| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2508003640223 |
| Дугаар | 2025/ДШМ/680 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/680
2025 06 02 2025/ДШМ/680
Т.Ж холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Д.Ч, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,
шүүгдэгч Т.Ж,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1018 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Чын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Ж холбогдох эрүүгийн 2508 00364 0223 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Ж,
Т.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 131 дүгээр байр 6 тоотын гадна Д.Ч, П.Э, Э.Гнарыг “хамтран амьдрагч О.О гэрт нь хүргэж ирлээ” гэх шалтгаанаар хардан уурлаж, улмаар хоёр гартаа шилний хагархай барьж дайран хохирогч Д.Чын хоёр гар, шанаа, толгойн хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь “толгойн орой, зүүн шанаа, зүүн сарвуу, баруун сарвууны долоовор хуруунд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Т.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Боржигон овогт Түмэнцогтын Т.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ж нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогч Д.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.Ч миний бие шийтгэх тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч, танилцан, эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Т.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 05 цагийн үед хамтран амьдрагч О.О /Миний 10 жилийн багш/ гэрт нь хүргэж ирлээ гэдэг шалтгаанаар хардаж, уурлан улмаар хоёр гартаа шилний хагархай барьж, дайран миний толгойн орой, зүүн шанаа, зүүн сарвуу, баруун сарвууны долоовор хурууг зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Энэ шарх гэмтлүүд нь бүрэн гүйцэт эдгэрээгүй, өвдөлт, шаналал нь арилаагүй, толгойн шархнаас цус гарч, гар сарвуунуудад учруулсан шарх, гэмтэл нь байнга лугшиж өвдөн, гараа атгаж болохгүй өвчтэй хэвээр байхад шүүх миний болон өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан ... нэмэлт шинжилгээ хийлгэж, шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг минь хүлээж авалгүй, шүүгдэгчид 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөрдөгчийн миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг би өөрөө хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байхад шүүх шинжээч хүснэгтээр эсхүл дүгнэлтээр тогтоогоогүй байх тул хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Жгийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруутай үйлдлийн улмаас миний сэтгэцэд учирсан хор уршгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Иймд Улсын Дээд Шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.6, 3.8, 4-н хоёр дугаар зэрэглэлд зааснаар миний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Т.Жгээс гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан №А268, №А275 тушаалаар батлагдсан журам, мөн уг тушаалаар батлагдсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох зэрэг аргачлал журмыг үндэслэн, тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг баталгаажуулан, хууль зүйн сайдын баталсан 2023 оны №276 тушаалаар батлагдсан хүснэгт, маягтаар хохирогчид танилцуулан, хохирогч түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтыг анхан шатны шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хамааралтай, нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг үнэлж, дүгнэлгүй шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шинжээч дүгнэлтээр эсхүл хүснэгтээр тогтоогоогүй байхад хэлэлцэх боломжгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, гэм хорын хохирлын асуудлыг шийдвэрлэхгүй орхисныг хохирогч эс зөвшөөрч гомдол гаргасан нь үндэслэлтэй. Тухайлбал, Дээд шүүхийн аргачлалын 3.6-д “...хүснэгтээр хохирлыг тогтоож, түүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж заасан. Дүгнэлт гаргах журмын 2.1-д “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэх зүйл анги тухайн ангилалд хамаарч байгаа. Мөн журмын 2.2-т “.. энэ журмын 2.1 дүгээр зүйлийн 5-д хохирогч эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээ хийлгэнэ. Тухайн заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэх журам, аргачлалаас харахад хохирогч тогтоосон зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байхад дахин шинжээчээр батлуулж, дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаан товлогдсоноос хойш өмгөөлөгчөөр оролцсон. Шүүх хуралдаан шатанд нотлох баримтыг шинжлэн судлуулж, хохирогчийн болон миний зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл бүрэн гүйцэт эдгээгүй, өвчин шаналал нь хэвээр байгаа. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний тархацтай үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн 7 хоногоос доошгүй түр хугацаагаар сарниулсан тохиолдолд эрүүл мэндэд учирсан хохирлыг хөнгөн зэрэгт хамаарна.” гэж заасантай зөрчилдөж байгаа учраас шинжилгээ хийлгэж, шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд дээрх асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Т.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын хувьд эм тариа болон боолт хийлгүүлсэн мөнгийг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Тухайн үед хохирол дээр 50.000 төгрөгийн хоёр баримтыг авчирсан байсан. Түүнийг мөн төлж барагдуулсан. Иймд шүүхээс хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэн, надад торгох ял оногдуулсан. Болсон үйл явдлын хувьд харилцан зодоон болсон. Тухайн үед хохирогчийн 2 найз байсан, нийт гурвуулаа байсан. Би их хэмжээний согтолттой байсан. Дээрх гурван хүн мөн адил их хэмжээний согтолттой байсан. Зодоон Д.Ч бид хоёрын дунд үүссэн. Тухайн үед намайг эрүүлжүүлэхэд ороход надад тодорхой хэмжээний шарх сорви, хөхрөлт няцралт байсан. Гэхдээ би энэ талаар гомдол санал гаргаагүй. Анхан шатны шүүхээс надад 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Миний хувьд уг торгох ялыг багасгаж, тал мөнгийг хохирогчид өгөх саналтай байна. Надад өөрийгөө өмгөөлсөн, зөвтгөсөн зүйл байхгүй.” гэв.
Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журамд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байх тул түүнийг хэлэлцэх боломжгүй гэж дүгнэсэн. Улмаар хохирогчийг сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, хохирогч нь өмнөх шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох хүсэлтийг гаргаж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх эмнэлгээр тогтоолгох хүсэлтийг гаргаж байгаагүй. Шүүх шинжилгээний тухай хууль, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан журам 2023 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, “...хүснэгтээр хохирлыг тогтоож, түүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ..” гэх заалтыг хэрэгжүүлж явсан. Гэвч Улсын дээд шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч эмч, шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шинжээчийн дүгнэлт, тогтоол гараагүй гэх үндэслэлээр сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Ж нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол 131 дүгээр байр 6 тоотын гадна Д.Ч, П.Э, Э.Гнарыг “хамтран амьдрагч О.О гэрт нь хүргэж ирлээ” гэх шалтгаанаар хардан уурлаж, улмаар хоёр гартаа шилний хагархай барьж дайран хохирогч Д.Чын хоёр гар, шанаа, толгойн хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь “толгойн орой, зүүн шанаа, зүүн сарвуу, баруун сарвууны долоовор хуруунд шарх” гэмтэл гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 1673 дугаартай: “...1. Д.Чын биед толгойн орой, зүүн шанаа, зүүн сарвуу, баруун сарвууны долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн дотор үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 33-34/,
хохирогч Д.Чын “...Бид багшийг гэр рүү нь хүргэж өгөх гээд гэрийнх нь гадаа ирэхэд багш бид нартай заавал цуг орно гээд явуулахгүй байхаар нь 58 тоот хаяг руу нь оруулж өгөх санаатай хаалгыг нь нүдэн, “хаалгаа” гэхэд хамтран амьдрагч Т.Ж нь гарч ирсэн. ... Гэтэл нөгөө ах гэр рүүгээ буцаж ороод хутга бариад гарч ирээд бид нарыг ална гээд араас хөөгөөд, би шат руу буух гэж байгаад унасан чинь миний баруун өвдөг эвгүй болчихсон. ... Т.Ж нь хоёр гартаа цонхны шил бариад гарч ирэн Галбадрахыг ална гээд бариад авсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл над руу дайраад миний хоёр гар, шанаа хэсгийг зүсэж, толгой руу тухайн шилээрээ нэг удаа зоосон. Би хоёр гарыг нь бариад зогсож байхдаа найз руугаа цагдаа дууд гээд орилсон. ...” /хх 5-6, 45-46/,
гэрч О.Оийн “...найз залуу Т.Жгийн хамтаар паб ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, бүжиглээд байж байхад 10 жилд хичээл зааж байсан Элбэгзаяа, Д.Ч, Галбадрах нартай таарсан. Тэгээд хамт бүжиглэж байгаад сууж байсан ширээн дээрээ ирэхэд найз залуу байхгүй, гараад явсан байсан. ... Тэр хэд намайг гэрт хүргэж өгөөд оруулах гэхэд найз залуу манай гэрт байсан. Тэгээд хаалга онгойлгож өгөөд над руу “чи одоо ямар хүмүүстэй яваад байгаа юм” гээд уурласан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир юу болсон талаар сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн манай найз залуу Т.Ж нь шавь Д.Чтай хамт 2 давхрын шатны хэсэгт ноцолдоод зогсож байсан. Д.Ч нь Т.Жгийн хоёр гарыг бариад хойшоо хана руу түлхээд зогсож байхаар нь “хөөе юу хийгээд байгаа юм, боль” гээд хэлээд салгах гэж оролдох үед Д.Чын зүүн гараас цус гарсан. ...” /хх 11-13, 59-61/,
гэрч П.Эгийн “...багшийн гэрийн хаалгыг нүдээд зогсож байхад найз залуу нь хаалга онгойлгож өгсөн. Тэгээд бид нар багшийг “та одоо ор” гээд хэлсэн чинь найз залуу нь бид нарыг “та хэд яах гээд байгаа юм бэ” гэж уурлаад гэр рүүгээ буцаж ороод хутга бариад гараад ирсэн тул бид гурав айгаад зугтсан. Д.Ч нь шатаар доошоо буусан, ... багшийн найз залуу шатаар бууж ирэхдээ хоёр гартаа хагарсан шилний хэсэг бариад буугаад ирсэн. Галбадрах найз руу шууд дайрсан тул Д.Ч араас нь очиж шилтэй хоёр гарыг нь бариад авсан. Тухайн үед би маш их айгаад орцны үүднээс буцаж гараад явсан. Удалгүй 2 найз араас гарч ирэх үед Д.Ч нь цусандаа хутгалдсан байдалтай гарч ирээд Галбадрах цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /хх 14-16, 52-54/,
гэрч Э.Галбадрахын “...Бид нар багшийг “та одоо ор” гээд хэлсэн чинь тус залуу багштай хэрүүл маргаан хийгээд байхаар нь бид хэд явах гээд лифт дараад хүлээгээд байж байхад нөгөө залуу гэрээсээ хутга барьж гарч ирээд ална гээд орилсон. Тэгсэн чинь багш тухайн хүнийг яах гээд байгаа юм гээд гэр рүүгээ аваад орсон. Бид нар лифтэнд суугаад багшид явлаа гэж хэлээд 1 давхарт ирэх үед нөгөө залуу шил барьсан байдалтай гараад ирсэн. Би хамгийн ард талд явж байсан болохоор миний араас тухайн залуу татаад авсан. Тэгтэл Д.Ч нь хараад хөөе, чи боль гээд нөгөө хүнийг надаас салгах гэж байгаад хоёр гараа зүсүүлсэн. ... Д.Ч нь салгах гэж байхдаа тухайн залууд хоёр гар, толгой, нүүр зэргээ зүсүүлсэн. ...” /хх 18-19, 56-57/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Т.Ж нь хохирогч Д.Чтай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Т.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч Д.Ч нь “...миний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3 дугаар зүйлд “Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлал”-ын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан.
Анхан шатны шүүх, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүхийн шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргана гэж зааснаар тогтоогоогүй гэж дүгнэн Д.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд хохирогч Д.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/1018 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ