Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 207/МА2020/00022

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ******* ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 277.352.600 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ёндонжамцийн Бямбацогтын *******гаас хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, Н.Тэрбиш, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие ******* ХХК-нд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1 кг ноосыг 3450 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохирч 1 сарын хугацаанд шинэ хяргалтын хонины ноосыг бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан билээ. Ингээд гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шинэ хяргалтын хонины ноосыг хугацаанд нь бэлтгэн нийлүүлж нийт 255.000 тн ноосыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгсөн болно. Гэтэл уг компани ноосны үнэ үлдэгдэл 288.502.600 төгрөгийг төлбөр зохих хугацаанд төлөхгүй цувуулж 10 гаран удаа биеэр ирж хэлж үг болж байж 35.000.000 авч үлдэгдэл 258.002.600 төгрөгийг одоо болтол авч чадахгүй маш их хохирч байна. ******* ХХК нь надад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 258.002.600 төгрөгийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр багтааж барагдуулна. Үүнээс хойш хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар алданги нэмж тооцон төлнө гэж баталгаа гаргаж өгсөн боловч дахин худал амлаж хууран мэхэлж чирэгдэл учруулж байна. Иймд ******* ХХК-аас ноосны үндсэн төлбөр 258.002.600 төгрөг, баталгаанд заасан хугацаа хэтрүүлсэн алданги хоногийн 1.290.000 төгрөгийг 60 хоногоор тооцоход 19.350.000 төгрөг, нийт 277.352.600 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь иргэн Цэрэнбатын Чимэдбавуугаас 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 115508 килограмм ноосыг 3450 төгрөгөөр худалдан авахаар урьдчилан тохиролцсон. Иргэн ******* худалдан авах эцсийн шийдвэр гаргаагүй байтал Орхон аймагт өөрийн зардлаар ноосоо тээвэрлэн ирүүлсэн. Гэтэл манай компани дээрх ноосыг худалдан авах шаардлагагүй болсон тул энэ тухайгаа тухайн үед *******д мэдэгдсэн бөгөөд ******* үүнийг хүлээн зөвшөөрч өөр худалдан авагч олж өгөөч гэж компанийн захирлаас гуйсан. Н.Ариунаа нь манай компанитай ноос худалдан авдаг байсан, мөн ноос худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан иргэн Батаагийн Оргилтой холбогдож ноос худалдан авах эсэх талаар лавлахад Б.Оргил нь ноосыг хүлээн авахдаа үнийг төлнө гэсний дагуу *******гийн ноосыг хоёр удаагийн ачилтаар авсан ба хоёр удаагийн ачалтын ноосны үнийг тухай бүрт нь худалдагч *******гийн Хаан банкны 5890565390 тоот дансанд Б.Оргил төлсөн байсан. Иймд компани болон ******* нарын хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй. Харин компанийн захирал Н.Ариунаа нь худалдан авагч Б.Оргил худалдагч ******* нарыг холбон өгч зуучилсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ё.Бямбацогт нь эхнэр Н.Ариунаатай 1990 онд гэр бүл болсон. Эхнэр Н.Ариунаа нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би 2010 онд Товуухорол гэдэг ламаас Гүрдаваа ренбүчийгийн амьд байхдаа эдэлж байсан хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг авсан бөгөөд уг хөөрөг нь миний өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл ******* нь уг хөөргийг ноосны үнэ төлсөнгүй гэх үндэслэлээр хууль бусаар авч байсан байгаа нь өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байна. ******* нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ноосны үнэ гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Ийнхүү нэхэмжлэл гаргасан атлаа хөөргийг маань буцааж өгөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар *******гийн хууль бус эзэмшлээс миний хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан ******* ХХК-иас ноосны үлдэгдэл төлбөр 233.002.600 төгрөг, алданги 19.350.000 төгрөг, нийт 252.352.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан *******гаас түүнд хадгалагдаж буй Ё.Бямбацогтын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогтод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.600.463 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 254.700 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1.419.713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д, *******гаас 70.200 төгрөг гаргуулан Ё.Бямбацогтод тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ нь мөн хуульд зааснаар амаар байгуулагдаж болох бөгөөд хариуцагч ******* ХХК нь өөрийн нэрийн өмнөөс иргэн *******д ноос худалдан авах санал гаргаагүй, нөгөө талаас ноосны үнийн талаар харилцан тохиролцоогүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, харин тухайн үед Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ариунаа нь ноосыг иргэн Б.Оргилд хүлээлгэн өгснийхөө дараа *******д баталгаа, тодорхойлолт, хэлцэл гэх мэт баримтуудад гарын үсэг зурж өгсөн байдаг ба энэ баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар хэлцэл нь иргэний эрх, үүрэгийг үүсгэх, өөрчлөх шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэж хүсэл зоригоо илэрхийлэх идэвхитэй үйлдэл эс үйлдэхүй хийсэн байхыг ойлгохоор заасан. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр болох ба ******* ХХК нь ноос худалдан авах, үнийг тохиролцох талаар *******тай ярилцаагүй, тохиролцоогүй, харин Гүйцэтгэх захирал Н.Ариунаа нь уг асуудлаар *******тай ярилцаад үнэ тохиролцоогүй тул хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40.2.-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Ийнхүү тухайн үед Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Ариунаа нь иргэн *******гийн зөвшөөрсний дагуу түүний ноосыг Оргилд худалдахад нь зуучилж өгсөн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч ******* нь Оргилоос ноосны үнэ болох төгрөгийг өөрийн болон дүүгийнхээ дансаар хүлээн авсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д заасан гэрээ байгуулагдсан, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах саналыг нөгөө тал татгалзсан хариу өгснөөр гэрээний шинэ санал гардаг тухай 195.1, 195.2, 195.3, 195.7-д тус тус заажээ. Гэтэл ******* ХХК ноосны үнийн талаарх тохиролцоогүй тул Гүйцэтгэх захирал Н.Ариунаа нь тухайн ноосыг өөр этгээдэд худалдахад нь нэхэмжлэгч *******д тусалж, Оргилд ноосыг шилжүүлсэн, Оргил үнийг нь төлж байсныг анхааралгүй, Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэж, хэрэглэх ёстой зүйл, заалтыг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үндэслэл бүхий болж чадаагүй байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасныг шүүх хэрэглээгүй байх ба Н.Ариунаа *******д ноос худалдан авах санал гаргахдаа компанийн нэрийн гаргасан эсэх, компанийн хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан эсэх, хожим нь нэхэмжлэгч *******д баталгаа, хэлцэл, тодорхойлолт гэх мэт баримтуудыг үйлдэхдээ Компанийн тухай хуульд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг эдэлж байсан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг гардан авах эрхийг олгохдоо компанийг төлөөлөх эрхтэй байсан эсэх, компанийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан эрх хэмжээний хүрээнд дээрх баримт бичгийг үйлдсэн эсэх, энэ нь компанид гэрээний дагуу эрх, үүрэг үүсгэх эсэхийг тогтоож, улмаар Компанийн хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэх, ******* ХХК нь иргэн *******гийн өмнө үүрэг хүлээсэн эсэхийг зайлшгүй тогтоох учиртай байтал өмгөөлөгч миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Иймээс Компанийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй болох нь тогтоогдож байна.

Мөн өмгөөлөгч миний бие 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газарт өөрийн үйлчлүүлэгч Д.Даваадоржид холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүн амины хэргийн байцаалтанд оролцсон ба түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулсан даруй Прокурорын ялладагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14 цаг 30 минутанд хэлэлцэж эхэлсэн. Уг хуралдаанд оролцож байгаа тухай шүүхэд хүсэлтээ бичгээр хүргүүлсэн ба шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, улмаар миний үйлчлүүлэгч болох ******* ХХК-иас 252.352.600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь миний үйлчлүүлэгчийн өмгөөлөгчийн туслалцаа авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн төдийгүй, өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцож үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хязгаарласан. Ингэснээрээ анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч болох миний мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан шүүх хуралдаанд тайлбар гаргах, 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох, 25.1.3-т зааснаар шүүх хурапдааныг хойшлуулах хүсэлт гаргах, 25.1,4-т зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргах, 25.1.5-д зааснаар шүүх хуралдаанд оролцогчдод асуулт тавих, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 107 дугаар зүйлийн 107.2,107.3,107.4-д тус тус зааснаар мэтгэлцэх боломжийг хязгаарлаж, улмаар хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

Өмгөөлөгч миний бие хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолд заасан Н.Ариунаа болон Оргил нарын хооронд байгуулагдсан шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын дэмжлэггэйгээр байгуулагдаж улмаар шүүгчийн захирамж гарсан гэх эвлэрлийн гэрээ, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас гаргуулан хэрэгт хавсаргуулах хүсэлт гаргасан ба уг эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамжийг надад танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч болох хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох хэсэгтээ тусгаагүй илт алдаатай шийдвэр болсон байна. Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-т зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрддэг ба мөн хуулийн 118.3-т зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт заагаагүй нь уг заалтыг зөрчиж байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 142/Ш32018/03886 дугаартай захирамжаар зохигчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн ба ингэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул оролцож байгаа мэтээр, ийнхүү оролцохдоо сөрөг нэхэмжлэл гаргасан мэтээр зааж, улмаар хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, улмаар захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэгчийн гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан н.Цэрэнбатыг шүүх оролцуулах хүсэлтийг хангасан атлаа уг захирамжийн дагуу оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 зүйлийн 118.5-д зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэх учиртай. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн төлсөн 1.600.463 төгрөгийг төрийн санд үлдээхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх боломжгүй шийдвэр болсон байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* ноосны төлбөр 258.002.600 төгрөг, алданги-19.350.000 төгрөг нийт 277.352.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогт нэхэмжлэгч *******гаас хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулах тухай нэхэмжлэл тус тус гаргасан ба шүүх 252.352.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, *******гаас түүнд хадгалагдаж буй Ё.Бямбацогтын хуучны шүрэн толгойтой, алтан нуухтай 13 орчим см өндөртэй халтар манан хөөргийг гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогтод олгож шийдвэрлэжээ.

Шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн захирал Н.Ариунаа нар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хонины ноосны төлбөрийг хийх боломжгүй болсон тул иргэн Б.Оргилд шилжүүлсэн бөгөөд төлбөр 288.502.600 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд багтаан барагдуулах шаардлагатай, заасан хугацаанд төлбөрийг барагдуулахгүй, хугацаа хэтрүүлсэн бол ноосыг эргүүлэн татах, хуулийн байгууллагад хандах арга хэмжээ авна болно гэж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... ноосны төлбөр 258.002.600 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 20-нд төлж барагдуулах бөгөөд төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол барагдуулаагүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги нэмж тооцох болно гэж харилцан тохиролцсоноор талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх дүгнэлт хийсэн атлаа Н.Ариунаагийн төлсөн 25.000.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон, Баталгаа гэх бичгийн алданги тооцохоор заасан хэсэг нь бичгээр хийсэн, хуульд заасан хэмжээнээс хэтрээгүйгээс гадна Н.Ариунаа нь Б.Оргилоос ноосны үнэ 280.760.570 төгрөг, алданги 19.350.000 төгрөг гаргуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн захирамжаар баталгаажсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Ариунаад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба шүүх ******* ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч компанийн эрх зүйн байдлыг тодорхойлсон баримт, Гүйцэтгэх захирал Н.Ариунаад олгогдсон эрх, үүргийг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч оролцуулах тухай хүсэлтийг гэрч Н.Ариунаа нь хэргийн зохигч гэж тодорхойлж гэсэн дүгнэлт хийж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан уг хэрэгт гэрч оролцуулах тухай хүсэлтийг шүүх 2018 оны 09 дүгээр сарын 14-ниы өдрийн 142/ШЗ2018/03886 дугаар захирамжаар хангаж, гэрч Ч.Цэрэнбатыг оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, бие даасан шаардлага гаргасан этгээдийн гаргасан нэхэмжлэлийн хувь хүлээн авч, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ё.Бямбацогт нэхэмжлэгч *******гаас шүрэн толгойтой, халтар манан хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргахдаа хөөрөгний үнийг тодорхойлоогүй, улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг тушаасан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.1.2.-д заасныг тус тус зөрчжээ.

Нэхэмжлэгч ******* ноосны үнийн төлбөрт хариуцагч ******* ХХК-иас 400.0 сая гаруй төгрөг шилжүүлж авч байсан гэх тайлбар шүүх хуралдаанд гаргасан, Н.Ариунаа 30.000.000 төгрөг, Б.Оргил 90.000.000 төгрөг тус тус төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх ба худалдан авсан ноосны үнээс төлөгдсөн нийт 145.000.000 /110.000.000+35.000.000/ төгрөгийг хариуцагч компани эсхүл Н.Ариунаа нарын хэн нь төлсөн болох нь тодорхойгүй, мөн тус компаний 2017 оны санхүүгийн баримтанд уг ноосны төлбөр хэрхэн тусгагдсан байдал, талууд санхүүгийн тооцоо хийсэн талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан ... шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй, өмгөөлөгч миний шүүх хуралдаанд биечлэн оролцож үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү? гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/01524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.419.713 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ