| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Ариунбаяр |
| Хэргийн индекс | 2424000470022 |
| Дугаар | 2025/ДШМ/23 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү, Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/23
Л.П-д холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн,
Прокурор Н.Б /цахимаар/
Прокурор Б.Ч
Яллагдагч Л.П /цахимаар/
Яллагдагчийн өмгөөлөгч М.Г,
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Г /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Ч-ийн эсэргүүцлээр Л.П-д холбогдох 2424000470022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 2006 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Завхан аймгийн ........ сумын .......... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ......... овогт ...-ийн П /РД:............../
Яллагдагч Л.П нь 2024 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн ....... сумын .......... багийн нутаг дэвсгэр .......... гэх газарт улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.4в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус, тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Х.Т-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
1. Анхан шатны шүүх: Яллагдагч Л.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2424000470022 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Л.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
2. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/Ш3/94 дугаартай шүүгчийн захирамжийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Яллагдагч Л.П нь 2024 оны 07 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Завхан аймгийн …….. сумын ………… багийн нутаг дэвсгэр …….. гэх газарт улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 а. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.48/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7.а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Х.Т-ийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шуух Л.П-д холбогдох хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд, яллагдагч Л.П-д холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Шүүгчийн захирамжийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжид тээврийн хэрэгсэл /мотоцикль үл хөдлөх биет мөргөх үед жолооч болон зорчигчид уг мөргөлтийн хүч тээврийн хэрэгсэл (мотоцикль жолоодож явсан хүн болон түүний ар талд зорчиж явсан хүнд хэрхэн нөлөөлөх асуудлыг шинжлэх ухаан, шинжээчийн тусгай мэдлэгээр зайлшгүй тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч С.М-ийн "...П ах мотоциклоо жолоодоод ар талд нь Т ах суугаад бид нараас түрүүлээд хөдөлсөн. Би Э ахын машинд суугаад, Э ах миний хажууд хойд талын суудал дээр суугаад, машиныг нь Б ах жолоодоод сумын төв рүү явсан. Э ах, Б ах бид 3 …..-аас засмал замаар уруудаад орж ирж байхад гүүрэн дээр нэг мотоцикл уначихсан байхаар нь бид 3 машинаа зогсоогоод буугаад очтол П ах, Т ах мотоциклтойгоо уначихсан, П ах мотоциклынхоо хажуухан талд хөл хугарчихлаа гээд замын хажуу талын бетон дээр сууж байсан, харин Т ах гүүрний баруун талд нь цус нь гарчихсан, зам дээр ухаангүй хэвтэж байсан... П ах, Т ах 2 мотоциклтойгоо явахдаа П ах мотоцикл жолоодоод харин Т ах ард нь суугаад явж байхыг би харсан..." гэх мэдүүлэг, Гэрч С.Э-ийн "...Б, М бид 3 миний машинаар П, Т нараас 200-300 орчим метрийн зайтай явсан, миний машиныг Б жолоодоод М бид хоёр арын суудал дээр суугаад явж байсан. П Т түрүүлээд хөдлөөд явсан бид нар араас нь явсан... П, Т нар түрүүлж хөдлөөд замдаа зогсоогүй байхаа, хэрэв зогссон бол араас нь явж байгаад бид нар таарах байсан..." гэх мэдүүлэг, Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн насанд хүрээгүй гэрч С.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрч С.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар яллагдагч Л.П нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тогтоогдож байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.3 дугаар зүйлд "Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж хуульчилсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар тушаалын хавсралтаар "Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт"-ыг мөн хуулийн 8.4 дүгээр зүйлд "Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг ундэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж хуульчилсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар "Шинжилгээ хийх эрх бухий бусад этгээдээр хийлгаж болох шинжилгээний жагсаалт"-ыг тус тус баталсан байна. Дээрх тушаалуудын хавсралтад "тээврийн хэрэгсэл үл хөдлөх биет мөргөх үед жолооч болон зорчигчид уг мөргөлтийн хүч тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн болон түүний ар талд зорчиж явсан хүнд хэрхэн нөлөөлөх талаар" шинжээчийн дүгнэлт гаргах асуудал багтаагүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх заалтыг зөрчиж шинжилгээ хийлгэх жагсаалтад багтаагүй асуудлаар шинжээч томилохыг даалгасан шүүгчийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжийг хангахгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн" гэж үзэх үндэслэл болж байна Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/Ш3/94 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
3. Прокурор Б.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Яллагдагч Л.П нь ...зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн ард зорчиж явсан Х.Т-ийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Л.П-д холбогдсон хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцэл бичсэн үндэслэлийн тухайд хэрэгт авагдсан баримтууд нь гэрч н.Э, насанд хүрээгүй гэрч н.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирол, төлбөр төлсөн нотлох баримтууд, мөрдөгчийн магадалгааг яллагдагч, өмгөөлөгчийн хамтаар танилцсан бөгөөд мөрдөгчийн магадалгаатай холбоотой ямар нэгэн санал, хүсэлтгүй гэсэн тайлбарыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгслийг яллагдагч Л.П нь жолоодон явсан нь хангалттай тогтоогдож байна гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр яллагдагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүч хаана, хэрхэн үйлчлэх талаарх шинжээчийн дүгнэлтийг гаргуулах шаардлагатай гэсэн саналыг гаргасан. Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.3 дугаар зүйлд шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалтыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж хуульчилсан байдаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 232 дугаартай тушаалын хавсралтаар шинжилгээний байгууллагуудын хийх шинжилгээний жагсаалт байдаг. Мөн хуулийн 8.4 дүгээр зүйлд шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн гарын гишүүн батална гэж хуульчилсан. Дээрх заалтын дагуу 2025 оны 07 сарын 03-ны өдрийн 233 дугаартай тушаалын хавсралтаар шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг тус тус баталсан. Энэхүү жагсаалтад тээврийн хэрэгсэл үл хөдлөх биетийг мөргөх үед жолооч, зорчигчийн хэнд нь илүү хүч үйлчлэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах нь багтаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчсөн шүүгчийн захирамж гарган хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шинжилгээ хийлгэх жагсаалтад багтаагүй асуудлаар шинжээч томилохыг даалгасан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжийг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
4. Дээд шатны прокурор Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тээврийн хэрэгсэл үл хөдлөх зүйлийг мөргөх үед мөргөлтийн хүч жолооч, зорчигчид хэрхэн нөлөөлөхийг шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэн шинжээч томилуулж шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Л.П нь тухайн мотоциклыг жолоодож явсан нь ...гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Тухайн тээврийн хэрэгслийн араас 200-300 метрийн зайтай хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс автомашинаар араас нь хөдөлсөн байдаг. Тухайн осол болсон газарт очиход яллагдагч Л.П замын хажууд суусан байдалтай байсныг гэрчүүд гэрчилдэг. Тухайн үйл явдал болсны дараа эмнэлгийн машинаар тээвэрлэсэн учраас, хэн нь хаана унасан байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед хамт явж байсан гэрч нарын мэдүүлгээр яллагдагч Л.******* нь мотоциклыг жолоодон явсны улмаас зам тээврийн осол гарсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гэм буруугийн шүүх хуралдаанаар асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт байхгүй. Шүүгчийн захирамжид дурдсан шинжилгээ нь зайлшгүй хийх шинжилгээ биш. Дараагийн асуудлын тухайд, Шүүх шинжилгээний тухай хуульд байгууллагын хийх шинжилгээний жагсаалтыг Засгийн газрын гишүүн батлахаар заасан. Засгийн газрын гишүүний баталсан шинжилгээний жагсаалтад шүүгчийн захирамжид заасан шинжилгээ нь багтаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Шүүгчийн захирамжид заасан шинжилгээ нь ямар байгууллагаар, ямар шинжээчээр, ямар асуудлыг тодруулах нь ойлгомжгүй, биелүүлэхэд эргэлзээтэй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.
6. Яллагдагчийн өмгөөлөгч М.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2025 оны 05 дугаар 23-ны өдрийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 94 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Л.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт холбогдсон талаарх нотлох баримт нь шүүх шийдвэр гаргахад эргэлзээгүй нотлогдсон байх ёстой. ... Тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан нь эргэлзээтэй байдаг. Тухайн үед хойшлуулшгүй ажиллагаагаар тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсан талаар тогтоогоогүй. Үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Криминалистикийн шинжээч томилж, тухайн тээврийн хэрэгслээс гарын мөр авах зэрэг ажиллагаа хийх боломжтой байсан. Тээврийн хэрэгслийн суудал дээрээс хувцасны ул мөр авч, хэн хаана сууж байсныг тогтоох боломжтой байсан боловч, тухайн ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллагаан дахь гэрчийн мэдүүлгээр, Л.П-ийг тухайн тээврийн хэрэгслийг жолоодон, бусдын амь насыг хохироосон гэх боловч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Нөмрөг сумын зүүн талд болсон хэрэг байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч, замдаа тээврийн хэрэгслээ жолоодож чадахгүй байсан тул талийгаач мотоциклыг жолоодъё гээд, тээврийн хэрэгслийн жолоог Л.П шилжүүлсэн байдаг. Гэрч нар 200-300 метрийн хойноос хөдөлсөн байдаг. Тухайн үед харанхуй байсан. н.Б утсаа алга болгоод хайсан. Утас хайхад тодорхой хугацаа зарцуулсан байдаг. Араас нь автомашинтай хөдөлсөн хүмүүсийг очиход осол гарсан байсан. Яллагдагч Л.П-ийг тээврийн хэрэгслийг жолоодон яваагүй талаараа мэдүүлдэг. Хэрэгт эргэлзээтэй үйл баримт байдаг. Хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэргийн үйл баримтыг тодорхой болгох хэрэгтэй. Тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой. Үл хөдлөх зүйлийг мотоцикл мөргөхөд мөргөх хүч, хэнд, хэрхэн үйлчлэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гарах ёстой. Үүнийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоох боломжгүй тул, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Яллагдагч Л.П-ийн гэм буруутай байдлыг хангалттай тогтоохгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байгаа тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч шалган тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх боломжтой гэж үзэж байна гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч Э.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийсний дараа, гэмт хэргийн нөхцөл байдлыг хангалттай тогтоон нотолсны дараа, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Энэ хэргийн тухайд хэргийн газрын үзлэгийг хангалттай сайн хийгээгүй. Авто ослын хэрэгт хэргийн газрын үзлэг шиг чухал зүйл байхгүй. Хэргийн газрын зургийг авсан байдлаас харахад хэрэг болсон газрын ерөнхий зургийг авсан боловч, яллагдагч, талийгаач нар нь хэн, хаана ямар байрлалтай байсан талаар тэмдэглэсэн, үзлэг хийсэн зүйл байхгүй. Авто тээврийн осол гарах үед хэн тээврийн хэрэгслийг жолоодон явсныг эргэлзээгүй тогтоогоогүй учир шүүх хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн. Хэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг тогтоохын тулд физикийн хуулийн үйлчлэлийг тогтоох ёстой. Нэгдүгээрт, хувцасны үзлэг буюу осол болох үед ямар шалтгааны улмаас тухайн хүний хувцас өөрчлөлт орсон нь харагдах ёстой. Биеийн байрлалыг тогтооход эхний ээлжид хувцсанд үзлэг хийх ёстой байсан. Хоёрдугаарт, шүүх эмнэлгийн шинжилгээ чухал. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач тархины гэмтэл авсны улмаас нас барсан. Яллагдагчийн тухайд хөлдөө гэмтэл авсан байдаг. Хөдөлгөөнгүй зүйлийг мотоцикл мөргөсөн үед жолооч, зорчигчид ямар гэмтэл учирч болох вэ?. Гадаргууд хүч хэрхэн үйлчлэх вэ?. Тээврийн хэрэгслийн хурднаас үл хамаарч хөдөлгөөнгүй биетийг мөргөсөн үед хүч хэрхэн үйлчлэх вэ? зэрэг асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй, хэрэг шөнө гарсан. Л.П-ийг мотоцикл жолоодон хөдөлснөөс хойш автомашинаар араас хөдөлсөн гэрч нарын мэдүүлэг хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх, тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдлуудыг нарийвчлан тогтоогоогүй. Хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд н.Д-г гэрчээр асуусан байдаг. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд шийдвэрлэх асуудлыг гэрч н.Д-аас асууж тодруулсан байдаг. Гэрч н.Д-ийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн. Шинжээчийн эрх хэмжээний асуудлыг гэрчийн мэдүүлгээр тогтоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдээгүй. Гэрч н.Д-ийн мэдүүлэгт мотоцикл үл хөдлөх зүйлийг мөргөх үед хойд талд сууж буй зорчигчид мөргөлтийн хүч илүү үйлчилнэ. Зорчигч нь урагшаа тэмүүлнэ. Мотоцикл урд дугуйгаараа үл хөдлөх эд зүйлийг мөргөх үед жолооч, зорчигч 2 хоёулаа урагшаа шидэгдэнэ. Жолоочийн ар талд сууж яваа хүнд мөргөлтийн хүч илүү үйлчилж, мотоциклоос хол шидэгдэнэ гэж мэдүүлсэн байдаг. Шинжээчийн тусгай мэдлэгийн асуудлыг гэрчээр тогтоолгосон нь учир дутагдалтай байна. Шинжээчийн дүгнэлт гаргахад шаардлагатай материал, шаардлагатай туршилтыг хийсний дараа дүгнэлт гардаг. Дээрх асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Ерөнхий нөхцөл байдлаас харахад мотоцикл хашлагыг ташуулдаж мөргөсөн байдаг. Мотоцикл хөдөлгөөнгүй эд зүйлийг мөргөснийг хүний биед учирсан гэмтэлтэй харьцуулж тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах ёстой байсан. Энэ асуудлыг шүүх гаргаж ирсэн. Шинжилгээний жагсаалтад байхгүй гэдэг нь дараагийн асуудал. Шинжлэх ухааны танин мэдэхүйн асуудал нь шинжилгээний жагсаалтад байхгүй гэх үндэслэлээр хязгаарлагдах зүйл биш. Хүний биед учирсан гэмтлийн талаар шүүх эмнэлгийн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргадаг. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнгүй зүйлийг мөргөхөд жолооч, зорчигч нарын биед ямар байдлаар хэрхэн хүч үйлчлэх, мөргүүлсний улмаас ямар гэмтэл учрах боломжтойг харьцуулан дүгнэх боломжтой. Анхан шатны шүүх хуралдаанаар эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлтийг гаргуулах зорилгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан. Хувцасны үзлэгийг нарийвчлан хийх ёстой байсан. Мотоциклоос унахдаа талийгаач, яллагдагч 2 өөр, өөр газар унасан байдаг. Тухайн үед хэргийн газрын үзлэгээр газарт хэрхэн унасан талаар нотлох баримт цуглуулах боломж байсан. Хэргийн газрын үзлэг маш чухал байсан. Шөнийн цагаар хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн байна гэж үзэж байна. Хувцасны үзлэгийг огт хийгээгүй. Анх Л.П-ийг тээврийн хэрэгсэл жолоодон хөдлөхийг харсан гэрч нарын мэдүүлгээр хэргийн үйл баримтыг нотлогдож байна гэж үзэж шүүхэд шилжүүлсэн байна. Прокуророос шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, ямар нэгэн шийдвэр гарах боломжтой ч шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадахгүй гэж үзэж байна. Хэргийн бодит байдал эргэлзээтэй, хангалттай тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
8. Яллагдагч Л.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Л.П-д холбогдох 2424000470022 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Ч-ээс яллагдагч Л.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүх Л.П-д холбогдох эрүүгийн хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:
“…Эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж дүгнэлээ… тээврийн хэрэгсэл /мотоцикль/ үл хөдлөх биет мөргөх үед жолооч болон жолоодож явсан хүн, түүний ар талд зорчиж явсан хүнд хүчний үйлчлэл хэрхэн нөлөөлөх асуудлыг шинжлэх ухааны шинжээчийн тусгай мэдлэгээр зайлшгүй тогтоох шаардлагатай байна гэжээ.
4. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг бүрчлэн тодорхой заасан байна.
5. Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.
6. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан бөгөөд эдгээр заалт нь “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасантай салшгүй холбоотой байна.
7. Яллах дүгнэлтэнд яллагдагч Л.П-ийг буруутгаж байгаа нотлох баримтуудыг дурьдсан байх ба гэрч Д.Д-ийн “…Аливаа тээврийн хэрэгсэл урд талаараа үл хөдлөх биет болон хөдлөх биет мөргөх үед хүндийн хүч хойд талдаа илүү их үйлчилдэг. Нэг үгээр хэлэхэд хойд талд байгаа хүн, эд зүйл, эд анги руу урагшаа тэмүүлэх хүч үйлчилнэ гэсэн үг. Дээрх тохиолдолд мотоцикль урд дугуйгаараа үл хөдлөх биет мөргөх үед жолооч болон зорчигч хоёулаа урагшаа шидэгдэнэ. Хүндийн хүчний үйлчлэлээр жолоочийн ард сууж байгаа хүнд илүү хүч үйлчилж зорчигч илүү хол шидэгдэх магадлалтай. …Ямарч тохиолдолд зам тээврийн осол гарах үед жолооч рефлексээрээ ямар нэгэн зүйлээс барих /жолооны хүрд, мотцоклийн бариул зэргээс барих, зуурах/ тохиолдол гардаг. Ийм учраас тээврийн хэрэгслийн ойр орчим унасан байх боломжтой” гэсэн мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлжээ.
Гэрч Д.Д нь Цагдаагийн ажилтан, эрх зүй ч мэргэжилтэй бөгөөд замын цагдаагийн газарт замын зохицуулагчаар хэдэн жил ажилласан нь тодорхойгүй, мөн тухайн ослын шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт гаргах, мэдүүлэг өгөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон ба Д.Д-ийн мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэгт хамаарахгүй байна.
9. Яллагдагч Л.П нь мотоциклийг жолоодож явж байсан боловч замдаа жолоогоо хохирогч Х.Т-д шилжүүлсэн, осол болох үед мотоциклийг Х.Т жолоодож явсан гэж мэдүүлдэг бөгөөд түүний энэ мэдүүлгийг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн осол болох үед яллагдагч болон хохирогчийн хэн нь мотоцклийг жолоодож явсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
10. Прокурор эсэргүүцэлдээ …Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.4 дугаар зүйлд “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж хуульчилсан бөгөөд “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтад “тээврийн хэрэгсэл үл хөдлөх биет мөргөх үед жолооч болон зорчигчид уг мөргөлтийн хүч тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүн болон түүний ар талд зорчиж явсан хүнд хэрхэн нөлөөлөх талаар” шинжээчийн дүгнэлт гаргах асуудал багтаагүй байна гэжээ.
11. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалт”-д заасан инженер техникийн шинжилгээ болон 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/232 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Шинжилгээний байгууллагад хийх шинжилгээний жагсаалт”-д заасан физик тооцооллын шинжилгээг хийх боломжтой бөгөөд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.
12. Иймд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэхээр буцаасан анхан шатны шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/94 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ч-ийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ
ШҮҮГЧИД З.НАНДИНЦЭЦЭГ
Б.АРИУНБАЯР