| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2406000004062 |
| Дугаар | 2025/ДШМ/758 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/758
2025 06 18 2025/ДШМ/758
Г.О холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга /цахимаар/,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/759 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнхтулгын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр Г.О холбогдох 2406000004062 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв
Г.О,
Г.О нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” захын ойролцоо байхдаа хохирогч О.Лүл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь зүүн гарын ядам, чигчий хуруунд шарх, бүсэлхийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнхтулга давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй юм. Харин хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл хохирогч О.Л нь нөхөр Э.Энхтөр, дүү Б.Батноров, түүний найз н.Тэргүүнманлай нарын хамтаар 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Да хүрээ” зах дээр тээврийн хэрэгсэл худалдан авах зорилгоор очсон бөгөөд Э.Энхтөр нь тээврийн хэрэгслээ ойролцоох зогсоолд байрлуулаад Б.Батноров н.Тэргүүнманлай нарын хамтаар тээврийн хэрэгсэл худалдаж авахаар явж, хохирогч О.Л машиндаа үлдсэн байна. Энэ үед шүүгдэгч Г.О нь өөрийнх нь өмчлөлийн зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулсан мэтээр хохирогчтой маргалдах үедээ түүнийг “..чи миний талбай дээр зогсоосон байна, наад машинаа гарга пиздаа минь, юу гээд хуцаад байгаа юм бэ” гэж хохирогчийг хэл амаар доромжилж, түүний эсрэг санаатай өдөөн хатгалт хийж, маргалдах явцдаа, мөн хохирогчийн зүгээс хийсэн довтолгоон дууссаны дараа хохирогчийг түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч Г.Оыг хохирогчид зүй ёсны шаардлага тавьсан, тухайн шаардлагыг хохирогч биелүүлэхгүй шууд шүүгдэгчийн эсрэг халдлага довтолгоон хийсэн мэтээр хэргийн бодит байдалтай нийцээгүй хэт нэг талыг барьж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын шинжтэй гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/759 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Г.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос Г.Оыг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” захын ойролцоо байхдаа хохирогч О.Лүл ялих зүйлээс болж маргалдах явцдаа түлхэж унагасны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Г.Оын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тухайлбал, анхан шатны шүүх “......О.Лгийн зүүн гарын ядам, чигчий хуруунд шарх, бүсэлхийн доод хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14349 тоот шинжээчийн дүгнэлт /хх-24-25/ болон хохирогч О.Лгийн “... тэр хүн “чи миний талбай дээр зогсоосон байна, наад машинаа гарга пиздаа минь, юу гээд хуцаад байгаа юм бэ гэж хэлэхээр миний уур хүрээд тэр ах дээр очоод “чи намайг доромжилдог хэн бэ” гэж хэлээд тэр ахыг би цохиж авсан юм. Тэгтэл тэр ах намайг зөрүүлээд цохиж авахад би ар нуруу хэсгээр газарт унасан юм. ...” /хх 9/, сэжигтнээр Г.Оын “...намайг цохихоор нь “цаашаа бол” гээд барьж аваад түлхээд унагаасан. ...” /хх16-17/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан хүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг зайлшгүй үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, өөрийн буруутай буюу хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч довтлогч этгээдийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэж, халдлага ирүүлэх суурь нөхцөл шалтгааныг бий болгож, улмаар довтолгоон ирүүлэхэд хариу үйлдэл хийснийг хуурамч хамгаалалт гэх бөгөөд аргагүй хамгаалалтад үл тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.
Иймд прокурор Б.Мөнхтулгын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/759 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/759 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Г.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ