| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00918/И |
| Дугаар | 302/ШШ2025/01035 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 302/ШШ2025/01035
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 302/ШШ2025/01035 | Б аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /дарга А.Г/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Б овогт Н.К,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ж овгийн Ш.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр 2000000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хариуцагч Н.К
Хариуцагч Б.Б
Орчуулагч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Н.К, Ш.Б нарт холбогдуулан Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж авсан зээлийн төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгаа. Энэ хөтөлбөрүүдийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 3.4-т заасны дагуу Н-ийн Кд манай байгууллагаас 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож, гэрээ байгуулсан.
1.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 3.4.7 дахь заалт, санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 1.3, 3.5-д заасны дагуу дэмжлэгийг 100 хувь 36 сарын дотор төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нөхөн төлүүлж өгнө үү.
1.3. Хэрэв ямар нэгэн байдлаар хөтөлбөрт хамрагдсан иргэн маань эргэн төлөлтийн хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд батлан даагчаар гаргуулж авах тухай заалт байгаа. Энэ заалтын дагуу Ш.Б нь иргэн Н.Кгийн батлан даагчаар гарын үсэг зуруулаад нотариатаар баталгаажуулаад манай байгууллагад ирүүлсний дагуу 2,000,000 төгрөг зээл олгосон.
1.4. Хариуцагч нарт холбогдож зээлийг эргэн төлөлтийн хугацаанд төлж барагдуулах талаар хандаж байсан байсан боловч төлөхгүй багаа тул 2,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч болон батлан даагч болох Н.К, Ш.Б нараар төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.К нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2 сая төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд авсан нь үнэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд бизнес эрхлэх зорилгоор зээл олгогдож байсан. Тухайн үед батлан даалтаар хүн шаардлагатай гэсэн учраас хамаатны хүн болох Ш.Б-аар гарын үсэг зуруулж, батлан даалтаар оруулж байсан. Тус зээлийг сар болгон 66,000 төгрөг төлнө, эхний 6 сар төлөхгүй байж болно эсхүл 2021 онд зээлийн хугацаа дуусахад бүгдийг нь төлж болно гэж хэлж байсан. Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авсан зээлээ төлөх гэж банк руу очих үед Ковид цар тахал гарсан учраас хүмүүсийг оруулахгүй байсан. Тийм учраас банканд очиж мөнгөө тушааж чадаагүй. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт очиж, мөнгөө төлөх гэж хүлээж байх үед тухайн байгууллагын дарга нь болох С гарч ирээд энд яагаад шуугиан гарч, олон хүн цугларсан байгаа вэ гэхэд үед өөрийнхөө учир шалтгаанаа хэлтэл та наашаа ороод ирээрэй гэж намайг өрөөндөө оруулж зээлийн мөнгийг бэлнээр авч бор хавтастай дэвтэр гаргаж ирээд өөрөө гарын үсэг зурж, дараа нь надад гарын үсэг зуруулсан. 2024 оны 10 дугаар сард Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2 сая төгрөгийг дахиж надаас нэхэмжилж эхэлсэн. Тухайн үед зээлээ төлчихсөн байгаа гэдгийг илэрхийлсэн. Надад 2 удаа зээл төлөх боломж байхгүй. С гэдэг хүн нас барна гэж бодоогүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ш.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: К эгчтэй ураг төрлийн холбоотой хүн байгаа. Манай өвөө болон К эгчийн өвөө нэг гэр бүлийн хүүхдүүд байгаа. Миний бие 2019 онд Ө сумын Тамгын газарт ажиллаж байх үед К эгч надад ирж ямар ч ажилгүй байгаа. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл авах гэсэн юм. Гэтэл ажилтай хүнээр заавал гарын үсэг зуруулах юм байна. Бид нарт ганц удаа тус болоод батлан даалтаар орж өгөөч гэж хүсэлт гаргасан. Тухайн үед би батлан даалт гэдгийг зээл авсан хүн нас барсан, өвчтэй болсон тохиолдолд төлөх юм байна гэж ойлгосон. Тухайн үед би ажилтай байсан учраас батлан даалтаар орж өгсөн. Дараагийн асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй. Шүүхээс зөв шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд одоо эрхэлсэн ажилгүй, 2 хүүхэд маань оюутан байгаа. Дээрээс нь шүүхээс 7 сая төгрөгийн торгуультай байгаа. Тухайн торгуулиа 1 жилийн дотор төлөх шаардлагатай байгаа тул ямар ч боломжгүй. Нэгэнт үндсэн зээлдэгч нь амьд сэрүүн байх тул надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Баян-Өлий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.К нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Н.Кгийн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжих зорилгоор 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг зээлдэгчийн дансанд шилжүүлэх бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгийг дансанд шилжин орсноос хойш 48 сарын дотор эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Тухайн гэрээгээр олгосон 2,000,000 төгрөгийг эргэн төлөх хуваариас үзэхэд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 62,500 төгрөг төлж нийт 36 сарын хугацаанд буюу 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2,000,000 төгрөгийг төлж дуусгахаар тохиолцож баталгаажуулсан нь тогтоогджээ.
4.2. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Батлан даагчийн бичгээс үзэхэд Шериязданы Б нь Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэгт хамрагдаж буй хувиараа хөдөлмөр эрхлэгч Н.К 2,000,000 төгрөгийн санхүүжилтийг зөв зарцуулахад хяналт тавьж ажиллах ба хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй байвал өөрийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөөр гэрээнд заасан дүнгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахаар батлан даалт гаргасан нь нотлогдсон байна.
5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба хариуцагч Н.К нь уг зээлийг төлсөн тул дахин төлөх үндэслэлгүй гэж, хариуцагч Ш.Б нь батлан даалт гаргаж байсан талаар маргаагүй бөгөөд үндсэн зээлдэгч нь амьд сэрүүн байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
6. Нэхэмжлэгч Баян-Өлий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Н.К нарын хооронд байгуулагдсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай Аж ахуй, бичил бизнес эрхлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээгээр Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Н.Кгийн бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжих зорилгоор 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгосон байх ба зээлдэгч нар нь зээлдэгчийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаа, журмын дагуу буцааж төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2,000,000 төгрөгийг Н.Кд олгосон боловч зээлдэгч зээлийн цаг хугацаанд төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг зээлдэгч Н.К болон батлан даалтын гэрээний дагуу батлан даагч Ш.Б нараас шаардсан нь үндэслэлтэй байна.
8. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээх бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Батлан даагчийн бичгээс үзэхэд Шериязданы Б нь зээлдэгч Н.К зээлийг цаг хугацаанд нь төлөөгүй байвал өөрийн үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөөр гэрээнд заасан дүнгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлж барагдуулахаар батлан даалт гаргасан нь нотлогдсон байна.
9. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан байх ба үүрэг гүйцэтгэгч Н.К нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан даагчаас давхар шаардах эрхтэй байна.
10. Хариуцагчаас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авсан зээлээ 2021 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С-ийн өөрт нь төлсөн гэж байгаа боловч энэ тухай нотлох баримтаа гаргаж өгөөгүй болно.
11. Иймд хариуцагч Н.К, Ш.Б нараас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох нь зүйтэй байна.
12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 46,950 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.К, Ш.Б нараас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.К, Ш.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК