| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0148/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Э.Ариунгоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Улаанлуу овогт Энхгэрэлийн Ариунгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807001910127 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн хугацаагаар сунгаж хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Янгир” зочид буудал ресепшн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 02 дугаар хороо, 26 дугаар байр 220 тоотод оршин суух, урьд л шийтгэлгүй, регистрийн УЕ85040127 дугаартай, Улаанлуу овогт Энхгэрэлийн Ариунгоо.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.Ариунгоо нь “Чандмань Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт орлогын байцаагчаар 2015 оны 6 дугаар 02-ны өдрөөс томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Хүрээ” ломбардны эзэн Б.Батгэрэлээс 209,367 төгрөг, “Маржинал” ХХК-ийн захирал С.Цэцэгмаагаас 119,200 төгрөг, “Тайж” төвийн эзэн Ц.Доржпаламаас 410,900 төгрөг, “Хаан-Ус” ХХК-ийн захирал Ж.Бүрэнээгээс 128,202 төгрөг, 100 дугаар байр 51 тоот иргэн С.Энхбаатараас 187,570 төгрөг, мөн байрны 48 Сүхбатынхаас 50,220 төгрөг, мөн байрны 36 тоот иргэн Э.Ариунцогтын 433,400 төгрөг, 48 дугаар байр 4 тоот иргэн Б.Мөнхцэцэгээс 40,970 төгрөг, Налайх спинниг буюу иргэн Ариунжаргалаас 494,210 төгрөг зэрэг аж ахуйн нэгж, иргэнээс хураан авсан цэвэр бохирын усны хэрэглээний орлого болох нийт 2,074,039 төгрөгийг итгэмжлэн хариуцаж аваад байгууллагын дансанд тушаалгүй хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ариунгоогийн өгсөн: ““Чандмань Налайх” компанид орлогын байцаагчаар ажиллаж байсан. Цалин сайн авдаг байсан тул 2016 оны 08 дугаар сард цалингийн зээл авсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сард цалин огцом буурч амжиргааны доод түвшингөөр тогтоосон. Байгууллагын орлогоос бага багаар авч, цалингаасаа буцааж төлнө гэж бодож байсан. Эхэндээ цалингаасаа төлж байсан боловч сүүлдээ төлж чадахаа больсон. Байгууллага, айл өрхөд ажлын журмаар баримт бичиж өгч, тоолуурын заалтаар төлбөрийг авдаг байсан. Авсан мөнгө бага багаар хуримтлагдаж, өрөнд орсон” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сайнбаярын өгсөн “Би Налайх дүүргийн “Чандмань-Налайх” ОНӨААТҮГазрын хуулийн зөвлөхөөр ажилладаг юм. 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс манай байгууллагад орлогын байцаагчаар ажиллаж байсан Э.Ариунгоо нь аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдээс хураан авсан цэвэр бохир усны мөнгийг байгууллагын дансанд тушаах ёстой байсан боловч өөртөө хувьдаа завшсан байсан. Ингээд Э.Ариунгоо нь 2017 рны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс өөрөө ажилдаа ирэлгүй сураггүй алга болсон тул Э.Ариунгоог 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгон Э.Ариунгоотой хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж халагдах тушаал гарсан юм.
... “Хүрээ” ломбарт буюу 209,367 төгрөг, “Маржинал” ХХК-нд 119,200 төгрөг, “Тайж” төвд 410,900 төгрөг, “Хаан-Ус” ХХК-нд 128,202 төгрөг, 100 дугаар байр 51 тоот иргэн Энхбаатарт 187,570 төгрөг, 100 дугаар байр 48 тоотод иргэн Сүхбатад 50,220 төгрөг, 48 дугаар байр 04 тоот иргэн Мөнхцэцэгт 40,970 төгрөг, “Налайх-Спинниг” буюу иргэн Ариунжаргалын цэвэр бохир усны мөнгийг Ариунгоо нь завшсан байсан боловч тооцоо нь гарахгүй байсан тул уг Спиннингын 2016 оны 11 дүгээр сард шинээр тоолуураа тавиулж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн байсан тул 2017 оны усны тоолуурын бичилт огт хийгдээгүй 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бичилтэд орж тоолуурын заалт авагдаж эхэлсэн байсан тул Ариунгоог ажлаа хаяж явсан 2017 оны 9 дүгээр сар хүртлэх нийт 10 сарын суурь хураамж тоолуурын заалтаар гарсан цэвэр, бохир усны төлбөр 494,210 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн 100 дугаар байрны 36 тоот иргэн Ариунцогтын тоолуурын заалтад тулгалт хийж 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 8 дугаар сарыг дуустал тоолуурын заалтаар үндэслэн нийт 9 сарын суурь хураамж, цэвэр, бохир усны төлбөр болох 433,400 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд уг үнийн дүнд 8 сард төлсөн 45,770 төгрөг багтаж байгаа болно. Дээрх иргэд байгууллагад учирсан хохирлыг манай байгууллагад төлөгдсөнөөр тооцож өөрсдөө хохирлыг нэхэмжилж байгаа юм. Ийм учраас иргэд байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй гэж үзэж байна. Ингээд манай байгууллагад 2,074,039 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд үүнээс Э.Ариунгоо нь манай байгууллагад 1,920,500 төгрөгийг төлж барагдуулсан байгаа бөгөөд одоо үлдэгдэл 153,539 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 52-56 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Цэцэгмаагийн өгсөн “Э.Ариунгоо “Чандмань-Налайх”-ын төлбөрийн байцаагч, Чандмань-Налайх нь өөрөө төлбөрөө бэлнээр байцаагч нар нь сар болгон ирж тоолуураа хараад авдаг, урьд нь угаасаа Ариунгоо гэх байцаагч нь ирж авдаг бөгөөд надаас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 17,620 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11,300 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11,300 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,180 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 41,580 төгрөг, 2017 оны 8 дугаар 25-ны өдөр 25,080 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 8,140 төгрөг, нийт 119,200 төгрөгийг бэлнээр тушаагаад баримтыг нь Ариунгоогоос би өөрөө авсан. Тэгтэл Чандмань-Налайхаас намайг мөнгө тушаа гэхээр нь мөнгө өгсөн гээд баримтуудыг нь гаргаж үзүүлсэн. Тэгээд Ариунгоо дээрх мөнгөнүүдийг байгууллагадаа тушаагаагүй өөртөө завшин авсан байна гэж байсан. Тэгээд надаас тухайн байгууллагын хуулийн зөвлөх Сайнбаяр “цагдаад хандах гэж байна” гээд мөнгө тушаасан баримтуудыг надаас авчихсан байгаа юм. Тэгээд уг байгууллагаас “бид нар ажилтандаа арга хэмжээ тооцно, та нарыг мөнгө төлснөөр чинь тооцно” гэсэн. Нэгэнтээ мөнгө тушаасан баримт байгаа учраас биднээс дээрх мөнгийг нэхэхгүй гэж ойлгож байна. Надад бол ямар нэгэн учирсан хохирол байхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 59 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батгэрэлийн өгсөн “2017 оны 9 дүгээр сарын үеэр шиг санаж байна. Чандмань-Налайхаас нэг байцаагч ирж “танайх 2017 оны усны төлбөрөө огт төлөөгүй байна” гэхээр нь би “төлсөн” гээд тэдний төлбөрийн байцаагчаар ажиллаж байсан Ариунгоогийн гарын үсэг тэмдэгтэй баримтыг нь үзүүлсэн. Тухайн үед Э.Ариунгоо дундаас нь мөнгө завшсан юм шиг байна гээд миний баримтын зургийг нь дараад авч явсан юм. Э.Ариунгоо нь надаас 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 38,907 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 38,910 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 16.810 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 26,280 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 14,460 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7,340 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 66,660 төгрөг ингээд нийт 209,367 төгрөгийг намайг төлсөн байтал цаад байгууллагадаа тушаасан байгаа эдгээр төлбөр төлсөн баримт нь надад байгаа учраас үүнийг хавтаст хэрэгт хавсаргуулахаар гарган өгч байна. Ингээд Чандмань-Налайх ОНӨААТҮГ-аас уг төлбөрийг төлснөөр авсан таньд ямар нэгэн хохирол учрахгүй байгууллагын дотоод асуудал тул уг мөнгийг таныг төлснөөр авч Э.Ариунгоогоос байгууллага өөрөө нэхэмжлэх болно гэж байсан. Надад бол ямар нэгэн учирсан хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 60 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Бүрнээгийн өгсөн “2018 он гараад Чандмань-Налайхаас яриад “танайх өртэй байна өрөө төлөх үү ирээд уулзаач” гэхээр нь очиж “уулзтал өртэй байна” гээд “нийт 128,202 төгрөгийн өр байна” гэхээр нь би мөнгө төлсөн баримт нь байгаа гээл баримтуудаараа очиж тултал 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 32,593 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 23,130 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 26,279 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 46,200 төгрөг тус тус Чандмань-Налайхын байцаагч Э.Ариунгоод тушаасан мөнгө нь байгууллагатаа тушаагдаагүй байсан юм. Чандмань-Налайхаас манай дээрх төлсөн мөнгийг өөрчдийн ажилчны буруу учир төлснөөр авсан гэсэн тул манай “Хаан-Ус” ХХК-нд ямар нэгэн учирсан хохирол байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 61 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Энхбаатарын өгсөн “Миний санаж байгаагаар Ариунгоо нь 2016, 2017 онд Чандмань-Налайхаас усны төлбөрийн байцаагчаар ажил хийж байсан. Ариунгоо нь сар бүр усны төлбөрөө манай гэрт ирэн авдаг юм. Манайх Налайх дүүргийн 1-р Уурхайчид 1а-1 тоотод хаягтай боловч Чандмань-Налайхад 100-51 гэсэн хаягаар бүртгэгдээд явсан байсан. 2017 он гараад Чандмань-Налайхаас яриад “танайх өртэй байна” гэхээр нь манай эхнэр Ж.Бүрнээ очиж уулзахад манай гэрийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 30,330 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13,380 төгрөг,, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 23,960 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 49,900 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 50,000 төгрөг нийт 187,570 төгрөг төлөгдсөн байсныг Ариунгоо нь байгууллагатаа тушаагаагүй байсан. Мөн манай “Хаан-Ус” ХХК-ийн төлбөрийг тушаагаагүй байсныг манай эхнэр Ж.Бүрнээ захирал нь тул төлөөлж мэдүүлэг өгсөн. Би төлбөр төлснөө хар дэвтэр хөтөлдөг байсан. Түүний хуулбарыг Ж.Бүрнээ өгсөн байх. Надад бол ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 62 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн “Э.Ариунгоо нь 2017 онд манай гэрээс орж ирж тоолуурын заалт аваад гардаг байсан. Тэгэхдээ би тухайн үед нь бэлэн мөнгө тушааж байгаагүй. Харин 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би Чандмань-Налайх дээр очиж мөнгөө тушаахад Ариунгоо касс дээр сууж байхад 29,970 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 11,000 төгрөг тушаасан. Хоёуланд нь Ариунгоо байсан ба би тэрийг нь Орон сууц эзэмших гэрээний дэвтэр дээр төлбөрөө тушаалгаад кассын тамга тэмдэг даруулсан юм. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлбөр тушаахад Ариунгоо гарын үсэг зурж, тамга дарж авсан. 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлбөр тушаахад тамга дарчихаад гарын үсэг огт зураагүй байсан. 2018 оны 02 дугаар сард Чандмань-Налайх дээр очиж төлбөрөө тушаахад төлбөр ихэдчихсэн байсан тул яагаад илүү гарч байгаа юм гээд шалгуултал 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тушаасан мөнгөнүүд суутгагдаагүй байсан. Ингээд нийт 40,970 төгрөгийг төлснөөр аваагүй байсан. Чандмань-Налайхын ажилтны буруу учир төлснөөр авна гэж байсан учир надад ямар нэгэн хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 65 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ц.Доржпаламын өгсөн “Би хувиараа Налайх дүүргийн 2 дугаар хороонд “Тайж” төвийн засварын газар сэлбэгийндэлгүүр ажиллуулдаг, манай байгууллагын 3 давхарт “Налайх Спиннинг” түрээслэн ажилладаг бөгөөд “Налайх Спиннинг” тусдаа тоолууртай, тусдаа мөнгө төгрөгөө төлдөг юм. Чандмань-Налайхын төлбөрийн байцаагч Э.Ариунгоо нь сар бүрийн сүүлээр манай байгууллага дээр ирж усны төлбөрөө аваад явдаг байсан, Ариунгоогоос өөр хүн бол ирж авч байгаагүй. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын үеэс хойшоо л Ариунгоогоос өөр хүн ирж төлбөрөө авч байгаа юм. Ариунгоо нь надаас манай “Тайж” төвийн усны төлбөр гэж 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 33,500 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19,200 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10,200 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 43,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 6,300 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 27,100 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 45,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 39,200 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг зэргийг төлсөн байсныг Чандмань-Налайхдаа Ариунгоо нь буцааж төлөөгүй байсан. Чандмань-Налайхдаа төлбөрөө төлөөд л яваад байна гэж бодож байсан чинь төлбөрөө тушаагаагүй байсныг сүүлд Чандмань-Налайхаас төлбөрөө нэхэхээр нь төлбөр төлсөн баримтаа авч очоод мэдсэн юм. Ийм учраас надад ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 66-68 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямхүүгийн өгсөн “Чандмань-Налайхын төлбөрийн байцаагч нар нь сар болгон усны төлбөрөө өөрсдийн биеэр ирж авч яваад төлбөрөө бэлнээр нь тушаадаг юм, харин бараг сүүлийн 2 жил орчим хугацаанд Ариунгоо ирж төлбөрийн мөнгө авдаг байсан юм. 2017 оны зун 8, 9 сарын орчимд Ариунгоо ирж төлбөрөө авахгүй байхаар нь манай усны төлбөр нэлээн гарчихлаа гэж бодоод Чандмань-Налайх дээр төлбөрөө очиж тушаах гээд очтол танайх 2 сарын төлбөр чинь төлөгдөөгүй байна гэхээр нь би сүүлийн 1, 2 сарынхыгаа очиж төлсөн тул өмнөх төлбөрийг бүгдийг төлсөн талаараа хэлтэл 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 45,770 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 34,400 төгрөг нийт 50,220 төгрөгийг төлөөгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 69 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Ариунцогтын өгсөн “Миний Налайх дүүргийн 1 дүгээр хороонд хувиараа ажиллуулдаг барилгын материалын дэлгүүр дээр Ариунгоо гэх Чандмань-Налайхын төлбөрийн байцаагч эмэгтэй 2016 оны сүүлч үеэс 2017 оны 9 сар хүртэл ирж усны төлбөрөө бэлнээр авдаг байсан. Тэгээд падаан бичиж өгчихөөд явдаг байсан юм. 2018 оны эхэн үеэр Чандмань-Налайхаас яриад танайх өртэй байна гэхээр нь би уулзаад өөрсдийнхөө мөнгө төлсөн баримтыг шалгуулахаар авч очсон. Манай 2017 оны 01 дүгээр сараас 6 дугаар сар хүртлэх тушаасан мөнгийг Ариунгоо нь байгууллагадаа тушаагаагүй байсан. Мөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 45,770 төгрөг тушаасныг байгууллагатаа төлөөгүй байсан юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 70 дугаар тал/
“Маржмналь” ХХК-ийн ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл,
/хх-ийн 27-33 дугаар тал/,
Иргэн С.Батгэрэлийн ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл,
/хх-ийн 37-46 дугаар тал/
Орлогын ордерын тасалбар,
/хх-ийн 17-18, 35-36, 47-50, 104-106 дугаар тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 98 дугаар тал/,
Орон сууц эзэмших гэрээний дэвтрийн хуулбар,
/хх-ийн 108 дугаар тал/,
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
/хх-ийн 119 дүгээр тал/,
Төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 120-121дүгээр тал/,
Дипломын хуулбар,
/хх-ийн 123 дугаар тал/,
Торгуулийн хуудасны бүртгэл,
/хх-ийн 130 дугаар тал/
Хохирол төлбөрийг төлсөн тухай баримт,
/хх-ийн 131-133 дугаар тал/,
Хүний их эмч О.Эрдэнэчимэгийн тодорхойлолт,
/хх-ийн 137-138 дугаар тал/,
“Налайх трейд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 139 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтууд болон шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн цалингийн тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Э.Ариунгоо нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Ариунгоогийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хөрөнгө завших” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.
Шүүгдэгч Э.Ариунгоогийн дээрх нь “Чандмань Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт орлогын байцаагчийн албан тушаалаа ашиглан аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдээс хураан авсан цэвэр, бохир усны мөнгийг байгууллагын дансанд тушаалгүй 2,074,039 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хариуцлага талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд энэ хэргийн шүүгдэгч Э.Ариунгоо нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ улсын яллагчаас: “Шүүгдэгч Э.Ариунгоо нь “Чандмань-Налайх” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт орлогын байцаагчаар 2015 оны 6 дугаар 02-ны өдрөөс томилогдон 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж “Хүрээ” ломбардны эзэн Б.Батгэрэлээс 209,367 төгрөг, “Маржинал” ХХКийн захирал С.Цэцэгмаагаас 119,200 төгрөг, “Тайж” төвийн эзэн Ц.Доржпаламаас 410,900 төгрөг, “Хаан–Ус” ХХК-ийн захирал Ж.Бүрэнээгээс 128,202 төгрөг, 100 дугаар байр 51 тоот иргэн С.Энхбаатараас 187,570 төгрөг, мөн байрны 48 Сүхбатынхаас 50,220 төгрөг, мөн байрны 36 тоот иргэн Э.Ариунцогтын 433,400 төгрөг, 48 дугаар байр 4 тоот иргэн Б.Мөнхцэцэгээс 40,970 төгрөг, Налайх спинниг буюу иргэн Ариунжаргалаас 494,210 төгрөг зэрэг аж ахуйн нэгж, иргэнээс хураан авсан цэвэр бохирын усны хэрэглээний орлого болох нийт 2,074,039 төгрөгийг итгэмжлэн хариуцаж аваад байгууллагын дансанд тушаалгүй хувьдаа завшсан 9 гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, орлогын ордерын баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох саналтай байна. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 6-13 насны 3 хүүхэдтэй, нэг нь тархины саажилттай зэрэг түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын саналтай байна. Уг торгох ялыг 3 жилийн хугацаанд төлөх саналтай байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Хэрэг гарсан шалтгаант нөхцлийг судлаад үзэхээр байгууллагын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болсон. Орлогын байцаагч нарт тавих хяналт байхгүй, хэрэг гараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад ямар ч хараа хяналт байхгүй. Хуулийн байгууллагаас шаардлага хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтаар ял хүндрүүлж зүйлчилсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бага юм. Шүүгдэгчийн хувийн байдал гэхээс илүүү нь ар гэрийн хувийн байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч хэдийгээр ажил хөдөлмөр эрхэлдэг боловч түүний ар гэрийг харгалзан үзэж 3 жилийн хугацаагаар төлүүлэх хүсэлтэй байна. Ингээд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэжээ.
Шүүх шүүгдэгч Э.Ариунгоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Ариунгоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улаанлуу овогт Энхгэрэлийн Ариунгоог албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ариунгоод оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Ариуноод мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Ариунгоо нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ариунгоод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ