Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 233

 

С.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, С.Г-д холбогдох 1916000910087 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Г  гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь уг хэргийг шийдвэрлэж, дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Нөгөөтэйгүүр анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж бусад гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй хэргийг шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит оайдалтай нийцээгүй” гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрч Г.О-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр би 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Амартүвшин гэдэг хүн “Мандал” зочид буудлын үүдэнд зодуулчихлаа гээд дуудлагаар ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.О-н шүүх хуралдаанд өгсөн "...Үзлэг хийх үед доголсон зүйл мэдэгдээгүй, биед бэртэл, гэмтэл, шарх байгаа эсэхийг харсан. ...тухайн үед үзлэг хийгээд үзлэгийн тэмдэглэлийг би хөтөлдөг, хоёр хөл дээрээ орж ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Утсаа аваад гараад цагдаа дуудсан бөгөөд цагдаад согтуу хүн хэл амаар доромжилж янз бүрийн юм яриад байна гэсэн. Тэр хүн нилээн согтуу байсан ба ...нүүрнээс нь цус гарсан байсан, яг хаанаас нь гарсныг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг зэргийг үнэлж, дүгнэлгүй, эдгээр мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээтэй эсэхэд дүгнэлт өгөлгүй зөвхөн яллах талын баримтыг үнэн зөв мэтээр дүгнэж намайг буруутгаж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь дээрх гэрч нарын мэдүүлгээр хохирогчийг тухайн үед согтуу байсныг илэрхийлдэг, мөн хохирогчийг надаас өөр хүнтэй маргалдаж биедээ гэмтэл авсан байж болзошгүй байсныг гэрчилдэг бөгөөд согтуу хүн архины халуунд доглох, гэмтэх асуудал гаргасан байж болох нөхцөл байдлыг харгалзалгүйгээр намайг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Уг хэргийг С.Г үйлдсэн гэдэг нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй нөхцөл байдал үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шлгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасанчлан ашигтайгаар шийдвэрлэх байтал анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой өрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “С.Г гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Хохирогч нь Ховд аймгаас Улаанбаатар хот явах замдаа Говь-Алтай аймагт буюу Алтай зочид буудалд агсам тавьсан шалтгаанаар 2019 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. Хохирогч С.Г-г хэл амаар доромжилноос болж түүнийг зодож, биед хөнгөн хохирол учруулсан буюу шимэгдэхгүй цусан хураа үүсгэсэн учир мэс заслаар авахуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн С.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Шүүгдэгч С.Г нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт мэдээлэл хүлээн авагч цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрийг шилжих шөнө эрүүлжүүлэх байранд саатуулагдсан хохирогч М.Амартүвшингийн баруун гуянд нь 2-3 удаа өвдөглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч С.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Г нь хяналтын шатны шүүхэд хохирогч М.А-г өөр хүнтэй маргалдсаны улмаас биедээ гэмтэл авсан байж болзошгүй гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

С.Г-н гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч нь хохирогч М.А-н биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн талаар гэрч Б.Н, Ц.Д, Л.С, О.У, Г.Н, Ц.Н, С.Д, Л.Э, Г.О, Ш.О нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, дүрс бичлэг, шинжээч Ш.Д-н дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.

 

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь

1 Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч С.Г-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                 Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН