Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч П.Болормаа,

            Хохирогч Д.Отгонсайхан,

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн 2017 2501 1600 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Ж овогт Б Б .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны 3-41 тоотод хохирогч Д.Отгонсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Отгонсайхан мэдүүлэхдээ: “Би хохирол төлбөрөө нэхэмжилнэ. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсэн нотлох баримтуудаас хохирогч Д.Отгонсайханы өгсөн мэдүүлэг /хх-7/, гэрч Г.Батцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-20/ Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн №5834 дугаартай дүгнэлт /хх-10/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Болдцэрэнд холбогдох үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

Шүүгдэгч Б.Б үйлдсэн 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны 3-41 тоотод хохирогч Д.Отгонсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байх үед үйлдэгдсэн байх тул шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтов.

 

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн                  1-д оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг буцаан өөрчлөх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн заасан 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Б.Б ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны 3-41 тоотод хохирогч Д.Отгонсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудад үндэслэгдэж байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Отгонсайханы өгсөн: “Би Б.Б 3 жил амьдарч байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 нас 6 сартай хүүтэй. 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 2017 оны 4 дүгээр сарын дундуур манай нөхөр Б.Болдцэрэн нь Мөөгий гэх эмэгтэйгээс мөнгө зээлсэн байсан. Гэтэл тэр Мөөгий гэх эмэгтэй нь надаас мөнгө нэхээд элдвийн мессеж ирээд байхаар нь нөхөр рүүгээ залгаад “тэр хүүхэндээ мөнгөө өгнө гэдгээ хэлээчээ” гээд маргалдсан. Тэр өдөр 22 цагийн үед нөхөр Б.Б гэртээ ирээд өдрийн болсон асуудлаас болоод маргалдаад гараараа миний нүүрэн тус газар 3-4 удаа, элэг рүү гараараа цохисон, өшиглөсөн, утас авч шидсэн.” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Г.Батцэцэгийн өгсөн: “…Би Д.Отгонсайхантай Сүхбаатар аймагт байхдаа танилцсан. Би хөдөөнөөс ирээд Улаанбаатар хотод эмчилгээнд удаан хугацаагаар хийлгэх учраас өөрийн   танил Д.Отгонсайхантай  хамт   байр түрээслээд хамт амьдарч байгаад хөдөө яваад 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ирээд Д.Отгонсайхантай хамт байж байтал Д.Отгонсайханы нөхөр Б.Болдцэрэн гаднаас орж ирээд байж байсан. Тэгээд 00 цагийн үед унтацгаах гээд би 00 ороод гараад ирэхэд Д.Отгонсайхан, Б.Б нар барьцалдчихсан маргалдаад байхаар нь би Б.Болдцэрэнг “эгчийн дүү больчих би бие муутай” гэж хэлэхэд Болдцэрэн үг аваад больсон. Тэр 2 хоорондоо ярилцаж байгаад Б.Б Д.Отгонсайханы толгой, нүүр рүү, элэг рүү нь гараараа цохиод байсан. Энэ байдал үргэлжилсээр байсан. Тэр хоёр хоорондоо бие биендээ гомдсон талаар яриад л хэрэлдээд 04 цаг болсон.”/хх-20/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Д.Дэмбэрэлмаагийн өгсөн: “…Би Д.Отгонсайханы төрсөн эгч. 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр би Д.Отгонсайхантай хамт амьдардаг Г.Батцэцэг өглөө 09 цаг өнгөрч байхад над руу залгаад “Б.Б Д.Отгонсайханыг зодсон байна, та хүрээд ирэхгүй юу” гэхээр нь би гэрт нь яваад очсон. Тухайн үед юу болсоныг мэдэхгүй Д.Отгонсайханы биед нь нүд нүүр нь пэмбийгээд хавдаад хөхөрсөн, бэлэг эрхтэн ойролцоо арьс нь язарсан, гар, цээж хэсэгт нь энд тэнд хөхөрсөн байдалтай байсан.” /хх-31/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 5834 дугаартай дүгнэлтэд:

1. Д.Отгонсайханы биед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхи, нүүр, цээж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун ташаанд зулгаралт, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг дүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-10/ гэх дүгнэлт,

 

-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-4/,

-Эд зүйлийн үнэлгээ /хх-44/,

           -Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар дээрх болсон үйл явдлыг адил  бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

            Шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирсэн хэдий ч шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зарлагдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дүгээр зүйлийн 1.1-д заасан “шүүгдэгч оргон зайлсан” үндэслэлээр хэргийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн бөгөөд шүүгдэгч нь оргон зайлж байгаад 2018 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шүүхэд ирсэн ба шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлаж хянан шийдвэрлэсэн.

 

Прокуророос шүүгдэгч Б.Б 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 63 дугаар байрны 3-41 тоотод гэр бүлийн хамаарал бүхий Д.Отгонсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал байдлыг орхигдуулан зүйлчилсэн болохыг тэмдэглэж байна. Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ” гэж заасан хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь эрх байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн заасан 72.1.1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Б.Б ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчид илүү ашигтай болно.

 

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар, хохиро”л  гэж үзсэн тул хохирогч Д.Отгонсайханы гар утасны үнэ болох 160.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Болдцэрэнгээс 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонсайханд олгохоор тогтов.

 

Мөн хохирогч Д.Отгонсайхан нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа мөрдөн байцаалтад болон шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                     

 1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Ж овогт Б Б г бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Б холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б 160.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Отгонсайханд олгосугай.

 

7. Хохирогч Д.Отгонсайхан нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС