Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 000149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат

Шүүгдэгч Ж.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн 1825001160117 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Дорноговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Ж-ийн Ц /

Шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг хүнсний захын гадна явж байсан М.Б-ийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ж.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хохирогчийн малгайг дээрэмдээгүй. Өөрөө зараад өг гээд надад өгсөн. Би малгайг явуулын хүнд10.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хамт архи уусан.  Б,Б бид гурваас гадна хоёр хүн байсан.Тэгээд Б яваад өгсөн. 4-14 дүгээр байрны орцны жижүүр хийдэг байхад нь Б-ыг таних болсон. Би гэм буруугүй, дээрэм хийгээгүй гэв.

-Хохирогч М.Б-ийн: ...2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Хүлэг хүнсний захын орчим явж байсан чинь үл таних хүн миний булган малгайг аваад зугтаасан юм. Тухайн үед би захаар сурагласан чинь Жоожоо гэж хүмүүс яриад байсан гэсэн мэдүүлэг /хх 6 ху/

-Гэрч Л.Д-ын: ...01 дүгээр сарын сүүлээр би өөрийн хүү Б-ийн группын тэтгэврийн мөнгийг ХААН банкнаас аваад мөнгөөр нь хүү Бт бараан захаас 180.000 төгрөгөөр эрэгтэй хүний булган малгай авч өгсөн. Би дэлгүүрт бараа үзэж яваад удсан болохоор хүү Быг гэр рүүгээ явчихсан байна гэж бодоод шууд гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь хүү Б зах дээр явж байгаад малгайгаа дээрэмдүүлчихлээ гээд сууж байсан. Тэгэхээр нь хаана хэнд дээрэмдүүлсэн юм бэ? гэсэн чинь зах руу орох гэж байсан чинь миний араас нэг хүн малгайг маань шүүрч аваад Хүлэг зах руу орсон гэсэн. Уг малгайг алдсан өдөр нь бараан захаас 180.000 төгрөгөөр дөнгөж худалдаж аваад өмсөөд явж байсан юм  гэсэн мэдүүлэг /хх 11 ху/

-Гэрч Б.Б-ын: Миний танил Жоожоо буюу Ц гэж ах өнөөдөр надтай таараад чамайг цагдаагийн газраас дуудаж магадгүй шүү. Ах нь нэг хэрэгт холбогдоод байгаа юм, чамтай хамт байсан гээд хэлчихсэн. Чи байцаагч дээр очоод намхан нуруутай бор царайтай ах Жоожоо ахад өөрөө малгайгаа 10.000 төгрөгөөр зараад ир гэж өгсөн. Жоожоо ахад малгайгаа өгөхөд нь би хажууд нь харж байсан, Жоожоо ах нөгөө хүний малгайг Хүлэг зах руу авч ороод 10.000 төгрөгөөр зарж гарч ирээд бид нар мөнгөөр нь дэлгүүрээс архи авч хувааж уугаад заруулсан ах явсан гээд хэлчих гэсэн. Би байгаагүй тийм юм мэдэхгүй. Ц ах намайг байсан харсан гээд хэлчих гээд  байсан юм. Нөгөө хүн нь ямар хүн байгааг ч мэдэхгүй. Ц ах эхнэртэйгээ хамт яваад байдаг намхан бор хүн гэж хэлээрэй гээд байсан  гэсэн мэдүүлэг /хх 13 ху/

- Гэрч Н.Насанжаргалын: Сая танд намайг зааж өгсөн эгч бол цагаан сарын өмнө эмэгтэй хүний булган малгайг 165.000 төгрөгөөр, эрэгтэй хүний булган малгайг 180.000 төгрөгөөр  тус тус худалдаж авсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/

-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон  Лэндс ХХК-ийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ОЦ/18/45 тоот булган малгайны үнэлгээ 180.000  төгрөг гэх дүгнэлт  /хх 23-24 ху/

 

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/

 

-Ж.Цыг яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 31-33 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч Ж.Цын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна.

Иймд шүүгдэгч Ж.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүлэг хүнсний захын гадна явж байсан М.Б-ийн булган малгайг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Б-ийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Хүлэг хүнсний захын орчим явж байсан чинь үл таних хүн миний булган малгайг аваад зугтаасан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Д-ын 01 дүгээр сарын сүүлээр би өөрийн хүү Б-ийн группын тэтгэврийг Хаан банкнаас аваад мөнгөөр нь хүү Бт бараан захаас 180.000 төгрөгөөр эрэгтэй хүний булган малгай авч өгсөн. Би дэлгүүрт бараа үзэж яваад удсан болохоор хүү Быг гэр рүүгээ явчихсан байна гэж бодоод шууд гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь хүү Б зах дээр явж байгаад малгайгаа дээрэмдүүлчихлээ гээд сууж байсан гэсэн мэдүүлэг,  гэрч Н.Насанжаргалын танд намайг зааж өгсөн эгч бол цагаан сарын өмнө эмэгтэй хүний булган малгайг 165.000 төгрөгөөр, эрэгтэй хүний булган малгайг 180.000 төгрөгөөр  тус тус худалдаж авсан гэсэн мэдүүлэг,  ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Ц нь... Би хохирогчийн малгайг дээрэмдээгүй. Өөрөө зараад өг гээд надад малгайгаа өгсөн гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй бөгөөд гэрч Б.Б-ын... Миний танил Жоожоо буюу Ц гэж ах өнөөдөр надтай таараад чамайг цагдаагийн газраас дуудаж магадгүй шүү. Ах нь нэг хэрэгт холбогдоод байгаа юм, чамтай хамт байсан гээд хэлчихсэн. Чи байцаагч дээр очоод намхан нуруутай бор царайтай ах Жоожоо ахад өөрөө малгайгаа 10.000 төгрөгөөр зараад ир гэж өгсөн. Жоожоо ахад малгайгаа өгөхөд нь би хажууд нь харж байсан, Жоожоо ах нөгөө хүний малгайг Хүлэг зах руу авч ороод 10.000 төгрөгөөр зарж гарч ирээд бид нар мөнгөөр нь дэлгүүрээс архи авч хувааж уугаад заруулсан ах явсан гээд хэлчих гэсэн гэх мэдүүлэг / хх 13 ху /, хохирогч М.Б-ийн... 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах Хүлэг хүнсний захын орчим явж байсан чинь үл таних хүн миний булган малгайг аваад зугтаасан  гэх мэдүүлгүүд нь шүүгдэгчийн гэм буруутайг давхар нотлож байна.

 

Шүүгдэгч Ж.Цын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Цад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх, хохирол төлбөрөө төлөөгүйг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Цаас 180.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Бт олгох нь зүйтэй.

           Харин шүүгдэгчийн цалин орлого, хувьд оногдох эд хөрөнгө, хохирол төлөх боломжийг нотлох ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд хийгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүх тогтоох боломжгүй байна.

 

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ж-ийн Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цыг  6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цад оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.  Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ж.Цаас 180.000 төгрөг гаргуулан хохирогч / М.Бт олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ