Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/01064

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/01064

Б аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 2 дугаар баг /Ө сумын 11 дүгээр багт түр оршин суух/-т оршин суух, Ж овогт Л.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Архивын хэлтэс (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н)-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цахимжуулалт хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Е,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Л.Е нь хариуцагч Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан цахимжуулалт хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Би Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтан-аар томилогдож, Засаг даргын Тамгын газрын даргатай 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулан ажиллаж байсан бөгөөд Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

1.2.Тухайн өдөр тушаалын нэг хувийг хүлээн авч ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг мэдэж, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан ба уг хороо 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж 41 дугаартай тэмдэглэлээр Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/14 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид дээрх шийдвэрийг танилцуулахад та шүүхээр асуудлаа шийдвэрлүүл би гаргасан шийдвэрээ өөрчилж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.

1.3.Миний ажлын байрны орон тоо 2025 оны Засгийн газрын 37 дугаар тогтоолоор баталгаажсан ба Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болж тусдаа байгуулагдсан тул тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/48 дугаартай тушаалаар Архивын хэлтэс болон өөрчлөгдөж, уг тушаалын хавсралтаар 13 хүний орон тоогоор баталсан. Архивын Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаартай тушаалаар тус аймгийн Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан орон тоо 2 болсон учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.4.Миний бие жирэмсний болон амаржсаны амралтаа авч хүүхдээ 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрүүлсэн ба хүүхэд маань 3 насанд хүрээгүй болно. Архивын Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаартай тушаалд Л.Е-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго гэж үүрэг өгөгдөөгүй ба миний Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтаар хамгаалагдсан эрхийг ажил олгогч зөрчсөн тул тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.5.Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан цахимжуулалт хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Архивын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Н хариу тайлбартаа:

2.1.Архивын Ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар Б аймгийн Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтнуудын бүтэц орон тоог 3-аас 2 болгон шинэчлэн буруулах шийдвэр гаргаж ирүүлсэн. Үүнээс үзэхэд урьд байсан Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтны 1 орон тоо хасагдсан байна.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Архивын хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар цахимжуулалт хариуцсан 1 ажилтныг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон.

2.2.Ямар ажилтныг чөлөөлөхийг тодорхойлохдоо хамт олны хурал хийж албан хаагч нарын саналаар байгууллагад ажилласан хугацааг харгалзан үзэж, хамгийн сүүлд орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

2.3.Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлагдсан нь байгууллагын дур зориг бус, харин улсын хэмжээнд хийгдэж буй орон тооны хасалтын хүрээнд, эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу хийгдсэн болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаартай Л.Еркегулийг томилсон тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, Хүүхдийн төрсний 880534526436 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 41 дугаартай тэмдэглэл, Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал зэргийг,

Хариуцагчаас Архивын Ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А79 дүгээр тушаал болон энэхүү тушаалын хавсралт, Архивын Ерөнхий газраас Б аймгийн Засаг даргад 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/663 тоот дугаартай явуулсан албан бичиг, Архивын хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэл, Мэдэгдэх хуудас танилцуулсан байдал зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Л.Е-ийн Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан цахимжуулалт хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5. эхэмжлэгч дараах үндэслэлээр шардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтнаар томилогдож ажилласан ба Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар намайг орон тоо хасагдсан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг болон мөн хуульд заасан хориглосон заалтыг зөрчиж байгаа болно гэжээ.

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Архивын Ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дүгээр тушаалаар Б аймгийн Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтнуудын бүтэц орон тоог 3-аас 2 болгон баталж, орон тоог цөөрүүлсэн тул уг шийдвэрийг дагуу нэхэмжлэгч Л.Е-ийг цахимжуулалт хариуцсан ажилтны албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргасан болно гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар Л.Е-ийг Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн цахимжуулалт хариуцсан гэрээт ажилтнаар томилж, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Засаг даргын Тамгын газрын даргатай 01 дугаартай Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан болох нь тогтоогдсон байна.

7.2.Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа гутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 83.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Архивын Ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дүгээр тушаалын дагуу Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтан Л.Еркегулийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна.

7.3.Архивын Ерөнхий газрын даргын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/79 дугаартай Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаалаар Монгол Улсын Төсвийн тухай хуульд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан батлагдсан төсвийн хүрээнд төрийн архивуудад ажиллах цахимжуулалт хариуцсан ажилтнуудын орон тоог хавсралтад дурдсанаар өөрчилсөн ба уг тушаалын хавсралтаар Төрийн архивуудад ажиллах цахимжуулалт хариуцсан ажилтнуудын тоог тогтоосон ба уг жагсаалтын 2-рт Б аймгийн архивын тасаг, цахимжуулалт хариуцсан ажилтны тоо 2 гэж тусгажээ.

8.Нэхэмжлэгчээс хариуцагч нь хууль зөрчиж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж маргасан байх ба ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

9.Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

10.Нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Л.Еркегулийг орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж үзэхээр байна.

11.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугар зүйлийн 80.1, 80.1.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж тус тус заажээ.

10. Ажил олгогч Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ажилтан Л.Еркегулийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар буюу ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа хуульд заасан ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх журмыг зөрчсөн байна. Хариуцагчаас нотлох баримтаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан байдал гэх баримтыг гаргаж өгсөн боловч уг баримтыг ямар агуулгаар ямар эрхийн актыг үндэслэн олгосон нь тодорхой бус байх тул ажил олгогч нь хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

11.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэж заажээ. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн Ө сумын бүртгэлийн ажилтнаас олгосон 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Н-ын төрсний гэрчилгээгээр нэхэмжлэгч Л.Е нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байх тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хуульд нийцээгүй байна.

12. Иймд Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Е-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/14 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Е-ийг урьд эрхэлж байсан Б аймгийн Архивын хэлтсийн цахимжуулалт хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Е нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б аймгийн Архивын хэлтсээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсуга

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК