| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0182/э |
| Дугаар | 000193 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 000193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хохирогч М.А
Шүүгдэгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1825002520180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1.д зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан, Г овгийн Б О.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-1 дүгээр байрны гадна М.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би хохирогч М.А-ыг нүүр рүү нь нэг удаа цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч М.А шүүхийн хэлэлцүүлэгт: Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
-Хохирогч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед охин Бийн хамт хотын төв орж Хаан банкнаас хүүхдийн мөнгө авахаар ирсэн. Тэгээд хүүхдийнхээ мөнгө 110.000 төгрөгийг авчихаад банкнаас гарч ирэхэд зүс таних О нөхөр М, Н нарын хамт халамцуу тааралдаад намайг Аялгуу бааранд орж сууя гээд чирсээр байгаад оруулсан. Бааранд охин Б, О, М нарын хамт ороод 0.5 литрийн 2 шил Ерөөл архи уусан. Тэгээд намайг явуулахгүй байхаар нь би худлаа яриад ОО-ийн өрөө орчихоод ирье гээд баарнаас охин Б, Н нарын хамт гараад 5-1 дүгээр байрны ломбарднаас гар утсаа авах гээд мөнгөө тоолоод зогсож байхад О араас хүрч ирээд уг ломбард дотор Н-ийн гартаа барьсан байсан 100.000 төгрөгийг аваад 50.000 төгрөгийг өрөндөө авлаа гээд авсан ба үлдсэн 50.000 төгрөгийг буцааж Н-д өгөөд гараад явахаар нь араас нь гараад мөнгөө авъя гэсэн чинь миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьчихоод цаашаа явсан. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, толгой хөдөлсөн, 2 хөл хөхрөлттэй байна гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/
Шүүгдэгч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр А-тэй ХААН банкин дээр уулзсан.Тухайн үед би салсан нөхөр М, найз Н нартай явж байсан бөгөөд бид нарыг очиход А охинтойгоо явж байсан. Тэгээд бид нар уулзаад Аялгуу баарны караокед ороод 500 граммын Ерөөл архи 2 шилийг хувааж уугаад дуусахад А нь түрүүлж гарч яваад удалгүй Н-руузалгаад надад 100.000 төгрөг байна гар утасаа ломбарднаас авья гараад ир гэж ярьсан. Тэгээд Ням-Эрдэнэ гараад би араас нь гараад очиход 5-1-р байрны ломбарданд А, Н хоёр зогсож байсан ба тэр хоёр ломбардны хүнд 100.000 төгрөг өгсөн чинь ломбардны хүн хүү нь байхгүй байна гээд Ат буцаагаад өгөхөөр нь би Аээс 100.000 төгрөгийг нь аваад 50.000 төгрөгийг нь аваад 50.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн.Тэгээд ломбарднаас гараад А-ын зүүн нүд рүү би гараараа нэг удаа цохисон гэх мэдүүлэг / хх 15-р ху /
-Гэрч С.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 5-1 дүгээр байрны Төрийн банкны хажууд байдаг ломбарданд ороод А гар утасны мөнгө болох 100.000 төгрөгийг цүнхнээсээ гаргаж ирээд тоолоод надад өгөхөд араас О орж ирээд би А-ээс өрөө авна гээд надаас 100.000 төгрөгийг булааж аваад 50.000 төгрөгийг нь аваад надад 50.000 төгрөгийг буцаан өгөөд гараад явсан. А араас нь гарахад О А-ын зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх 7 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 308 дугаартай шинжээчийн... М.А-ын биед нүүр хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 10 ху/,
-Б.Оыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 14-15 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 19 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Б.Оын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-1 дүгээр байрны гадна М.А-ыг зодож нүүр хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьчихоод цаашаа явсан. Зүүн талын нүд хөхөрч хавдсан, толгой хөдөлсөн, 2 хөл хөхрөлттэй гэсэн мэдүүлэг, гэрч С.Нгийн О А-ын зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед нүүр хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон 308 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч М.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ