Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00563

 

 

 

 

 

2026 02 13 312/ШШ2026/00563

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ********** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*********, утас:*********/-ийн хүсэлттэй,

 

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний бие Н.******* нь 2000 оны 11 сард цэрэгт татагдаж 2002 оны 11 сард халагдсан. Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гэрээт явган цэргийн байлдааны машины механикч жолоочоор алба хаасан. Гэрээт цэргийн албанаас халагдсан тухай мөн ангийн захирагчийн 2022 оны тушаал шүүх үзэхэд нэр гарахгүй байна. Одоо цэргийн тэтгэвэрт гарахад ажилласан жил тооцох боломжгүй байгаа тул Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2000 оны 11 сараас 2002 оны 11 сарын хооронд гэрээт цэргийн алба хаасныг сэргээн тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зураг, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Л.Дарханбатын цуг цэрэгт алба хаасан талаар бичсэн тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч ******* ******* нь Зэвсэгт хүчний 186 дугаар цэргийн ангид 2000 оны 11 сарын 22-ны өдрөөс 2002 оны 11 сарын 22-ны хүртэл цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 сарын 06-ны өдрийн 03/07 дугаар лавлагаанд ...******* ******* нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2000.11.22-ны өдрийн 71 дүгээр тушаалаар гэрээт цэргийн албанд байлдагчаар 2000.11.22-ны өдрөөс томилогдсон. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2002 оны 10 дугаар сарыг дуустал цалинжсан баримт байна... гэсэн, Л.Дарханбатын тодорхойлолт, фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Иймд хүсэлт гаргагч Н.*******гийн цэргийн алба хаасан болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* /РД:***********/-г 2000 оны 11 сарын 22-ны өдрөөс 2002 оны 11 сарын 22-ны хүртэл Зэвсэгт хүчний 186 дугаар цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ