Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/791

 

      2025           06            26                                       2025/ДШМ/791

 

Д.Г холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ /цахимаар/,

хохирогч Д.Б өмгөөлөгч Д.Отгонмаа,

иргэний хариуцагч “Мя” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр,

шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Отгонмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Г холбогдох эрүүгийн 2503000600151 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Д.Г, 

Д.Г нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Дизайн Центр төвийн баруун урд уулзвар замд “Юутонг” маркийн 32 УЕВ улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван тав: Уулзвар нэвтрэх 15.1-д “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Бодонгууд овогт Дугарын Д.Гг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Г хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд 1.963.340 төгрөг, хохирогч Д.Б 1.427.006 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 3.460.195 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болон эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Б өмгөөлөгч М.Отгонмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “... Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.1 “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. ...2.1.5. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих), Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн 23-р тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын ...3.6. Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан эрүүгийн гэмт хэргээс ... Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ.” гэж тус тус журамлажээ. Дээрх журам, аргачлалд зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг, гэмтлийн зэргээс шалтгаалан шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тусгайлан заасан учраас заавал шинжээчийн дүгнэлт гаргасан байхыг шаардахгүй.

Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хавтаст хэргийн 23-р хуудсанд авагдсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг хохирогчид танилцуулж дээрх аргачлалын Тав дугаар зэрэглэлд багана, хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зуруулж зөв шийдсэн байхад анхан шатны шүүх уг хохирлыг гаргуулж шийдвэрлээгүй. Хохирогчоос сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”- ын Тавдугаар зэрэглэлээр нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хелсний доод хэмжээг доод хэмжээ 46 дахин нэмэгдүүлсэн төлбөр 30.360.000 төгрөгийг гаргуулах эрхтэй байна. Энэ гэмт хэргийн улмаас талийгаач /хохирогч/ хүнд гэмтэл авч, бие сэтгэл санааны хүнд нөхцөл байдалд олон сар шаналсны эцэст анхан шатны шүүх хуралдаан болсон 2025.03.19-ний өдрөөс 8 хоногийн дараа буюу 2025.03.27-ны өдөр нас барж, нөхөж барашгүй нөхцөл байдал түүний ар гэрт тохиолдсон. Талийгаач нь шүүхийн тогтоолыг сонсоод хүнд цохилтод орж давхар шаналсан. Талийгаачийн хувьд шүүгдэгч нь залуухан эмэгтэй, олон хүүхэдтэй, мөн уг эрүүгийн хэрэг нь болгоомжгүй хэлбэртэй үйлдэгддэг гэмт хэрэг учраас тэрээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд иргэний хариуцагч "Мя” ХХК нь хохирол төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрдөг тул талийгаачийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохиролд 30.360.000 төгрөгийг “Мя” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд “ Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгоогүй. Шүүгдэгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоолгосны дараа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

Иргэний хариуцагч "Мя” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас хохирол төлж барагдуулаагүй. Жолооч Д.Г нь өөрөөсөө хохирлыг төлж барагдуулсан.” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар сэтгэцэд учирсан хохирлыг заавал шинжээч томилж гаргуулахаар заасан тул шүүхээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тодруулсан байх боловч анхан шатны шүүх уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...Д.Гг “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.  

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангах ёстой.

Гэтэл, анхан шатны шүүх Д.Г дээрхи эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүнд эрх хасах нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахдаа хуульд заасан 3-5 жилийн хугацааны дотор сонгон оногдуулах байтал 2 жилийн хугацаагаар эрх хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (4) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан тул дээрх алдааг залруулах болон ялыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй.

Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогчийн өмгөөлөгч Д.Отгонмаагийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/762 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                 Б.АРИУНХИШИГ