Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 148

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч К.Семихаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шыбарайгыр овогт Кенсерийн Семихаанд холбогдох эрүүгийн 1807002760114 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 24 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УР73070415 дугаартай, Шыбарайгыр овогт Кенсерийн Семихаан.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч К.Семихаан нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнийн 21-22 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 27 дугаар 1 тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн хашааны цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж улмаар амины орон сууцны 1 дүгээр давхарын салхивчаар дотогш нэвтрэн байшин дотроос 2 ширхэг 168,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуур, байшингийн үүдний тамбур дээр байсан гэх 1 ширхэг 40,000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг нууцаар хууль бусаар бусдын орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр үйлдэж хохирогчид 208,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Семихааны өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хоёр хүний хамт архи уусан. 22 цагийн орчим согтуу байхдаа Болормаагийн хашаанд нэвтэрч, байшингийн нэг давхарын салхивчыг онгойлгон орж, цахилгаан халаагуур 1 ширхэг, таампарын дээр байсан лед гэрэл зэргийг авсан. Тухайн эд зүйлсийг гэртээ авч ирж хадгалсан. Би согтуу байсан учир өглөө нь босч ирээд хулгай хийснээ мэдсэн. 2-3 хоногийн дараа цагдаад баригдсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Болормаагийн өгсөн “Би Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 27 дугаар гудамж 01 тоотод өөрийн хашаа байшинтай юм. Тэнд хүн байдаггүй юм. Би өдөр болгон явдаг юм. 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хашаагаараа эргэх гээд орсон юм. Тэгээд эд зүйлээ шалгаж үзээд явж байтал байшингийн дээвэр дээр байсан лед гэрэл алга болсон байсан. Тэгээд нэг давхарт байсан хайрцагтай 2 ширхэг тени байсан алга болсон хайрцаг нь байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн.

...би гомдол санал юм байхгүй, нэхэмжлээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-16 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч, иргэний нэхэмжлэгч Р.Түмэнжаргалын өгсөн “2018 оны 4 дүгээр сарын сүүлээр байх манай хороонд байдаг Гоко гэж дууддаг жинхэнэ нэрийг нь Семихаан гэдэг юм. Тэр залуу Налайх дүүргийн 3 дугаар хороо Дэнжийн 8 дугаар гудамж 3335 тоот хашаанд байж байтал өдөр 13 цагийн үед ирээд ганцаараа ирсэн. Тэгээд Лед гэрэл хямд зарчихмаар байна та авчих гээд гуйгаад байсан, тэгээд би үзээд 6,000 төгрөгөөр худалдаж авсан. Би өөрийнх нь л юм байх гэж бодсон. Хэн энийг хулгайн юм бариад явж байна гэж бодох билээ.

...Одоо надад гомдол бол байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22-24 дүгээр тал/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 04-06 дугаар тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл,

/хх-ийн 07-12 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 59 дүгээр тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,

/хх-ийн 60 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 63 дугаар тал/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 64-67 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч К.Семихаан нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны шөнийн 21-22 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Туулын 27 дугаар 1 тоотод оршин суух иргэн Б.Болормаагийн хашааны цоожийг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж улмаар амины орон сууцны 1 дүгээр давхарын салхивчаар дотогш нэвтрэн ширхэг 168,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуур, байшингийн үүдний тамбур дээр байсан гэх 1 ширхэг 40,000 төгрөгийн үнэ бүхий Лед гэрлийг нууцаар хууль бусаар бусдын орон байранд нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүйгээр үйлдэж хохирогчид 208,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Болормаа, гэрч, иргэний нэхэмжлэгч Р.Түмэнжаргал, шүүгдэгч К.Семихааны яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.

Шүүгдэгч К.Семихааны хүн байнга амьдрах зориулалттай Б.Болормаагийн  орон байранд нэвтэрч 208.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч К.Семихаан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийн тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан К.Семихаан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас К.Семихааныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

Учир нь шүүгдэгч К.Семихаан нь хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн ба энэ нь хохирогч Б.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...би гомдол санал байхгүй, нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч К.Семихаан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шыбарайгыр овогт Кенсерийн Семихааныг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан К.Семихаанд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, К.Семихаан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К.Семихаанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.                              

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ