Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2017/00384

 

                                                    П.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05700 дугаар шийдвэр,                                             

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 185 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : П.Хишигсүрэн

Хариуцагч : Төмөрттранс ХХК

Үндсэн нэхэмжлэл: 117.690.000 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: 2014.10.24-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2014.10.24-ний өдөр Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг Төмөрттранс ХХК-тай байгуулж, Тохилог өргөө хотхоны төслөөр баригдах Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байршилтай шинээр ашиглалтад орох орон сууцны 10 давхарын 76 тоот  54 тоот орон сууцуудыг захиалж,  2 зогсоолыг захиалж, нийт 145.490.000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч тал болох Төмөрттранс ХХК нь орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч тал үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж гэрээ, хууль тогтоомж, стандартад нийцсэн барилгыг барьж байгуулах, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан. Хариуцагч  27.800.000 төгрөг буцаан өгсөн учир үлдэх  117.690.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Төмөрттранс ХХК нь П.Хишигсүрэнтэй 2014.10.24-ний өдөр Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй. Шүүхэд гаргаж өгсөн гэрээ нь П.Хишигсүрэн, Ван Су нар манай компаниас мөнгө авахын тулд хийсэн хуурамч гэрээ юм. П.Хишигсүрэн Ван Суд зээлүүлсэн мөнгөө авахын тулд манай компанид удаа дараа ирж, хэл ам хийж байхдаа энэхүү гэрээ болон кассын баримтыг хуурамчаар үйлджээ. Уг гэрээнд компанийн ерөнхий захирал Ч.Нэргүй гарын үсэг зураагүй бөгөөд харин түүний нэр бүхий дардсыг ашиглажээ. Иймд манай компани болон П.Хишигсүрэн нарын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас гэрээнээс татгалзах тухай асуудал яригдах үндэслэлгүй юм. П.Хишигсүрэн нь орон сууц захиалж байгаагүй юм. Нэхэмжлэлд бичигдсэн байрны 10 давхарын 76, 54 тоотыг өөр иргэд эзэмшиж байгаа. Мөн манай компанийн зүгээс П.Хишигсүрэнд нэхэмжлэлд дурдсан 27.800.000 төгрөгийг өгч байгаагүй болно. 145.490.000 төгрөгийг Төмөрттранс ХХК-д 2014.10.02-ны өдөр төлсөн гэх боловч бодит байдалд уг мөнгийг манай компани огт хүлээж аваагүй юм. 2014.10.24-ний өдрийн хуурамч гэрээний дагуу мөн өдөр кассын орлогын ордер буюу бэлэн мөнгөний баримтыг үйлдсэн байна. Гэвч уг баримт нь манай компани мөнгийг орлогод хүлээн авсан гэх нотолгоо болж чадахгүй. Энэ нь тухайн өдөр буюу 2014.10.24-ний өдрийн манай компанийн касс дахь бэлэн мөнгөний үлдэгдэл болон касс, бэлэн мөнгөний тайланд орлогоор тусгагдаагүй   гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Төмөрттранс ХХК 12 давхар орон сууцны барилгын угсралтын ажлыг Дэнхэрвэ-Уул ХХК-иар нийт 1.680.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар Төмөрттранс ХХК-иас нийт 1.400.000.000 төгрөгийг Дэнхэрвэ-Уул ХХК-ийн менежер Хятад улсын иргэн  Жанг И Чуан-д төлсөн боловч ажлыг дуусгалгүй хаяж явсан юм. Ерөнхий гүйцэтгэгч Хятад улсын иргэн Жанг И Чуан нь дээрх барилга угсралтын ажлыг дан гүйцэтгэгч Хятад улсын иргэн Ван Су болон бусад Монгол Улсын иргэдийг ажиллуулж гүйцэтгүүлсэн.  Манай компани болон Ван Су нарын хооронд одоо ямар нэг өглөг авлагын тооцоо байхгүй. Гэтэл Ван Су нь ерөнхий гүйцэтгэгч Жанг И Чуан-аас мөнгө авч чадахгүй болохоороо 2014 оны 10 дугаар сард П.Хишигсүрэнг дагуулан манай компанид ирж  менежер Д.Янжмаад ерөнхий захирал Ч.Нэргүйн дардас бүхий гэрээг үзүүлэн захирал чинь зөвшөөрсөн гэж хэлж барилга захиалгын гэрээнд гарын үсэг зуруулж хуурамч гэрээ байгуулсан. Төмөрттранс ХХК П.Хишигсүрэнтэй 2014.10.24-ний өдрийн Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг эрх бүхий албан тушаалтнууд байгуулаагүй. Шүүхэд гаргаж өгсөн тус гэрээ, бусад  баримтуудыг П.Хишигсүрэн Ван Су нар манай компаниас мөнгө авахын тулд хуурамчаар  үйлдсэн байна. Иймд Иргэний хуулийн 56.1.1. 56.1.2-т зааснаар 2014.10.24-ний өдрийн Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус  болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй. Гэрчээс компанийг төлөөлж гэрээ байгуулж, захирал гарын үсгээ зурдаг гэж мэдүүлсэн. Хэрвээ энэ гэрээнд дардас дарсан гэж  хүчин төгөлдөр бус гэж байгаа бол Төмөрттранс ХХК-ийн 99 айлтай байгуулсан орон сууц, барилга захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ бүгд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй худалдсан байна. Гэрээ  байгуулсан Д.Янжмаа мөнгөө Ван Су-д өг гэж хэлээд Ван Су нь би П.Хишигсүрэнгээс мөнгө авсан гэж мэдүүлж байна. П.Хишигсүрэн мөнгөө өгөөгүй байсан бол Төмөрттранс ХХК-тай хэрүүл хийж явахгүй байсан. Төмөрттранс ХХК орлогын ордер бичиж өгсөн учраас П.Хишигсүрэн 7 том боодол 20.000 төгрөг Ван Су-д өгсөн. Хэрвээ Төмөрттранс ХХК орлогын ордер бичиж өгөөгүй байсан бол П.Хишигсүрэн  мөнгөө Ван Су-д өгөхгүй байсан. Төмөрттранс ХХК гэрээ байгуулсан учраас П.Хишигсүрэн гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагчийн өмгөөлөгч Ван Су-аас П.Хишигсүрэн байр авсан мэтээр тайлбарлаж байна. Төмөрттранс ХХК-ийн хийсэн ажлын оронд байр өгнө гээд Ван Су нь байр худалдан авах хүн олж ирсэн. Энэ гэрээг хууль зөрчсөн гэж тайлбарлах нь үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 102/ШШ2016/05700 дугаартай шийдвэр гаргаж,  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас  117.200.000 төгрөг гаргуулж П.Хишигсүрэнд олгож,  490.000 төгрөгт холбогдох шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.1.2-т заасан үндэслэлгүй  тул  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид П.Хишигсүрэнгээс төлсөн 746.400 төгрөг, хариуцагчаас төлсөн 885.400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, Төмөрттранс ХХК-иас 743.950 төгрөг гаргуулж П.Хишигсүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 185 дугаартай магадлал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05700 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул П.Хишигсүрэнгийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид П.Хишигсүрэнгээс төлсөн 746.400 төгрөг, хариуцагчаас төлсөн 885.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч төлсөн 745.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч  нэхэмжлэлийг зөвшөөрдөггүй хэдий ч 2 шатны шүүх “гэрээ байгуулагдсан” гэдгийг тогтоосон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь үүргээ биелүүлж, 145 сая төгрөгийг компанид төлсөн байхад давж заалдах шатны шүүх “...145.490.000 төгрөгийг Ван Су-д өгөхийг зөвшөөрсөн талаар баримт байхгүй...” гэсэн нь  үндэслэлгүй. Тухайн үед тус компанийн захирал Ч.Нэргүй, нэхэмжлэгч П.Хишигсүрэн, Ван Су нар удаа дараа уулзаж, гэрээ хийх, мөнгийг Ван Су-д өгөх зөвшөөрлийг авч, компаний гэрээ байгуулах эрхийг Янжмаа,  Нямдаваа нарт өгсөний  дагуу гэрээг байгуулагдаж, мөнгийг Ван Су-д өгч, компани мөнгө хүлээн авснаа  зөвшөөрч “кассын орлогын ордер” бичигдсэн байдаг. Гэрээ хийгдээгүй, тухайн үед захирал гадаад явсан байсан гэж Нямдаваа, Янжмаа нар мэдүүлсэн боловч уг мэдүүлэг худал болох нь Хил хамгаалах газрын тодорхойлолтоор батлагддаг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д зааснаар анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно... баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна...” гэж заасны дагуу компани орлого авснаа хүлээн зөвшөөрөөд хүчин төгөлдөр анхан шатны баримт үйлдэж өгөөд байхад түүнийг шүүх зөв үнэлсэнгүй. Тус компани Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрмийн дагуу уг мөнгийг хүлээж аваад, кассынхаа дэвтэрт бүртгээд, буцааж зарлагдах үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч хохирох ёсгүй.  

Нэхэмжлэгч болон Ван Су-гийн хувьд  барилгын ажил гүйцэтгэсний ажлын хөлсөнд орон сууц зогсоолыг авсан гэж тайлбарлаагүй. Төмөрттранс ХХК-нь ажлын хөлсөө мөнгөөр өгч чадахгүй тул хямдхан байр авч болно гэсэн саналыг Ван Су тавьж байсан бөгөөд Ван Су-д байр хэрэггүй, мөнгө хэрэгтэй байсан учир Хишигсүрэнд санал тавьж тус компанитай гэрээ байгуулах нөхцлийг бүрдүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл уг  тайлбарыг гуйвуулсан байна.

Төмөрттранс ХХК нь Ван Су-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, Дэнхэрвээ-Уул ХХК-ийн туслан гүйцэтгэгч байсан, тус компани нь ажлаа хаяж явсан учир туслан гүйцэтгэгчээр ажлыг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлсэн тухай  тайлбар гаргасан.  Хариуцагч  анхны шүүх хуралдаан дээр Ван Су-г танихгүй гэж байснаа Ван Су-д мөнгө өгсөн баримтыг гаргахаар түүгээр ажил гүйцэтгүүлсний зарим төлбөрийг нь өгсөн гэж тайлбарладаг болно

Гэрээ байгуулснаас хойш нэг сар гаруйн дараа гэрээний дагуу байр өгч чадахгүй гэсэн асуудал яригдаж Ван Су, Хишигсүрэн нарт баталгаа болгож албан бичиг үйлдэж өгсөн байдаг. Энэ үед Дэнхэрвээ-Уул ХХК нь ажлаа хаяад явсан эзгүй байсан талаар өөрсдөө мэдүүлдэг. Мөн уг албан бичгийг баталгаа болгон өгснөөс хойш 27 сая төгрөгийг Ван Суг-гаар дамжуулж Хишигсүрэнд олгогдсон. Шүүх хуралдаан дээр 27 сая төгрөгийг яагаад буцааж өгсөн талаар асуухад их мөнгө өгвөл ажлаа хаяад явчихна гэж бодоод өгсөн гэж мэдүүлснээс дүгнэхэд Ван Су-гаар ажил гүйцэтгүүлсэн, ажлын хөлс өгөх байсан нь тодорхой байна.

 Хавтаст хэрэгт авагдсан 2014.12.13, 25, 31-ны өдрүүдийн 27 сая төгрөгийн зарлагын баримтуудын утга нь бүгд Ван Су-д каркас ажлын хөлс гэж бичигдсэн байдаг. 2014.10.24-ний өдөр П.Хишигсүрэн, Төмөрттранс ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээний 3.4-т тайлбар хэсэгт "Тус гэрээ болон гэрээний дүн нь барилгын ажлын хөлсний баталгаа болно." гэсэн зохицуулалт байсан учир мөнгөө ажлын хөлс гэдгээр буцааж авч байсан болно. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

П.Хишигсүрэн нь Төмөрттранс ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2014 онд 2 орон сууц, автомашины 2 зогсоолын төлбөрт өгсөн нийт 145.490.000 төгрөгөөс буцааж авсан 27.800.000 төгрөгийг хасаж үлдэх 117.690.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага тавьсан /хх1-ийн 25-27/ байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...145.490.000 төгрөг аваагүй...” гэж маргаж, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл /хх1-ийн 156/ гаргажээ. 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангахдаа сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.  

П.Хишигсүрэнгийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн  магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.    

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-нд хариуцагч талаас гарын үсэг зурагдаж, баталгаажсан байх тул уг гэрээг хоёр шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн нь  Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-г зөрчөөгүй байна. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзвэл зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээг биелүүлэх үүрэгтэй.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээний зүйлийг шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэг хүлээнэ. 

П.Хишигсүрэн нь гэрээний төлбөрт 145.490.000 төгрөгийг Төмөрттранс ХХК-д төлсөн гэж  2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “кассын орлогын ордер” /хх1-ийн 8/-г шүүхэд ирүүлсэн боловч уг баримтаар нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул гомдлыг хангах боломжгүй байна. 

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнийг хариуцагчид эсхүл түүний заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгохдоо давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ. Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл хууль, гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгнө. Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 185 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батбүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 746.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

                                     ШҮҮГЧ                                                           Б.УНДРАХ