| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0196/э |
| Дугаар | 000204 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 000204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Л.Оюунтуяа
Хохирогч Б.Э
Шүүгдэгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-д холбогдох эрүүгийн 1825002950213 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн Эрдэнэт солилцох хэсэгт ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу баг, Шандад оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овгийн Д-ийн А.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багт эхнэр Б.Э-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
-Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Надад ярих зүйл байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
-Хохирогч Б. Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хувийн машинаар өөрийн төрсөн эгч Болормаагийн хамт ажил хөөцөлдөж явсан юм. Тэгсэн чинь нөхөр А эгчийн гар утас руу залгаад хаана явж байна ажлаас дуудаад байна машин аваад ир, наад машин чинь шатахуунаар явдаг гэж хэрүүл хийсэн. Орой 21 цаг өнгөрч байхад нөхөр маань гэртээ ирсэн. Тухайн үед унтах гээд хэвтэж байтал нөхөр А зүгээр байхгүй миний дээр хөл гараа тавиад байхаар нь зүгээр бай гээд түлхчихсэн чинь зүгээр байхгүй байсан. Тэгэхээр нь зүгээр байгаач ээ гээд нөхрийнхөө хацар руу нэг удаа цохиод унтуулахгүй юм байна л даа гээд босох гэсэн чинь намайг түлхээд өмсөж байсан цамцыг маань урсан. Манай нөхөр намайг түлхэж унагаагаад байсан. Энэ үед миний хоёр гарын шуу, бугалга орчим цус хурсан байсан гэсэн мэдүүлэг /хх 8-10 ху/
-Гэрч З.О-ийн: 2018 оны 04 сарын 22-ны өдөр Б.Э ганцаараа машинаа унаад 10 цагийн үед ирсэн. Э бид хоёр Маргад сургуулийн хажууд үзмэрч дээр ахын хүүхдийг үзүүлэх гэж очсон. Э бид хоёрыг хамт явж байхад А миний утас руу байн байн залгаад байсан. Э машинаа нэхээд байна, аваачиж өгнө гээд явсан. Шөнө Э над руу залгаад “энэ А-ийг хар даа гэсэн чинь цаана нь А нь пизда минь чи дандаа ингээд байдаг шүү дээ банзал минь” гэх үг хэлээд утас нь салсан гэсэн мэдүүлэг /хх12-13 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 351 дугаартай шинжээчийн: Б.Э-ийн биед хүзүү, баруун зүүн бугалга, зүүн мөрөнд цус хуралт үүсчээ. Уг гэмтэлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсчээ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19 ху/,
-Д.А-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23-25 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.А-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 04 сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Их залуу багийн Шандад эхнэр Б.Этэй маргалдан зодож хүзүү, баруун зүүн бугалга, зүүн мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Манай нөхөр намайг түлхэж унагаагаад байсан. Энэ үед миний хоёр гарын шуу, бугалга орчим цус хурсан байсан гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсаныг тогтоосон 351 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Э нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 1/нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ