Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/756

 

    2025            06            18                                        2025/ДШМ/756

 

Х.О холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Бат-Оргилын бичсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Х.О холбогдох 2509000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Х.О, 

Х.О нь мөрийтэй тоглож амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э.БСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Герман элчин сайдын яамны орчимд байх үед нь “...автомашин худалдан борлуулсан орлого болох 73.580.000 төгрөгийг шилжүүлчих, би өөрийн данснаас Ч.Бданс руу маргааш шилжүүлэн өгье...” гэж худал хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэл буюу Ч.Бтээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулдаг ажлын харилцааг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн гүйлгээгээр 73.580.000 төгрөгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны 530647 тоот дансаар авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Х.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилж, Х.Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.О оногдуулсан торгох ял биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Прокурор Г.Бат-Оргил давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Шүүх шийдвэртээ “...Х.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна” гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Эрүүгийн хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Залилах”, эсхүл “Хөрөнгө завших” зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой юм. Залилах эсхүл хөрөнгө завших гэмт хэргүүд нь дээр дурдсан нийтлэг шинжийг агуулах боловч гэмт этгээдийн санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ урьдаас сонгож авсан арга, мөн тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхтэй байсан эсэх эдгээр нь хэний эзэмшил, өмчлөлд байсан зэргээрээ ялгагдана. Тухайлбал хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч, эсхүл хууль ёсоор эзэмшигчийг хуурах, эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан, эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогдох бол дээрх үүргийг хүлээгээгүй этгээд өөрийн албаны чиг үүрэг эрх мэдлийг ашиглан бусдын эд хөрөнгийг өөрийн ба бусдын мэдэлд шилжүүлснээс гадна түүнийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авсан тохиолдолд залилах гэмт хэрэг гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

Иргэн Ч.Б нь хувиараа автомашин худалдан борлуулах ажил хийдэг байх бөгөөд 2023 оноос эхлэн Э.Б, Х.О нарыг өдрийн 70.000 төгрөгөөр цалинжуулан автомашин худалдан борлуулсан тохиолдолд түүнээс 200.000 төгрөгийг авахаар гэрээ хэлцэл бичгээр байгуулалгүйгээр, аман тохиролцооны үндсэн дээр цалинжуулан ажиллуулдаг байсан. Иргэн Ч.Б нь 2025 оны 01 дүгэзр сарын 03-ны өдөр гадаад улс руу зорчин явах ажлын улмаас өөрийн ажилтан болох Э.Бд автомашин худалдан борлуулах, худалдан авагч талд итгэмжлэл дээр үндэслэн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх, автомашин худалдан борлуулсан орлогыг өөрийн дансандаа шилжүүлэн авч, буцаан Ч.Бданс руу шилжүүлэхээр тохиролцон итгэмжлэл хийж үлдээсэн. Улмаар Э.Б, Х.О нар нь 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 85,000,000 төгрөгөөр Toyota Rav-4 маркийн автомашиныг худалдан борлуулж итгэмжлэлийн дагуу Э.Б нь тус мөнгөнөөс 73,580,000 өөрийн дансанд худалдан авагчаас шилжүүлэн авсан байх бөгөөд тухайн орой буюу 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой Х.О нь Э.Бэс автомашин худалдан борлуулсан орлогыг “би маргааш өглөө Ч.Бданс руу шилжүүлье, мөнгөө над руу шилжүүлчих” гэж хуурч, ажил хэргийн холбоо буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өглөө өөрийн данснаас Ч.Бданс руу шилжүүлэн өгөх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч мөрийтэй тоглоом тоглож тухайн мөнгийг захиран зарцуулж дуусгасны дараагаар буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 33.580.000 төгрөгийг дахин өөрийн эзэмшлийн Хаан банкны 5306305647 тоот данс руу шилжүүлэн авч, тус мөнгийг өөрийн хүсэл зоригийн дагуу хууль бусаар мэдэлдээ авах замаар эд хөрөнгөд эзэмшил тогтоож, улмаар захиран зарцуулж мөрийтэй тоглоом тоглосон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд иргэн Ч.Б, Х.О нар нь аман тохиролцооны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэдэг харилцаатай хүмүүс мөн боловч Ч.Баас Х.О тухайн үүргийг гэрээ, эрх зүйн баримт бичгийн дагуу итгэмжлэн хариуцуулж өгөөгүй, ямар нэгэн байдлаар үүрэг хүлээлгээгүй байна. Хохирогч Э.Бат-Эрдэнийн хувьд Ч.Б нь гадаад улс руу зорчин явах ажлын шаардлагаар автомашиныг эзэмшлийг бусдад шилжүүлэн өгөх, мөнгийг өөрийн хувийн дансанд авах зэрэг итгэмжлэлийг бичгээр хийж өгсөн нь Э.Б нь уг үүргийг биелүүлээгүй, хөрөнгийг завшсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зуйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субъект болж, гэмт хэргийн шинж хангагдана гэж үзнэ. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхдээ Х.О нь уг мөнгийг ашиглан мөрийтэй тоглоом тоглож өсгөх зорилгоор авсан үйлдлийг Э.Б мэдэж байсан хэмээн хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй эх сурвалж тодорхойгүй үйл баримтыг нэмж сэргээн дүрсэлсэн. Х.О нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Бт мөнгийг алдсан талаар хэлж мэдэгдсэн байгаа нь залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба шүүгдэгч Х.О нь Э.Бэс мөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан буюу гэмт хэрэг төгссөний дараа хийсэн үйлдэл нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөх шалтгаан нөхцөл болохгүй юм.

2. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас Ч.Бт эд хөрөнгөд хохирол учирсан байхад Э.Бхохирогчоор тогтоосон зөрчил гаргасан байна гэж дүгнэжээ. Прокуророос шүүгдэгч Х.О нь “Залилах” гэмт үйлдлийг хэрэгжүүлэхдээ буюу хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, төөрөгдөлд оруулах зэргээр мөнгийг шилжүүлэн авсан нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа буюу Э.Бзалилсан гэж үзэн түүнийг хохирогчоор тогтоон, Ч.Быг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зөрчөөгүй. Иймд прокуророос шүүгдэгч Х.Оын үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ, “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, харин анхан шатны шүүх итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийн эрхийг завшсан гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/878 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд Х.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Х.О нь мөрийтэй тоглож амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Э.БСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Герман элчин сайдын яамны орчимд байх үед нь “...автомашин худалдан борлуулсан орлого болох 73.580.000 төгрөгийг шилжүүлчих, би өөрийн данснаас Ч.Бданс руу маргааш шилжүүлэн өгье...” гэж худал хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэл буюу Ч.Бтээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулдаг ажлын харилцааг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 удаагийн гүйлгээгээр 73.580.000 төгрөгийг өөрийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны 6305647 тоот дансаар авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Х.Оыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Тухайлбал, Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангадаг.

Түүнчлэн, зарим тохиолдолд залилах гэмт хэргийн субъект нь хохирогчтой шууд харилцаа бий болгохгүйгээр тухайн хохирогчийн эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авч хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, эсхүл хохирогчоос тухайн эд хөрөнгийг гаргуулан авч чадах итгэл хүлээлгэсэн гуравдагч этгээдийг дээрх байдлаар төөрөгдүүлэн жинхэнэ хохирогчийн эд хөрөнгийг дам байдлаар зувчуулан авсан үйлдэл мөн энэ гэмт хэргийн шинжид нэгэн адил хамаарна.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.О нь хохирогч Э.Б“...автомашин худалдан борлуулсан орлого болох 73.580.000 төгрөгийг шилжүүлчих, би өөрийн данснаас Ч.Бданс руу маргааш шилжүүлэн өгье...” гэж худал хэлж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэл буюу Ч.Бтээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулдаг ажлын харилцааг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 73.580.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн дээрх шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан хохирогч Э.Бат-Эрдэнийн “... тухайн өдөр машин зараад машины мөнгө миний данс руу орж ирсэн. Ажил тарах үед Х.О холбогдоод “өнөөдөр зарсан машины мөнгөө ахынхаа данс руу хийчих, ах нь дансаа зузаатгах хэрэгтэй байна гэж хэлээд “би маргааш Батка ах руу чинь хийнэ” гээд эхлээд 73.580.000 төгрөг шилжүүлсэн.”, ...Х.О ахтай машин худалдан борлуулахад хамтран ажилладаг. Мөнгө төгрөгийн асуудал дээр би биечлэн явдаг байсан. ... Мөн надад итгэмжлэл хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 19-20/, иргэний нэхэмжлэгч Ч.Б“...Миний бие гадаад руу аяллын чиглэлээр 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр явсан. Тэгээд би явахдаа өөрийн нэр дээр байсан машинуудыг өөрийн ажилтан болох Э.Б рүү тухайн машинуудыг зарах болон худалдан борлуулах итгэмжлэл хийж өгөөд явсан. Х.О нь арчиж цэвэрлэх машин зарах үүрэгтэй. Мөнгө төгрөг дээр оролцох боломжгүй. Э.Б нь мөн арчиж цэвэрлэх, машин зарах үүрэгтэй намайг байхгүй үед машин зараад өөрийн данс руу шилжүүлж аваад над руу буцааж хийх үүрэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх 23-25/, гэрч О.Энхтүвшиний “...Би икс бет агент ажиллуулдаг. Анх Х.О нь 2 удаагийн гүйлгээгээр 69.000.000 төгрөг шилжүүлээд буцаад 49.000.000 орчим төгрөг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 31-32/, Э.Бат-Эрдэнийн эзэмшлийн 501718 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх13/, Х.Оын эзэмшлийн 5306305тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 34-35/ зэргээс харахад 2025 оны 01 дүгээр сарын 04-ний орой Х.О нь Э.Бэс автомашин худалдан борлуулсан орлогыг “би маргааш өглөө Ч.Бданс руу шилжүүлье, мөнгөө над руу шилжүүлчих” гэж хуурч, ажил хэргийн холбоо буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өглөө өөрийн данснаас Ч.Бданс руу шилжүүлэн өгөх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч мөрийтэй тоглоом тоглож тухайн мөнгийг захиран зарцуулж дуусгасны дараагаар буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 33.580.000 төгрөгийг дахин өөрийн эзэмшлийн Хаан банкны 5305647 тоот данс руу шилжүүлэн авч, тус мөнгийг өөрийн хүсэл зоригийн дагуу хууль бусаар мэдэлдээ авах замаар эд хөрөнгөд эзэмшил тогтоож, улмаар захиран зарцуулж мөрийтэй тоглоом тоглосон үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх, Х.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэж залилах гэмт хэргийн шинж үгүйсгэгдсэн гэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий  хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөлгүйгээр тухайн гэмт хэргийн шинжийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

            Мөн анхан шатны шүүх шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шийдвэр гаргасан шүүхийн нэрийг “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй шүүхийн нэр бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор шүүгдэгч Х.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/878 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                             Б.АРИУНХИШИГ