Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1029

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар М.Е*******ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/358 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан М.Е*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, түүнийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Өлгий сум дахь Гал унтраах аврах 31 дүгээр ангид гал сөнөөгч, аврагчийн ажилд шилжүүлэн томилж байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь М.Е*******ийн “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/358 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” эрхтэй гэж заасны дагуу иргэн М.Е*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******д 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1/1831 тоот итгэмжлэлээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх”-ийг олгожээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.Е*******ийн “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/358 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ерсерк-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      М.ЦЭЦЭГМАА