Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/777

 

    2025            06             24                                        2025/ДШМ/777

С.Б холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн,

хохирогч “ЭМ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд,  

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1058 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “ЭМ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Ц.Чингүүний бичсэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр эсэргүүцэлд тус тус үндэслэн С.Б холбогдох эрүүгийн 2306031500216 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б, 

С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эб” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “ЭМ” ХХК-нд 2.169.055,52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Бийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон С.Б холбогдох эрүүгийн 2306031500216 дугаар хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”, “Эб 2 падаан 2023.06.01-2023.06.31 285 ширхэг №1, Эб 2 падаан 2023.04.01-2023.04.31 349 ширхэг №2, Эб 2 падаан 2023.05.01-2023.05.31 387 ширхэг №3” гэх бичиглэл бүхий 3 боодол санхүүгийн баримтуудыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Чингүүн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт “шүүхийн шийдвэр нь 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10 дахь заалт “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” нөхцөл байдал гэж үзэж байна. Тухайлбал улсын яллагчийн шинжлэн судалсан, шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэг /1хх 144-145/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх 101-125/, “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн 2024/0901 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 218-220/, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон хохирлыг хэргийн оролцогчдын хэн аль нь хүлээн зөвшөөрч, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэл болон шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг тусгаагүй. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар дээрх гэмт хэрэг ямар байдлаар анх илэрсэн тухайд авч үзвэл, тухайн “ЭМ” ХХК-ийн “Эб” дэлгүүрийн эд хөрөнгө дутагдаж, улмаар дэлгүүрт тооллого хийсэн. Эд хөрөнгө дутагдсан учраас тухайн дэлгүүрээс хяналтын камерын бичлэгийг сүүлийн 2 сар орчмын хугацаанд шүүж үзэхэд С.Б нь 20 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүрээс олон нэр, төрлийн эд зүйлийг авч, цүнх, хувцас зэрэгтээ нууж гарсан үйл баримт тогтоогддог. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд С.Б нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хууль бусаар авсан бөгөөд шүүгдэгч цүнх, хувцсандаа эд зүйлийг нууж авч гарсан үйлдлээс үзэхэд яг ямар нэртэй эд зүйл гэдгийг хяналтын камерын дүрс бичлэгт тодорхой харагдахгүй байсан тул дэлгүүрийн данс бүртгэлийг тулгах, тооллого хийх зэрэг арга хэлбэрээр хулгайд алдагдсан эд зүйлсийн нэр төрөл, тоо ширхэг, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эдийн засгийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2.169.055,52 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байдаг. “Эб” дэлгүүрийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч адил төсөөтэй хэд хэдэн удаагийн үйлдлийг хийсэн байх тул шүүгдэгч С.Бийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, улмаар түүний гэмт үйлдлүүдийн хохирлын нийлбэрийг учруулсан нийт хохирол гэж үзсэн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1058 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч “ЭМ” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Б нь үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр нууцаар, хууль бусаар хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлийг авч “ЭМ” ХХК-нд нийт 2.169.055 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Дөлгөөний “...манай Эб дэлгүүрээс хүнсний болон ахуйн бараа удаа дараа хулгайлсан С.Б гэгч манай байгууллагад хохирол болох 3.000.000 төгрөгийг барагдуулсан. ...”, “С.Б ...3.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан.” гэх мэдүүлэг /1хх 18, 26/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э “...Бид нар С.Бийн зөвхөн бонус картаа уншуулж гарахад нь хулгай хийсэн бичлэгийг хуулж чадсан. С.Б хулгай хийхдээ дандаа үнэтэй бараа, хүнсний зүйл авдаг ...” гэх мэдүүлэг /1хх 85-86/, С.Бийн “... Нэг өдөр 2, 3 удаа ордог байсан... мөнгийг нь өгөхгүй гарч байсан удаа 21 орчим байгаа байх...” /1хх 130/, С.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 101-125/, “Дабль аксиом аудит” ХХК-ийн шинжээчийн “... 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд... нийт 2.338.434,14 төгрөгийн илүү, 4.208.412,16 төгрөгийн дутагдал гарсан байна... нийт дутагдал 2.169.055 төгрөг байна..." гэх дүгнэлт /1хх 127-220/ зэргээр тогтоогдож байна. Иймд С.Б нь үргэлжилсэн 19 удаагийн үйлдлээр хүнсний бүтээгдэхүүн, эд зүйлийг нууцаар хууль бусаар авч “ЭМ" ХХК-нд нийт 2.169.055 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ маргаагүй, хохирогчид 3.000.000 төгрөгийн хохирол төлсөн нь учруулсан хохирол, хор уршгийг шууд нотолж байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч “ЭМ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Э өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч Ц.Мягмарсүрэнгийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Учир нь, үргэлжилсэн үйлдэлтэй нийлмэл гэмт хэрэг юм. Камерын бичлэгт 20 удаагийн үйлдэл бичигдсэн. Хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байхад шүүхээс нотлогдоогүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгөөр, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэг ч асуулт тавихгүйгээр шүүх хуралдааныг маш богино хугацаанд явуулсан. Бидний зүгээс нотлох баримтыг судлуулж тэмдэглүүлж, өмгөөллийн байр сууриа илэрхийлсэн. Шүүх хуралдаан завсарлаад 10 минут болоод орсон. Үүнээс харахад шүүх хуралдаан хэдий богино хугацаанд явагдаж байгаа ч гэсэн урдаас дүгнэлт хийгээд шийдвэр гаргасан нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байгаа учраас шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон хохирогч байгууллагын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд С.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос С.Бийг “2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 20 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эб” дэлгүүрээс чихэр, печень, гэр ахуйн бараа, талх, нарийн боов, гурил будаа, гар утасны цэнэглэгч, хоолны амтлагч, хөлдөөсөн бүтээгдэхүүн, өндөг, хиам, гутлын улавч, гоо сайхны бүтээгдэхүүн, зайрмаг, чипс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “ЭМ” ХХК-нд 2.169.055,52 төгрөгийн хохирол учруулсан” хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж С.Б яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Бийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү анхан шатны шүүх “... “Дабль Аксиом Аудит” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/0901 дугаартай дүгнэлт “Эб” дэлгүүрийн салбаруудын бараа материалын тооллого хийж, илүү, дутуу, зөрүүг тооцож гаргасан тоо болохоос шүүгдэгч С.Бийн 19 удаагийн үйлдэл тус бүрдээ авч гарсан эд зүйлсийг хяналтын камерын бичлэгээр тулган үнийн дүнг бодсон тооцоолол биш, аж ахуйн нэгжийн барааны тооллогын илүүдэл, дутагдлын дүнг гарган, ижил нэр төрлийн бараа материалын илүүдлийг хасаж тооцсон дүнгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Гэвч, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар С.Бийн хулгайлах үйлдэл хийж байгаа нь нотлогдож тогтоогдсон байх ба харин гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохиролтой эд зүйл хулгайлсан гэдгийг нь мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй байхад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, хохирогч “ЭМ” ХХК-нд “Дабль аксиом аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр нийт 2.169.055,52 төгрөгийн бараа дутагдуулсан нь С.Бийн үйлдэлтэй холбогдолгүй гэж дүгнэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

              Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

            Хэрэгт авагдсан “Дабль аксиом аудит” ХХК-ийн шинжээчийн “... 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд... нийт 2.338.434,14 төгрөгийн илүү, 4.208.412,16 төгрөгийн дутагдал гарсан байна... нийт дутагдал 2.169.055,52 төгрөг байна..." /1хх 127-220/ гэх дүгнэлтээр гарсан дутагдлыг С.Б бүгдийг нь хулгайлсан байна гэж яллах боломжгүй, үйлдэл бүрт нь дүгнэлт хийж байж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоох боломжтой юм.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх зарчим нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзэх үндэслэл бий болохыг ойлгохоос бус хангалттай нотлох баримтыг цуглуулж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэл хамаарахгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх, эсхүл прокурор өөрөө саналаа тавьж хэргийг прокурорт буцааж дээрх нотлох ажиллагааг хийх бүрэн боломжтой гэж үзэв.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1058 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1058 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

 

                        ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ