Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00941

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00941

 

 

 

Л.Э- ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00784 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э- ын хариуцагч Г.Д-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 48 655 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э- , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Г.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Д-д 4 удаагийн шилжүүлгээр нийт 17 000 000 төгрөг зээлдүүлж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Улмаар Г.Д-тай байгуулсан гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сунгаж 18 500 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааг тогтоосон. Зээлдэгч Г.Д- нь мөнгө зээлсэнээс хойш зөвхөн 1 сарын хүүний мөнгийг төлөөд түүнээс хойш ямарч төлбөр тооцоо хийлгүй өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд холбоо сураг тасарч улмаар шүүхээр эрэн сурвалжлуулж байж хаяг утасны дугаарыг тогтоосон болно. Иймд хариуцагч Г.Д-гаас гэрээнд заасны дагуу үндсэн зээл болох 18 500 000 төгрөг, 11 сарын хүү 10 175 000 төгрөг, хугацаа хэтэрсэний алданги 19 980 000 төгрөг, нийт 48 655 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Г.Д- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Л.Э -гаас 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөг, 7 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 6 000 000 төгрөг нийт 17 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд 15 175 000 төгрөгийн хүү төлсөн болно. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үндсэн мөнгөн дүн дээр төлөгдөөгүй хүү алдангийг нэмж 18 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанаас 1 сарын дараа ажлын байргүй болж төлбөрийн чадваргүй болсон. Л.Э- аас авсан зээлийг түүний эхнэрийн дансаар шилжүүлж авсан талаар маргаан байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-гаас зээлийн гэрээний үүрэгт 825 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Э- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 830 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 24 350 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 775 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э- , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Л.Э- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээнд орсон өөрчлөлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулахаас өмнө хариуцагч Г.Д-гийн ХААН банк ХХК-ийн дансанд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд мөнгө шилжин орсон. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ бодитоор байгуулагдчихсан үйл баримт тогтоогдож байгаа ба шүүхийн шийдвэрт заасанчлан гэрээнд заасан зээл олгогдоогүй гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Зээл олгогдсоны дараа төлөлт хийгдэж байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талууд сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хүсэл зоригийн дагуу, хэн нэгний дарамт шахалт нөлөөгүйгээр нэгэнт байгуулагдчихсан байсан зээлийн гэрээгээ бичгийн хэлбэрт оруулж, нотариатаар баталгаажуулсан үйл баримтыг буруутгах үндэслэлгүй юм. Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 01 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, эдгээр гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу, хуулийн хүрээнд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гэрээнд зааснаар үндсэн зээл 18 500 000 төгрөг, хүү 10 175 000 төгрөг, алданги 14 337 500 төгрөг нийт 43 012 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Г.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48 655 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Г.Д- нь Л.Э- тай харилцан тохиролцож, түүний эхнэр М.Энхтулгын ХААН банкны дансаар дамжуулан 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 17 000 000 төгрөг шилжүүлэн авсан болох нь тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-48-67,71-72/ Иргэд хооронд харилцан тохиролцон, зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж болохоор хуульд заасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Хожим дээрх гэрээг талууд бичгийн хэлбэрт оруулсан байх ба 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээгээр 16 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх4/ Уг гэрээнд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 2 500 000 төгрөг, нийт 18 500 000 төгрөгийг зээлийн үлдэгдэлд тооцон, гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, өмнөх гэрээний бусад заалт хэвээр үйлчлэхээр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ. /хх5/ Иймээс хариуцагч Г.Д-д Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан мөнгөн төлбөр төлөх үүрэг үүссэн гэж үзэх бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч гэрээний дагуу шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүрэгт 15 175 000 төлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрч, маргаагүй. Үүнээс хариуцагчийн үүргийг гэрээгээр тохиролцсоны дагуу тодорхойлбол гэрээний үүрэгт 8 812 500 төгрөгийг төлөхөөр байна. Гэхдээ хариуцагч Г.Д- мөнгөн төлбөрийн үүргийг 18 500 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь нотлогдож байх тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь талуудын диспозитив зарчимд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/00784 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Д-гаас 18 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Э- д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 155 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж 2 дахь заалтын 24 350 гэснийг 250 450 өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373 020 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД