Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 302/ШШ2025/01095

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 302/ШШ2025/01095

Б аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол ....  хаягт үйл ажиллагаа явуулах, Л.ББСБ ХК (гүйцэтгэх захирал Ц.У)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дугаар багт оршин суух, Б сарик овогт Ж.А холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 120,972,533.01 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 120,984,533.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Л.ББСБ ХК нь хариуцагч Ж.А д холбогдуулан FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 120,972,533.01 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 120,984,533.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Ж.А нь Л.ББСБ ХК-ийн LendMN аппликейшнийг ашиглаж 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн.

1.2.Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг.

1.3.Үүний дагуу зээлдэгч Ж.А нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 2 удаагийн хүсэлтээр 101,300,000 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд:

1.2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 99,900,000 төгрөг

2.2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 1,400,000 төгрөгийг тус тус авсан байна.

1.4.Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар FLEXI BUSINESS зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,400,254 төгрөг, зээлийн хүү 4,599,746 төгрөг төлсөн байна.

1.5.Зээлийн гэрээний 4.7.1-т Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарьт заасан сар бүрийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр тухай бүх эргүүлэн төлнө, 4.7.5-т Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана 6.2.1-т Зээлдэгч нь Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буй зээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл марган журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоосон хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдох шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилаагүй.

1.6. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар FLEXI BUSINESS зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 99,899,746 төгрөг, зээлийн хүү 21,072,787.01 төгрөг, нийт 120,972,533.01 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд хариуцагч Ж.Атай байгуулсан FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх зээлийн гэрээний үүрэгт 120,972,533.01 төгрөг, нотариатын зардалд 12,000 төгрөг, нийт 120,984,533.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Ж.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ж.А би нэхэмжлэгч Л.ББСБ ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч Ж.А би Л.ББСБ ХК-аас авсан зээл авсан маань үнэн бөгөөд зээлийн төлбөрөө төлж чадаагүй байсан. Одоо тус байгууллагын надаас нэхэмжилж байгаа зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99,899,746 төгрөг, зээлийн хүү 21,072,787.01 төгрөг, нийт 120,972,533.01 төгрөгийг би төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.

2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 15:00 цагаас шүүх хуралдаан товлогдсон болохыг мэдсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг болон эрх үүргээ ойлгож мэдлээ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Л.ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.А д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15:00 цагаас товлосон бөгөөд шүүх хуралдаанаас өмнө хариуцагч Ж.А нь Л.ББСБ ХК-ийн нэхэмжилсэн FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 120,972,533.01 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 120,984,533.01 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.Нэхэмжлэгч Л.ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762,873 төгрөгийн тал 381,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 381,436 төгрөг, мөн хариуцагч Ж.Агаас 381,436 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.ББСБ ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

1.Хариуцагч Ж.А нь FLEXI BUSINESS зээлийн шугам буюу зээлжих эрх нээх гэрээний үүрэгт 120,972,533.01 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 120,984,533.01 (нэг зуун хорин сая есөн зуун наян дөрвөн мянган таван зуун гучин гурван төгрөг нэг мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Л.ББСБ ХК-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762,873 (долоон зуун жаран хоёр мянган найман зуун далан гурван) төгрөгийн тал 381,436 (гурван зуун наян нэгэн мянган дөрвөн зуун гучин зургаан) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас 381,436 (гурван зуун наян нэгэн мянган дөрвөн зуун гучин зургаан) төгрөг, мөн хариуцагч Ж.Агаас 381,436 (гурван зуун наян нэгэн мянган дөрвөн зуун гучин зургаан) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК