| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0150/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2018-08-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Ч.Алтансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их тугчин овогт Чойнболийн Алтансүхэд холбогдох эрүүгийн 1807002970103 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Налайх дүүрэг 07 дугаар хороо Бадралын 14 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух,
урьд Төв аймгийн Эрүүгийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2013 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн УД62011575 дугаартай, Их тугчин овогт Чойнболийн Алтансүх.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ч.Алтансүх нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 6 дугаар гудамжинд А.Бадрангуйгийн зүүн гуян тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ч.Алтансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Алтансүх нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Бадралын 6 дугаар гудамжаар зөрж өнгөрөхдөө А.Бадрангуйгийн зүүн гуянд хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Алтансүхийн өгсөн: “Би Улаанбаатар хотоос ирээд архи уусан. Сийлбэр хийхээр хутга худалдаж аваад биедээ авч явсан. Хохирогчтой гудамжны өнцөг дээр таарч маргалдсан байсан. Би гэмт хэргийг санаатай үйлдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч А.Бадрангуйгийн өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өглөө ажлаасаа явж байгаад 10 цагийн үед баз хүргэн Алтанхуягтай таарсан юм тэгээд харих гээд Бадралын 6 дугаар гудамжны үзүүрт явж байтал өөдөөс нэг согтуу хүн явж байгаа харагдсан тэгээд зүүн талаар зөрсөн юм тэгтэл зүүн талын гуя руу цохих шиг болсон юм. Тэгэхээр нь “хүүе яаж байна аа чи” гэж хэлтэл хамт явсан Алтанхуяг “наадах чинь хутгатай байна, чамайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд хартал зүүн талын гуяны ар хэсгээс цус гарч байгаа харагдсан. Тэгээд тэр хүн Алтанхуяг руу дайраад байсан Алтанхуяг цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн юм.
...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл гэвэл 4 удаа ажилдаа очих байсан очиж чадаагүй. Баримтаар гаргаж өгье” гэх мэдүүлэг,
/хх-ийн 9 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Батбаярын өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуудлагын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэж байхад Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн 102 дугаарын утаснаас “Налайх дүүргийн Бадралын 6 дугаар гудамжинд согтуу хүн хүн хутгалчихлаа” гэсэн дуудлага ирсний дагуу Бадралын 6 дугаар гудамжинд очиход үл таних хүн зүүн гуянаас нь цус гарсан байдалтай байсан залуу “хутгалсан хүн нь тэр байна” гээд тэр хоёр цаад талд цаашаагаа явж байсан цагаан толгойтой, дээгүүрээ хар хүрэн өнгийн ноосон цамцтай хүнийг заасан ба тэр хүн дээр очиход архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай байсан ба биед нь үзлэг хийх үед хүрэн иштэй эвхдэг жижиг хутгаа газар унагасан байсныг гэрэл зургаар бэхжүүлээд авсан. Ч.Алтансүх гэгчийг согтуу байсан учраас эрүүлжүүлэх баривчлах байранд албадан саатуулсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Алтанхуягийн өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед Бадралын 8 дугаар гудамжны үзүүрт явж байтал өөдөөс нэг согтуу хүн ирж байгаа харагдсан. Тэгээд согтуу хүн юм болохоор нь би жоохон холдоод алхсан. Тэгтэл Бадрангуй хажуугаар нь өнгөрөхдөө түлхчих шиг болсон. Тэгэхээр нь эргээд хартал тэр хүний гарт хутга байж байсан. Тэгэхээр нь “хүүе чамайг хутгалчих шиг боллоо шүү дээ” гээд Бадрангуйн хөл рүү харахад зүүн талын гуяны дунд хэсгээс цус гарч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №272 дугаар:
/хх-ийн 25 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 40 дүгээр тал/
Төв аймгийн шүүхийн 200 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 42-44 дүгээр тал
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 53 дугаар тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүргэл,
/хх-ийн 57-59 дүгээр тал/
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Алтансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ч.Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч А.Бадрангуй нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй байх тул хохирогчийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ч.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их тугчин овогт Чойнболийн Алтансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Алтансүхийг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Алтансүхэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 04 дугаар захирамжаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ч.Алтансүхэд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, Ч.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч А.Бадрангуй нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Алтансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ