| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0137/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Найрамдал,
шүүгдэгч Д.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Даваахүүгийн Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707000930045 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 7 дугаар гудамж 426 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай параламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүний үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн УС74070135 дугаартай, Боржигон овогт Даваахүүгийн Мөнхтулга.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Мөнхтулга нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр17 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 9-828 тоотод оршин суух Г.Дэлгэрцэцэгийн байнга амьдрах гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч ус буцалгагч, индүү, хивс зэрэг 84,000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
мөн согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Надайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 1-8 тоотод оршин суух С.Бадаммөнхийн байнга амьдрах гэрийн үүдний тамбарын цонхыг хагалан нэвтэрч гагнуурын аппарат, цахилгаан оёдлын машины мотор зэрэг 120,000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхтулгын өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мөнхтулгын гэрч болон яллагдагчаар өгсөн “Би архи авах гэсэн чинь мөнгөгүй архиад архи уумаар санагдаад тэгээд хулгай хийж мөнгө олохоор манай гэр байдаг гэр хорооллын гудмаар айлын хашааны завсраар харж яваад цоожтой монгол гэр байхаар нь дотогшоо ороод хашаан дотроос нь нэг жижиг төмөр хогний хажуунаас нь олоод цоожийг нь хөшиж онгойлгоод хивс, ус буцалгагч, индүү аваад гараад арынх нь гудмаар явж байгаад нэг хүнд бүгдийг нь зарчихсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 78-79 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Дэлгэрцэцэгийн өгсөн “Миний бие төрсөн хүү Хэрлэнгийн хамтаар амьдардаг бөгөөд хүү 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хөдөө явсан. Өнөө өглөө буюу 2017 оны 7 дугаар сарын 22-ны өглөө би гэрийнхээ хаалгыг түгжээд ажилдаа яваад орой 19 цагийн үед гэртээ харьсан чинь манай хашааны хаалга онгорхой байхаар нь хашааны хаалгаараа дотогшоо ороод гэрийнхээ хаалгыг тайлах гэтэл манай гэрийн хаалгыг эвдсэн, хаалга онгорхой, цоож зүүлттэй байсан. Тэгээд гэр дотроо ороод эд зүйлээ бүртгэхэд манай гэрийн хойд талд байсан зурагт, индүү, ус буцалгагч, хивс зэрэг эд зүйлүүд байхгүй байсан. Тэгээд хүүдээ “гэрт хулгай орсон байна” гэж хэлэхэд “ээж би өнөөдөр зурагтаа ломбарданд тавьсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр манай гэрээс индүү, ус буцалгагч, хивс зэрэг эд зүйлүүд алдагдсан байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Бадаммөнхийн өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 1 дүгээр гудамж 08 тоотод байрлах гэрээсээ 12 цаг өнгөрч байхад гараад 13 цаг 30 минутын үед гэртээ очиход манай байшингийн үүдний тамбарын жижиг модон цонх хагалаад үүдний тамбар дотор байсан Хятад улсад үйлдвэрлэсэн гагнуурын аппарат нэг ширхэг, 1,5 кв-ийн цахилгаан мотор 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Манай гэр өмнө нь хулгай орж байсан учир би хашраад хашаандаа камер тавьсан юм. Уг камераас бичлэг хуулж болохгүй байгаа юм. Бичлэгээ үзэхэд мангар Тулгаа гэдэг хочтой хүн манай гэрт орж хулгай хийсэн байна лээ. Өөр ямар нэгэн алдагдсан зүйл байгаагүй. Алдагдсан эд зүйлд содон шинж тэмдэг гэх зүйл байхгүй. Хятад улсад үйлдвэрлэсэн гагнуурын аппаратаа 100,000 төгрөгөөр үнэлнэ, харин 1,5 кв-ийн цахилгаан мотороо 50,000 төгрөгөөр үнэлнэ. Харин хагарсан цонхоо 20,000 төгрөгөөр үнэлнэ. Алдагдсан зүйлсээ олж авбал гомдол санал гэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32 дугаар тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Найрамдалын өгсөн “1974 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд төрсөн. 1 сартай байхдаа таталт өгөөд нугасны ус авахуулж эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон ба эмч нар төрөлхийн сэтгэцийн өвчтэй гэсэн. Цэцэрлэгт явуулсан боловч орилж хашгираад таталт өгөөд биеийн байдал тааруухан байсан болохоор гаргаад сүүлд сургуульд оруулсан боловч сурч чадахгүй оюуны хомсдолтой учир гаргасан. Ингээд нөхөр бид 2-ын хажууд гэр зуур өсөж өндийсөн. 2012 оноос хойш гадуур дэмий тэнээд архи уух болсон. Уг нь архи уухгүй болохоороо нөхөр бид 2-ын хажууд ус авах нүүрс түлээ оруулах, мал хариулах гээд л нэмэртэй байдаг. Сүүлийн үед архи уух нь ихсээд байнга гадуур дэмий тэнээд архи уугаад байдаг. Гэртээ авч ирээд байлгахаар шөнө унтаж байхад л гараад явчихдаг. Зан байдлын хувьд даруу төлөв байсан боловч одоо бол ширүүн догшин авиртай болчихсон байна лээ. Нэг архи уугаад явахаараа нэг сар орчим гэртээ ирдэггүй алга болчихдог ба Налайхад таараад аваад явах гэхээр уурлаад байдаг ба нэг удаа бүр намайг өшиглөж байсан.
...Д.Мөнхтулга группын мөнгө гэж авдаг ба урьд нь гэмт хэрэг үйлдээд мөнгийг нь төлбөрт нь шүүхийн шийдвэрээс 90,000 төгрөг авдаг байсан. Харин одоо болохоор 155,000 төгрөгийг бүтнээр нь авч байгаа. Группын мөнгө нь надад итгэмжлэлтэй би очиж авдаг юм” гэх мэдүүлэг,
/хх-ийн 42-43 дугаар тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 18-20, 22-23 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан,
/хх-ийн 47-48, 59-60 дугаар тал/,
2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүх Сэтгэц эмгэг судлалын төвийн эмчийн 402 дугаар:
/хх-ийн 65-66 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 99-102 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 119 дүгээр тал/
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 131 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Д.Мөнхтулга нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр17 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 9-828 тоотод оршин суух Г.Дэлгэрцэцэгийн байнга амьдрах гэрийн хаалгыг эвдлэн нэвтэрч ус буцалгагч, индүү, хивс зэрэг 84,000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан,
мөн согтуугаар 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд Надайх дүүргийн 2 дугаар хороо Тайжийн 1-8 тоотод оршин суух С.Бадаммөнхийн байнга амьдрах гэрийн үүдний тамбарын цонхыг хагалан нэвтэрч гагнуурын аппарат, цахилгаан оёдлын машины мотор зэрэг 120,000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заажээ.
Шүүгдэгч Д.Мөнхтулгын хүн байнга амьдрах зориулалттай Г.Дэлгэрцэцэг, С.Бадаммөнх нарын орон байранд нэвтэрч нийт 227,100 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Гэхдээ Д.Мөнхтулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх Сэтгэц эмгэг судлалын төвийн эмчийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 402 дугаар дүгнэлтээр /хх-65-66/ тогтоогдож байх тул түүнд холбогдох 1707000930045 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.Бадаммөнх “надад санал хүсэлт гомдол байхгүй” гэснийг үндэслэн түүнд төлөх төлбөргүй гэж, харин хохирогч Г.Дэлгэрцэцэгт 84,000 төгрөгийг шүүгдэгчийг хууль ёсны төлөөлөгч Ж.Найрамдалаас гаргуулан олгуулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Мөнхтулга нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.3, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Даваахүүгийн Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт гэмт хэргийг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.
2. Прокуророос шүүгдэгч Д.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.7-д зааснаар буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд Ж.Найрамдалд халамжлуулахаар шилжүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт тус тус зааснаар эрх зүйн чадамжгүй шүүгдэгч Д.Мөнхтулгын асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд Ж.Найрамдалаас хохирогч 84,000 төгрөг гаргуулан хохирогч Г.Дэлгэрцэцэгт олгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Д.Мөнхтулга нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхтулга урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ