Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 000219

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир

Шүүгдэгч Л.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лд холбогдох эрүүгийн 1825002900212 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Архангай аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг оршин суух, урьд  Орхон аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор торгох ялаар шийтгүүлж байсан, Т анч овгийн Л-ийн Л

 

Шүүгдэгч Л.Л нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Богд гол ХХК-ийн биллъяардны газарт Ц.Э-тай хамт тоглож байгаад маргалдаж улмаар гадаа гарч зодолдон Ц.Э-гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэрэгт үнэн зөв мэдүүлсэн. Би хохирогч Ц.Э-тай 27 жил найзлаж, үерхэж байгаа. Хохирлыг төлнө, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Ц.Э-гийн...2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед Л над руу залгаж Богд голын биллъяард дотор байна хүрээд ир гэж дуудсан. Тэр үед би гэртээ найзтайгаа архи ууж байсан юм. Л-гийн дуудсанаар түүн дээр очиж 1 шил архи уусан. Биллъяард тоглож дууссаны дараа бид хоёр маргасан. Яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Нилээн согтсон байсан. Миний санаж байгаагаар үүдэнд Л-тай маргалдаж байсан. Ухаан орсон чинь эмнэлэгт ирчихсэн, хөлний яс хугарсан байсныг мэдсэн. Миний хувьд өнгөрсөн хугацаанд эмчилгээ хийлгэж хагалгаанд 650.000 төгрөг, 2 суга таяг авахад 62.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт 507.960 төгрөг нийтдээ 1.219.960 төгрөгийг өөрөөсөө гаргасан. Миний хувьд гомдолгүй, бид дотно найзууд гэсэн мэдүүлэг /хх 08-11 ху/,

 

-Гэрч С.Б-ийн: 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би биллъяардны газраа нээгээд байж байтал манайд заримдаа ордог Л гэдэг хүн халамцуу орж ирсэн. Мөн 20 минутын дараа Д гэдэг хүн согтуу орж ирээд тэд 1 шил архи тоглонгоо уусан. Тоглож байхдаа хоорондоо маргалдаад байхаар нь би та 2 найзууд байж маргалдаж болохгүй гэж хэлэхэд хоёулаа гараад явсан. Би 10 орчим минутын дараа үүд рүү хартал баарны үүдэнд Д ах хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/

  

- Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 349 дугаартай шинжээчийн: Ц.Э-гийн биед зүүн шилбэний ясны далд хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт үүсчээ. Уг гэмтэлүүд нь хатуу зүйлийн, зүүн шилбэний ясны далд хугарал, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал нэг удаагийн, нүүрэнд зулгаралт нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн шилбэний ясны далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цаашид бүрэн эдгэрэх боломжтой гэмтлүүд ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх15 ху/,

 

            -Богд гол ХХК-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн: ...биллъяардны газрын үүдэнд эрэгтэй хүмүүс өөр хоорондоо маргалдаж улмаар бие, биенийгээ цохих, өшиглөх үйлдэл хийж байгаа нь харагдана. 18 цаг 16 минутанд хар хүрэмтэй эрэгтэй, шар цамцтай эрэгтэйн гэдэс рүү зүүн хөлөөрөө өшиглөх үед шар цамцтай эрэгтэй нь баруун гараараа нүүр рүү нь цохиж газар унагаж байгаа байдал харагдана. Газар унасан хар хүрэмтэй эрэгтэй нь газар унасан даруйдаа зүүн хөлийн шилбэ хэсгээ зүүн гараараа барьж байна. Дээрх хүн газраас босохгүй хэвтэх бөгөөд 18 цаг 29 минутад хөдөлгөөнт эрүүлийн цагдаа ирж байна гэсэн тэмдэглэл /хх 2 ху/,

 

-Л.Лг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27-28 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Л.Лгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Л.Л нь Ц.Эг зодож эрүүл мэндэд нь зүүн шилбэний ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Э-гийн миний санаж байгаагаар үүдэнд Лтай маргалдаж байсан. Ухаан орсон чинь эмнэлэгт ирчихсэн, хөлний яс хугарсан байсныг мэдсэн гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ийн... Л гэдэг хүн халамцуу орж ирсэн. Тоглож байхдаа Д ахтай хоорондоо маргалдаад байхаар нь би та 2 найзууд байж маргалдаж болохгүй гэж хэлэхэд хоёулаа гараад явсан. Би 10 орчим минутын дараа үүд рүү хартал баарны үүдэнд Д ах хэвтэж байсан гэсэн мэдүүлэг,  хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл үүссэнийг тогтоосон 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 349 дугаартай шинжээчийн...Ц.Э-гийн биед зүүн шилбэний ясны далд хугарал,зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт үүсчээ.Уг гэмтэлүүд нь хатуу зүйлийн зүүн шилбэний ясны далд хугарал,зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал нүүрэнд зулгаралт нь нэг удаагийн үйлчлэлэр үүсэгэгдэнэ.Зүүн шилбэний ясны далд хугарал нь Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр,зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.Нүүрэнд зулгаралт нь ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.Цаашид бүрэн эдгэрэх боломжтой гэмтлүүд ба хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн  дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Л.Лгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ миний хувьд өнгөрсөн хугацаанд хагалгаа, суга таяг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөрт нийтдээ 1.219.960 төгрөгийг өөрөөсөө гаргасан гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Лгаас 1.219.960 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Эд олгох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Л.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Лас 1.219.960 төгрөг гаргуулан  Ц.Эд олгосугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ