Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 000213

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал

Шүүгдэгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-ад холбогдох эрүүгийн 1825003110219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант баг, оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Д-ийн А /регистерийн дугаар /.

 

Шүүгдэгч Д.А нь Орхон аймаг Баян-өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Слоёнок төмрийн худалдааны газрын хашаанд 2018 оны 04 сарын 30-нд Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд болсон явдлыг бүгдийг үнэн зөв мэдүүлсэн учир өөр ярих зүйл байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй хөнгөн ял өгнө үү гэв.

 

-Хохирогч Б.Б-ийн: 2018 оны 04 сарын 30-нд Аын хажуугаар гарахдаа шүргээд өнгөрсөн. Тэгээд Аыг би эхлээд нэг удаа алгадсан, А бид 2 маргалдаж улмаар зодолдсон. А намайг газарт нүүрээр маань унагаасан. П ах ирээд намайг салгаад машин руу явж байхад би эргээд А руу очоод дахиад маргалдсан. П ах дахиж салгаад намайг дагуулаад явж байхад А зүүн чинхий ар хэсэг рүү цохисон. Би манараад хэсэг хугацаанд юу болсныг санахгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 7 ху/,

 

-Гэрч Б.Пгийн: Б, А нар хоорондоо маргалдаад нэг, нэгнийхээ хувцасыг зуурчихсан ноцолдож байсан, яг зодолдсон зүйл болоогүй, би эрэгтэй хүмүүс шиг салчих байлгүй гээд хараад зогсож байхад А Бг татаад дээгүүрээ давуулж шидээд газарт нүүрээр нь унагаачихсан, би очоод Аыг чи боль гэж хэлээд Бг авч явах гээд алхаж байхад А араас чулуугаар Б-ийн толгой руу цохисон. А дахиад цохих гэхэд Батмөнх хажуунаас нь Аын гарыг нь бариад авсан гэсэн мэдүүлэг /хх 10 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн...Б.Б-ийн биед зүүн чихний ард хуйханд шарх, нүүр баруун, зүүн чамархай, зүүн зулай, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүр чихний дэлбээ, 2 гарын тохой, шуу бугуйнд зулгаралт, цээжинд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, зүүн чихний ард хуйханд шарх, нүүр, баруун, зүүн чамархай, зүүн зулай дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн чихний дэлбээ, 2 гарын тохой, шуу бугуйнд зулгаралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цээжинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 12 ху/,

 

-Д.Аыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 18, 19-21 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.Аын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.А нь Орхон аймаг Баян-өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Слоёнок төмрийн худалдааны газрын хашаанд 2018 оны 04 сарын 30-нд Б.Бг зодож эрүүл мэндэд нь зүүн чинхий ард хуйханд шарх, нүүр, баруун, зүүн чамархай, зүүн зулай дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн чихний дэлбээ, 2 гарын тохой, шуу бугуйнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн А зүүн чинхий ар хэсэг рүү цохисон гэсэн мэдүүлэг, гэрч Б.Пгийн А Бг татаад дээгүүрээ давуулж шидээд газарт нүүрээр нь унагаачихсан, би очоод Аыг чи боль гэж хэлээд Бг авч явах гээд алхаж байхад А араас чулуугаар Б-ийн толгой руу цохисон гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсаныг тогтоосон 369 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Д.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Б нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.