| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 250600170021 |
| Дугаар | 2025/ДШМ/790 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/790
2025 06 26 2025/ДШМ/790
Б.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мижиддорж /томилолтоор/,
шүүгдэгч Б.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б холбогдох эрүүгийн 2506001700212 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б, 1
Б.Б нь согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Ч” гэх караокены гадна Д.Б “гар утас хулгайлсан” гэх шалтгааны улмаас толгойн тус газар нь цохиж “...баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний цагаан /склер/-н урагдал, шилэнцэр, хориод, солонгон бүрхүүлийн хавчигдал, зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус хуралт”, 2024.11.26-ны өдрийн нүдний мэс заслын хагалгаа, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Шонхор овогт Батбаярын Б.Быг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 5 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасаж нийт эдлэх ялыг 3 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 14.161.562 төгрөгийг гаргуулж 13.200.000 төгрөгийг хохирогч Д.Бд олгож, 961.562 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч Д.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний ар гэрийн байдал эхнэр, охин, аав, ээжийн хамт амьдардаг болон аав Ж.Батбаяр нь үе мөчний тулай өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй, эмнэлгийн хяналтад байдаг. Аав ээжийгээ эхнэр бид 2 ажил хөдөлмөр эрхэлж тэжээн тэтгэж асран хамгаалдаг. Би Ядамсүрэн захиралтай “Top ХХК-нд 2020 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өдрийн 130.000-150.000 төгрөгийн цалинтай цахилгаанчингаар ажилладаг. Хохирогч Д.Бд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Иймд миний ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар огт маргадаггүй. Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Д.Б биед /нүдэнд/ хүнд хохирол учруулснаа тухайн үед мэдээгүй, хохирогчийн мэдүүлгээс харахад мөн хохирогч нүдэндээ хүнд гэмтэл, хохирол авснаа тэр даруйдаа мэдээгүйгээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу 4 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж мэдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг ирж уулзан, чи надад гэмтэл учруулсан байна гэж хэлснээс хойш өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.13-ны өдрийн 1926 дугаар дүгнэлтээр “Баруун нүдний хараагүйдэл гэмтэл” хохирлын хүнд зэрэг тогтоогдсон байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгчийн үйлдлээс хохирогчийн биед “баруун нүдний хараагүйтэл хохирол” шууд учирсан уу, хохирогч эмнэлэгт үзүүлээгүй /4 хоногийн дараа/ удсанаас болон өөр бусад шалтгаанаас нүд нь хараагүй болсон уу гэдэг хөтөлбөргүй тогтоогоогүй байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн 2025.01.16-ны өдрийн /хохирогчоос гаргаж өгсөн/ үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад хохирогч Д.Б нь өөр 2 хүнтэй эхлээд маргалдсан, нэгийг нь цохисон байх бөгөөд түүний дараа Б.Быг эхлээд цохиж байгаа нөхцөл байдлыг бичсэн 4 минутын бичлэг байх бөгөөд бичлэгт орсон 2 хүн хэн болох, Б.Быг явснаас хойш нөгөө 2 хүн хэрхэн яасан талаар баримт байхгүй, хохирогч Д.Б “... би согтуу байсан, миний санаж байгаагаар ...” гэж мэдүүлсэн байх бөгөөд болсон үйл явдлыг бүрэн мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй, зодуулснаасаа хойш өөрийн ажил гэх LМ угаалгын газар очоод унтаад өгсөн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогчийн ажлын газар гэх угаалгын газар нь хэрэг болсон газраас ямар зайд байдаг, хэрхэн яаж очсон, хохирогч тухайн нөхцөлд нүдэндээ хүнд гэмтэл авсан тохиолдолд дээрх үйлдлүүдийг хийгээд яваад байх боломжтой эсэх талаарх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон нь эргэлзээтэй байна гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна. Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн үедээ хохирогчийн биед хүнд хохирол учруулснаа мэдээгүй, хохирогч ч гэмтэл авснаа тухайн үедээ мэдээгүй, камерын бичлэгээс харахад хохирогч нь шүүгдэгчийг эхэлж цохисон нөхцөл байдал, шүүгдэгч урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдлийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн байна. Шүүгдэгч Б.Б нь эхнэр, охин, ээж, аавынхаа хамт амьдардаг бөгөөд өндөр настай, хөдөлмөрийн чадвар алдалттай аав З.Батбаярыг асран хамгаалж, тэжээн тэтгэж, гэр бүлдээ ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүн юм. Өөрийн хөдөлмөрийн үр шим болон цалингаараа гэр бүл, эцэг, эхийгээ асран хамгаалж, тэжээн тэтгэж амьдардаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Боос 961.562 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэсэнг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч Д.Бд хохирол төлбөрөөс 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөрийг сар болгон 1.000.000 төгрөг өгөх байдлаар төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцоод баримт үйлдэж, хохирогч гарын үсэг зурсан байдаг. Уг баримтыг өгч байна. Б.Б нь цахилгаанчин мэргэжилтэй, хувийн компанид цахилгаанчнаар ажилладаг, сард 3 сая гаруй төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймээс гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хохирол нөхөн төлөх боломж зэргийг харгалзан үзэж анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1138 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Б оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэх баримт байхгүй байна. Шинээр гаргаж өгсөн баримтуудтай танилцахад 2.500.000 төгрөгийг төлсөн, 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэх хүсэлт байна. Хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Б.Б хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Б холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Д.Б толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “...баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний цагаан /склер/-н урагдал, шилэнцэр, хориод, солонгон бүрхүүлийн хавчигдал, зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус хуралт”, 2024.11.26-ны өдрийн нүдний мэс заслын хагалгаа, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 55-64/,
“Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/2068 дугаар албан тоот, түүний хавсралт /хх 83-102/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1926 дугаар: “1.Д.Б биед баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний цагаан /склер/-н урагдал, шилэнцэр, хориод солонгон бүрхүүлийн хавчигдал, зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус хуралт, 2024.11.26-ны өдрийн нүдний мэс заслын хагалгаа, баруун нүдний хараагүйдэл гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 35% алдагдуулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.2.24.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” /хх 19-20/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 440 дүгээр: “1. Д.Б /РД:УК78022313/-ийн сэтгэцэд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” /хх 78-80/ гэх дүгнэлтүүд,
хохирогчоор Д.Бн “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би хуучин хамт ажиллаж байсан н.Цэгмэд гэх танилтайгаа хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис” нэртэй караокены үүдэнд 0.75 шилтэй хараа архи хувааж уучхаад н.Цэгмэдээс салаад ажил руугаа очиж байж байгаад буцаад 13 цагийн үед “Чингис” караокены үүдэнд ирсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар намайг зоддог хүн надаас гар утас нэхээд, намайг хулгайлсан гээд гүтгээд байсан. ... намайг боож унагаасан ба намайг манараад газар сууж байх үед хөлөөрөө миний нүд рүү 1 удаа өшиглөсөн. Тэр үед би нүүрээ дараад сууж байхад газраас үзүүртэй юм авч харж байгаад намайг нүүрээ дарахаа болих үед миний баруун нүд хэсэгт 1 удаа газраас авсан үзүүртэй зүйлээрээ хатгасан. Намайг хатгах үед миний нүднээс цус гарч нүдний цөцгий гоожсон байсан ба тэр залуу намайг зодчихоод шууд яваад өгсөн. ...” /хх 8-9/,
яллагдагчаар Б.Бын “...тухайн өдөр үл таних эрэгтэй хүнтэй маргалдсан. Намайг зүгээр зогсож байхад миний баруун нүд хэсэгт гараараа 1 удаа цохисноос болж маргаан үүссэн. Би нэлээн согтуу байсан учир сайн санахгүй байна. Тухайн маргалдсан хүнтэйгээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр утсаар ярьж уулзаж бичлэг үзэж байж зодолдсоноо мэдсэн. Тэр бичлэг дээр би тэр хүнийг 1 удаа нүүр хэсэгт өшиглөж, цохиж байсан. ...” /хх 51/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Быг хохирогч Д.Бтэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Бын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуурсан үедээ Д.Бат-Эрдэнийн толгойн тус газар нь цохиж “...баруун нүдний алимны нэвтэрсэн шарх, нүдний цагаан /склер/-н урагдал, шилэнцэр, хориод, солонгон бүрхүүлийн хавчигдал, зовхины зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус хуралт”, 2024.11.26-ны өдрийн нүдний мэс заслын хагалгаа, баруун нүдний хараагүйдэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нар нь “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, төлбөл зохих төлбөрөөс Эрүүл мэндийн даатгалын санд 961.562 төгрөгийг, хохирогч Д.Бд учруулсан хохирол төлбөрөөс 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, цаашид хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 52 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “...4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 961.562 төгрөгийг, хохирогч Д.Бд 2.500.000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 /тавин хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ