл байсан. Тухайлбал Монгол улсын Иргэний хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д "Иргэнд өвлөгдөх хөрөнгийн талаар гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдор бус байна" гэсэн байгаа. Нэхэмжлэгч миний бие талийгчийн үрчилж авсан хүүхэд бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 -д заасны дагуу талийгаач аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Миний аав Б.Бэхзаяа агсан, ээж Л.Мэндсайхан хоёр намайг 4 настай байхад өргөж авсан, бид гэр бүлээрээ 1996-2006 онд ХБНГУ руу явж, 10 жил ажиллаж амьдарч байгаад 2005-2006 онд Монгол улсдаа ирж, ирсэнээсээ хойш 10 жил хамт амьдарсны дараа аав, ээж хоёр 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан. Үүнээс гадна хариуцагч цорын ганц өв залгамжлагч биш бөгөөд санхүүгийн хувьд биднээс тусдаа амьдарч байсныг дараах баримтууд нотолно. Үүнд: миний аав Б.Бэхзаяа, миний ээж Л.Мэндсайхан нар гэр бүл болсноос хойш хариуцагч бидэнтэй хамт амьдраагүй, ааваар ээжийг дарамтлуулж мөнгө авдаг байсан ч эргүүлж өгдөггүй байсан. Тухайлбал 1995 онд 300 000 төгрөгөөр 1 өрөө байр авах гэж байсан 180 000 төгрөг зээллээ гэснээ аав, ээж нараас аваад эргүүлж өгөөгүй. 2000 онд өөрийн том хүү, аавын ах Б.Батзаяагийн нэр дээр МҮОНРТВ-н ажилчдын байрны урьдчилгаа төлөх хэрэг байна гээд л 3000 ам.доллар зээлж авсныг нагац эгч Л.Энхсайхан аваачиж өгснийг мөн эргүүлж өгөөгүй. Ийм байтал талийгаачийн өвийг залгамжлах эрх бүхий этгээд хэн хэн байгааг бүрэн нягтлалгүй, хариуцагчийг талийгаач аавын минь цорын ганц өв залгамжлагчаар тогтоосон нь хууль бус байх тул хариуцагч 2016 оны 09 сарын 14-ний өдөр гаргуулан авсан 32 дугаарын өв залгамжлах гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоолгох, гэрчилгээг хүчингүй болгох, дээрх гэрчилгээнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаврыг хууль дүрэмд заасны дагуу арилгахыг хамтран хариуцагчид даалгуулах, нэхэмжлэгчийн өв хүлээн авах хугацааг сунгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Аавыг нас барах үед болон өв нээгдэх хугацаанд би БНЭнэтхэг улсад суралцаж байсан бөгөөд, магистрийн зэрэг хамгаалах сургалтаа дуусгаад 2016 онд Монгол улсад ирээд талийгаачийн ээж, хариуцагч Д.Гэрэл аавыг нь нас барснаас хойш 1 жил 10 cap 13 хоногийн дараа буюу 2016 оны 9 сарын 14-ний өдөр "Өв залгамжлах гэрчилгээ" гаргуулан авч "цорын ганц өв залгамжлагч" болсныг ээжийг Шүүхийн шийдвзр гүйцэтгэх дээр дуудахад нь мэдсэн.

Өв нээгдэх үед БНЭнэтхэг улсад, Монгол улсын Элчин сайдын яам байдаггүй, Майсоре (Mysore) гэх бөглүү хотод суралцаж байсан бөгөөд энэ хүндэтгэн үзэх шалтгаанаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаж чадаагүй. Хариуцагч Д.Гэрэл үрчилсэн хүүхэд байгааг мэдсээр байж нотариатчаар өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан нь хууль бус болохыг тогтоож өгнө үү. Нотариатын тухай хуулийн 43.2.1-д заасан заалтыг хангахгүйгээр Нотариатийн тухай хуулийг зөрчиж гэрчилгээг гаргасан учраас гэрчилгээг хүчингүй болгож, гарах эрх зүйн үр дагаврыг хүчингүй болгох, Монголд байгаагүй учраас хүндэтгэн үзэх шалтгаанаар өв хүлээн авах хүсэлт гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Гэрэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 5354 дугаар шүүгчийн захирамжаар Б.Бэхзаяагийн хувиарт хөрөнгийг тогтоосон. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 сарын 25-ны өдрийн дугаар 101/Ш32016/26782 захирамжид үндэслэн Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу түүний эх болох Д.Гэрэл нь хууль ёсны өв залгамжлагч тул нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх миний бие нь өвлөгдөх хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулаагүй ба Иргэний хуулийн 25, 26 дугаар зүйлийг үндэслэн шүүхэд төлөөлөх итгэмжлэл байгуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Жаргалсайханы тайлбарт: Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь өвлүүлэгчийн өргөмөл хүүхэд мөн боловч өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт байсан өвлөгч биш юм. Иймээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ хүссэн өргөдлийг нотариатчид гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Б.Мөнхзул нь өвлүүлэгчийг нас барсныг мэдэж байсан ба хуульд заасны дагуу 1 жилийн дотор өв хүлээн авах тухай хүсэлтээ гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Түүний гадаад оронд суралцаж байсан нь өвлөх хүсэлт гаргах эрх үүрэгт нь нөлөөлөөгүй байх ёстой. Б.Мөнхзул хэдийгээр гадаад оронд суралцаж байсан боловч тухайн сурч буй улсынхаа Элчин сайдын яаманд хандаж нотариатчийн үүрэг гүйцэтгэгчид хүсэлтээ гаргах эсвэл бусдад итгэмжлэл өгч хүсэлтээ гаргах бүрэн боломжтой байдаг. Иймээс өвлүүлэгчийн нас барах хүртэл хамт амьдарсан эх Д.Гэрэлд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно. Нэгэнт өвлөх тухай хүсэлтээ 1 жилийн дотор гаргаагүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасны дагуу хууль ёсны өвлөгч мөн ч Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарсан өвлөгч ба өвлүүлэгчийг нас барснаас хойш 3 сарын дотор өвөөс татгалзах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй өвлөгч тул өвийг хүлээн авсан гэж үзэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.

Д.Гэрэлд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохдоо түүнийг цорын ганц өвлөгч гэж үзэж гэрчилгээ олгоогүй. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд заасан өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар тогтоогдож байвал хуульд заасан хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгож болно гэсэн заалт нь дээрх өв залгамжлалд ямар ч хамааралгүй юм. Учир нь Д.Гэрэлд Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсний дараа өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгосон ба өвлүүлэгч нь өвлөгчтэй насан эцэслэх хүртэл хамт амьдарсан болох нь баримтаар тогтоогдсон болно. Иймээс Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан хууль ёсны өв залгамжлагч нь өвлүүлэгчийн нас барснаас хойш 3 сарын дотор өвөөс татгалзах хүсэлт гаргаагүй бол түүнийг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэснийг үндэслэн өвийн гэрчилгээ олгосон болно. Нотариатын энэ үйлдэлд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар хариуцагч Д.Гэрэлд 2016 оны 09 сарын 14-ний өдөр 32 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч О.Жаргалсайханы нотариатын үйлдлийг хүчингүй болгож, Б.Мөнхзулын өв хүлээн авах хугацааг сунгаж, нэхэмжлэлийн шаардлагаас гэрчилгээнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаврыг хууль дүрэмд заасны дагуу арилгахыг хамтран хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаах зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гэрэл, О.Жаргалсайхан нараас 35 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг хангаагүй байх тул давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуулийн заалтуудыг эш татсан ч түүнийг хэрхэн хэрэглэх ёстой талаар ямар нэг тайлбар хийгээгүй тул үндэслэл бүхий болж чадсангүй. Нэхэмжлэгч нь өөрийн оршин сууж байсан оронд дипломат төлөөлөгч, консулын газар байдаг эсэхээ нотлож чадаагүй байхад шүүх байгаа мэтээр үнэлсэн. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т хууль тогтоогч 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгдсэнээс 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ тухайн өв нээгдсэн газрын нотариатад гаргана гэж хуулиар үүрэг болгосон ба хууль мэдэхгүй байдал нь үүнд нөлөөлөхгүй. Тэгэхээр нэхэмжлэгч нь өв хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдолдоо:

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн хэмээн дүгнэсэн байна. Зүйлийг зөрчих гэдэг ойлголт хууль зүйд байдаггүй тул зүйл зөрчсөн гэх үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох нь хууль хэрэглээний алдаа бөгөөд уг 43 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн ч гэрчилгээг хүчингүй болгох талаар уг хуульд мөн л заагаагүй байна.

Д.Гэрэл нь уг зүйлийн 43.2-т заасан баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгсөн. Тэдгээрийн аль нэгийг нь хуурамч эсхүл хууль бусаар бүрдүүлсэн тул шалгуулах, түүнчлэн хуульд заагаагүй баримт бүрдүүлсэн хэмээн үзэж түүнийг хасуулах талаар нэхэмжлэгч тал ямар нэг хүсэлт гаргаагүй ба Д.Гэрэлийн бүрдүүлсэн аль ч баримтыг нь хууль бус баримт хэмээн шүүхээс ямар нэг байдлаар дүгнээгүй тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйл, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийг
зөрчсөн хэмээн мөн дүгнэжээ.
Гэвч дээрх зүйлийн аль заалтыг нотариатч хэрхэн зөрчсөн, түүнийг хэрхэн хэрэглэх ёстой байсан талаар шүүхийн шийдвэрт зааж өгөөгүй нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасан үүргээ нотариатч
биелүүлээгүй гэх бодовч Д.Гэрэлийн бүрдүүлж өгсөн бүх баримт нь хуульд заасан шаардлагыг
хангаж байхад ийнхүү дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т заасны дагуу "Л.Жаргалсайхан нь ... тодруулах шаардлагатай байсан" гэх боловч дурдсан заалтад ийнхүү тодруулах үүргийг нотариатчид хүлээлгээгүй тул хуулийг мөн л буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэхүү маргаан нь орон сууцны хувь эзэмшилтэй холбоотой маргаан юм. Учир нь Б.Бэхзаяа нь гэрлэлтээ цуцлуулсан ба орон сууцыг гуравт хуваалгаж, өөрт ногдох хэсгийг Л.Мэндсайханаас гаргуулахаар шийдвэрлүүлсэн. Харин Л.Мэндсайхан нь тухайн орон сууцны гуравны нэгийг өөрийн охинд өгөхөөр болсон. Тэгэхээр Б.Мөнхзул нь өөрт ногдох хувийг авсан ч дахин нэмж авахаар маргаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхзул 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 32 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, уг гэрчилгээнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаврыг хууль дүрэмд заасны дагуу арилгахыг хамтран хариуцагчид даалгуулах, нэхэмжлэгчийн өв хүлээн авах хугацааг сунгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Гэрэл, О.Жаргалсайхан нарт холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр тойргийн нотариатч О.Жаргалсайхан хариуцагч Д.Гэрэлийн өв залгамжлах гэрчилгээ гаргуулах тухай өргөдлийг үндэслэн 2014 оны 11 сарын 27-ны өдөр нас барсан Базарын Бэхзаяагийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 5354 дүгээр захирамжийн дагуу авах 26 301 725 төгрөгийн мөнгөн хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 9 сарын 14-ний өдөр олгосон үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй, харин өв хүлээн авах хугацаа, өвлөх эрхийн гэрчилгээ олгосон ажиллагаа хуульд нийцсэн эсэх талаар маргасан байна.

 

Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзулыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар нас барагч Базарын Бэхзаяагийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх ба Б.Бэхзаяа, Л.Мэндсайхан нар нь 1989 онд гэр бүл болж, 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б.Мөнхзулыг үрчлэн авч 25 жил амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцааны улмаас гэрлэлтээ 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цуцлуулсан, нэхэмжлэгч Б.Мөнхзул өөрийн хүүхдийн хамт ээж Л.Мөнхсайхантайгаа амьдарч байгаа нь хэргийн 3-6 дугаар тал дахь гэрлэгчдийн гэрлэлтийг цуцласан шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

Нас барагч Б.Бэхзаяа нь гэрлэлтээ цуцлуулсны дараа Л.Мэндсайхантай дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны талаар маргаан үүсгэснээр уг орон сууцыг гэр бүлийн нийт гишүүд буюу Б.Бэхзаяа, Л.Мэндсайхан, Б.Мөнхзул, түүний хүү Ө.Од нарт тэнцүү хувиарлаж, Б.Бэхзаяад 26 301 725 төгрөг олгохоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 11 сарын 11-ний өдрийн "Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" 5354 дугаартай захирамж гарчээ.

 

Тэрээр Б.Бэхзаяа 2014 оны 11 сарын 27-ны өдөр нас барсан байх ба түүний эх Д.Гэрэл нь 2016 оны 09 сарын 13-ны өдөр "Өв залгамжлах эрхийн гэрчилгээ авах тухай" өргөдөл гаргасныг нотариатч хүлээн авахдаа хариуцагч Д.Гэрэлийн өргөдөлд хавсарган ирүүлсэн зарим баримтуудын үнэн зөвийг тодруулалгүй өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь буруу байна.

 

Хариуцагч Д.Гэрэл нь Б.Бэхзаяатай нас барах хүртэл нь хамт амьдарч байсан гэх боловч хариуцагч Д.Гэрэлийн иргэний үнэмлэх болон Б.Бэхзаяагийн нас барсны гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын, Чингэлтэй дүүргийн 6 хорооны Засаг даргын тодорхойлолтод Д.Гэрэл болон Б.Бэхзаяа нарын оршин суух хаяг зөрүүтэй байхын зэрэгцээ өвлүүлэгч нас барах хүртлээ ямар хаяг дээр, хаана амьдарч байсан нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1, 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасан журмын дагуу нас барагчийн өв нээгдсэн газар болоод өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргах нотариатчыг зөв тодорхойлсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1 дэх хэсэгт өвлүүлэгчийн сүүлийн оршин сууж байсан газар, тэр нь мэдэгдэхгүй бол өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг байгаа газрыг өв нээгдсэн газар гэж үзнэ гэж, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатч ..., -д гаргана гэж заасныг наториатч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч О.Жаргалсайхан "... Д.Гэрэл нь өвлүүлэгчтэй насан эцэслэх хүртэл хамт амьдарсан болох нь баримтаар тогтоогдсон учраас өвийн гэрчилгээ олгосон" гэж маргасан байгаа боловч хариуцагч Д.Гэрэлийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 10 дугаар байрны 53 тоот хаягт оршин суудаг гэж иргэний үнэмлэхт нь, өвлүүлэгч Б.Бэхзаяагийн нас барсны гэрчилгээнд "...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8-211 тоотод оршин сууж байсан..." гэж, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2015 оны 12 сарын 07-ны өдрийн тодорхойлолтод "...Базарын Бэхзаяа Өнөр гудамжны 8-211 хаягт 2014 оны 11 сарын 26-ны өдрийг хүртэл амьдарч байсан нь үнэн болно..." гэж, Чингэлтэй дүүргийн 6 хорооны Засаг даргын ажлын албаны оршин суугаа газрын тодорхойлолтод "Б.Бэхзаяа нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 43-33 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй" гэж өвлөгч, өвлүүлэгчийн оршин суух хаягийг зөрүүтэй тодорхойлсон байх ба шүүхийн дээрх хаягийн алинд нь хариуцагч Д.Гэрэл хүү Б.Бэхзаяагийн хамт амьдарч байсан болох нь ойлгомжгүй, өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан зэргийг тодруулалгүйгээр үйлдэгдсэн он сар өдөргүй Чингэлтэй дүүргийн 6 хорооны Засаг даргын ажлын албаны тодорхойлолтод үндэслэн "Д.Гэрэлийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч мөн" гэж үзсэн нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д заасныг Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.11 дэх хэсгийг зөрчсөн гэх дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

 

Дээрхээс дүгнэхэд Д.Гэрэлд 2016 оны 09 сарын 14-ний өдрийн 32 тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ" олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхзул нас барагчийн хууль ёсны өв залгамжлагч мөн болох талаар дээр дурдсан бөгөөд тэрээр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох өргөдлийг гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар сунгах үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Гадаадын иргэн харьяатын газрын 2017 оны 01 сарын 31-ний өдрийн 05/829 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч нь 2014 оны 8 сарын 12-ны өдрөөс 2016 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл Монгол улсад байгаагүй, тэрээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын Майсорэ /MYSORE/ гэх Монгол улсын элчин сайдын яам байдаггүй хотод суралцаж байсан учраас өв залгамжлалын асуудлаар холбогдох газарт нь хандаж чадаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.Гэрэлд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, нэхэмжлэгч Б.Мөнхзулын өв хүлээн авах хугацааг сунгах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн "өвлөх эрхийн гэрчилгээнээс үүдэн гарсан эрх зүйн үр дагаврыг хууль дүрэмд заасны дагуу арилгахыг хамтран хариуцагчид даалгуулах" шаардлагыг өвлөх эрхийн гэрчилгээнээс үүдэн ямар үр дагавар бий болсон, ямар хуулийн үндэслэлээр хэрхэн арилгах нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх ба нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

Дээр дурьдсан үндэлэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13ы өдрийн 184/ШШ2017/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Гэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 뿿 㺺 .

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ