Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 149

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,

улсын яллагч Б.Энхмэнд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

хохирогч Б.Норжмаа,

шүүгдэгч Т.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас газраас Их богдынхан овогт Төмөрдагвагийн Дуламсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003750137 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, нийгмийн ажилтан, сэтгэл судлаач мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 353 дугаар ангид радио телефончин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Налайх дүүргийн 01 дүгээр хороо, Өвөршандын 12 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, урьд ял шийгэлгүй, регистрийн ВБ89091002 дугаартай, Их богдынхан овогт Төмөрдагвагийн Дуламсүрэн.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Дуламсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Б.Норжмаатай маргалдан улмаар түүнийг хөлөөрөө жийж өшиглөн зүүн шууны богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дуламсүрэнгийн өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 27-ны шөнө би “Эргэн дурсахуй” бааранд найзуудтайгаа орсон. Тэр үеэр буюу шөнийн 04 цагийн үед хохирогч болох Б.Норжмаа найзуудтайгаа орж ирсэн. Тэнд ороод бид нэг, нэг шил пиво ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Би бүжиглэж байхдаа хохирогчтой шүргэлцсэн юм. Хохирогч намайг түлхэх гэхээр нь би эргүүлээд хохирогчийг өшиглөсөн. Тэгэхэд хохирогч хойшоогоо унахдаа гараа дарж унаад гараа хугалсан байсан. Би хохирогчийг гараа хугалсаныг мэдээд бариач дээр эсвэл эмнэлэгт очиж үзүүлэхүү гэж асуухад хохирогч зөвшөөрсөн. Түүний дараагаар хохирогчийн найз нь цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Норжмаагийн өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагт найз Б.Өнөржаргал, Д.Эрдэнэцэцэг гэсэн хоёр найзтайгаа “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэгээд ороод бид гурав нэг, нэг шил пиво захиалж амсаад бүжгийн талбайд гарсан. Намайг бүжиглэж байхад шүүгдэгч  мөн адил бүжиглэж байсан. Тэгтэл шүүгдэгч миний нэг танилтай маргалдаж, үл ойлголцох асуудал гаргахаар нь манай найз тэднийг салгасан. Намайг бүжиглэж байхад нэг хүн нуруугаараа түлхээд байхаар нь би “та яагаад байгаа юм бэ” гэж хэлээд түлхсэн. Тэгээд хэсэг хугацааны дараагаар намайг бөгсөөрөө түлхэхээр нь би “Чи яаж бүжиглээд байгаа юм бэ” гээд шүүгдэгчийн мөрөнд нь хүрэхэд шүүгдэгч надад “Юу гэнээ аниагийн дүү, миний дүү амжихгүй шүү” гээд толгойн дээр гараа тавиад байсан. Би Т.Дуламсүрэнд хандаж “Яаж байгаа юм бэ” гээд гараараа зангахад намайг өшиглөсөн. Би унахдаа гараа эвгүй болгочихоод босч ирсэн. Намайг босоход миний гар маш их өвдөж байсан тул би гар өвдөөд байна гэж найздаа хэлтэл, манай найз хамгаалагчид хандаж “Энэ хүний гарыг гэмтээчихлээ, наад хүмүүсээ битгий гарга” гэж хэлэх нь сонсогдсон. Би найзуудтайгаа гараад байж байтал баарны гадаа шүүдэгчтэй уулзахад надад “Би тамирчин учраас мэдэж байна. Чиний гар хугарсан биш, бугуй нь гэмтсэн байна. Хамт явж бариач дээр очье” гэж хэлсэн. Тэр хооронд манай найз цагдаа дуудсан байсан. Тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Эрдэнэцэцэгийн өгсөн “2018 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 02 цаг өнгөрч байхад “Эргэн дурсахуй” бааранд найз Өнөржаргал, Норжмаа нартай орж пиво ууцгааж байгаад би гадагшаа гарчихаад буцаад ортол Норжмаа газар уначихсан “гар өвдөөд байна” гэж байсан. Тэр үед 03 цаг өнгөрч байсан байх “яасан” гэхэд “гар хугарчих шиг боллоо, энэ хүүхэн өшиглөөд унагаачихсан гэж Дуламсүрэн гэх хүүхнийг зааж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өнөржаргалын өгсөн “...Норжмаа бид 2 босож бүжгийн талбай руу очоод бүжиглэж байхад Норжмаа нэг хүүхэнтэй муудалцах шиг болохоор нь би очиж дундуур нь орж салгах үед тэр хүүхний хөл миний хажуугаар орж ирж Норжмааг жииж арагш нь унагаасан. Тэгэхэд Норжмаа “гар эвгүй болчихлоо өвдөөд байна гэхэд нь харахад зүүн гар нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.Болорцэцэгийн өгсөн “...Тэгээд 04 цагийн орчим Дуламсүрэн, Азжаргал бид нар баарнаас гарахад Эрдэнэцэцэг гарч ирээд “Дуламсүрэн чи манай найзын гарыг эвгүй болгочихсон байна, та нар явж хэрэггүй цагдаад дуудна “ гэхээр нь буцаж бааранд ороход утасдаж цагдаа дуудсан. Хэрхэн муудалцаж, яаж зодож цохисоныг би хараагүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11-12 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Азжаргалын өгсөн “...Дуламсүрэнг бааран дотор хэн нэгэнтэй маргалдаж муудаж байгааг хараагүй, би бүжгийн талбай руу огт бүжиглээгүй, ширээн дээр сууж байгаад согтоод унтчихсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №331 дүгээр:

  1. “Норжмаа-н биед зүүн шууны богтос ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.   
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          /хх-ийн19 дүгээр тал/

Шүүгдэгчийн хувийн байдал тодорхойлсон баримтууд,

/хх-ийн 31-32, 34-36, 38-43 дугаар тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 33 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

Хохирлын мөнгө төлсөн баримт,

/хх-ийн 59 дүгээр тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойололт /хх-ийн 60 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Т.Дуламсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 03 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд Б.Норжмаатай маргалдан улмаар түүнийг хөлөөрөө жийж өшиглөн унагаахдаа зүүн шууны богтос ясны далд хугарал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Дуламсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Т.Дуламсүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Т.Дуламсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Дуламсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Дуламсүрэнгээс 194,900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Норжмаад олгох ба хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Дуламсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Их богдынхан овогт Төмөрдагвагийн Дуламсүрэнг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Дуламсүрэнд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Дуламсүрэнд мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Дуламсүрэнгээс 194,900 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Норжмаад олгосугай.

6. Хохирогч Б.Норжмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Дуламсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Дуламсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ