Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2018/0322

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0322

Улаанбаатар хот

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0216 дугаар шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0216 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Х” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 14487Х, 14488Х тоот тусгай зөвшөөрлүүдийг дуусгавар болсон хугацааг сэргээж, эдгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгажээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “ ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхээс хязгаарлалтад бүртгүүлж өгөөч, шүүхэд хэрэг үүссэн ямар нэгэн нотлох баримт өгөөгүй нэгэнт хугацаа дууссан бол манайх хугацаа сэргээх боломжгүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Үүнээс үзэхэд “Х” ХХК нь сунгуулах өргөдлөө гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.

“Х” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр байх хугацаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө орон нутгийн зүгээс байгаль хамгаалах төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа хууль бус үйлдэлтэй нь холбоотой асуудлаар орон нутгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэсэн тухай баримтыг хавсаргасан хүсэлтийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн бол Кадастрын хэлтсийн УУККС-д шүүхийн маргаантай гэдэг хөдөлгөөн хийж бүртгэх боломжтой байсан. Гэтэл “Х” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссаны дараа орон нутгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ талаар хариуцагч байгууллагад мэдэгдэж байсан байжээ.

Үүнээс үзэхэд нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг дан ганц компаний хүсэлтээр сунгах эрхийн хугацааг түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс давхцалгүй гэсэн хариуг ... шүүхээр маргаж байгаа эсэх талаар тодруулж, сайтар судлаагүй нь хариуцагчийн буруу байна гэжээ

Харин энэ талаар “Х” ХХК нь 2014 оны 12 дугаар сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан даруйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар дээрх 2 тусгай зөвшөөрлийн талбайг түдгэлзүүлсэн бол гуравдагч этгээд буюу “Р” ХХК түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо “... Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан нөхцөл шаардлагыг хангаж ажлаагүй тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлдөө хавсаргаж өгөөгүй тул хариуцагч тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн авч хугацаа сунгах боломжгүй тул хугацаа нь дуусгавар болсон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй тул дээрх гомдол үндэслэлгүй.

Харин уг төлөвлөгөөг хүсэлтдээ хавсаргаж өгөөгүй нь өөрөөс нь үл хамаарах шалтгаан буюу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын хууль бус эс үйлдэлтэй холбоотой, энэ талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаагаа хариуцагчид тухай бүр мэдэгдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Улмаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Х” ХХК-ийн хайгуулын 144887Х, 14488Х дугаар лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2017/0258 дугаар магадлал, уг магадлалыг хэвээр үлдээсэн Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 240 дүгээр тогтоол гарсны дараа “Х” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17/35 дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ сэргээлгэхийг хүсэж, шүүхийн шийдвэрүүдийг хавсарган өгчээ.

            Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1/5786 дугаар албан бичгээр уг шүүхийн шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг тус газарт даалгасан заалт байхгүй гэх үндэслэлээр татгалзсан хариу өгснийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар зөв дүгнэжээ.

            Учир нь нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагчид хандаж тухайн шүүхийн шийдвэрийг биелүүлж тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, харин эдгээр шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлдөө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаагүй явдал нь өөр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас болсон гэдгийг мэдэгдэж, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээж, хугацааг сунгуулахыг хүссэн байна.

            Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь захиргааны өөр байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотойгоор хөндөгдсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг шийдвэрлэх ажиллагааг дахин хийлгэхийг хүсчээ.

Анхан шатны шүүх дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Засаг даргаар батлуулсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Кадастрын хэлтэст ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг шууд сунгахыг даалгаагүй, харин хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан нь зөв болжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... нэгэнт дуусгавар болсон тусгай зөвшөөрлийг компаний хүсэлтээр сунгах хугацааг түдгэлзүүлэх, ойлголт байхгүй ...” гэжээ.

            Ашигт малтмалын тухай хуулиар дээрх асуудлыг нарийвчлан зохицуулаагүй боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.17-д “тусгай зөвшөөрлийн хөтлөх” гэж заасан чиг үүргийн хүрээнд Төрийн албаны хуульд заасан “хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч удаа өөр захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх нь хөндөгдөж байгааг мэдэгдсээр атал уг тусгай зөвшөөрлийн талбайн зураг зүйн бүртгэлд хугацаа дуусгавар болсон талаар бүртгэж, гуравдагч этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, тусгай зөвшөөрөл олгосон нь дээрх хууль болон зарчимд нийцэхгүй.

            Иймээс анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг зөв дүгнэж, хугацаа сунгуулах өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2018/0216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ