Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/838

 

    2025            07            09                                           2025/ДШМ/838

 

Б.Т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн /цахимаар/,

шүүгдэгч Б.Т /цахимаар/, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1351 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 240803512152 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Т, 

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн.  

Б.Т нь “Facebook” цахим орчинд “Iwaske-Tools Bagaj hudaldaa” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “Шинэ хуучин багаж худалдаж авна” зарын группэд “Батарей дрилл зарна” гэх хуурамч зар, мөн “захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар угсарна” гэсэн зар тус тус байршуулж, улмаар:

1. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 119 тоотод байсан хохирогч Т.О 30.000 төгрөгийг “Хаан” банкны 530994 дугаар дансаар шилжүүлэн авсан,

2. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.У45.000 төгрөгийг “Хаан” банкны 530994 дугаар дансаар шилжүүлэн авсан,  

3. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б80.000 төгрөгийг Хаан банкны 5309914 дугаар дансаар шилжүүлэн авсан,

 4. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ж50.000 төгрөгийг Хаан банкны 5309914 дугаар дансаар шилжүүлэн авсан,

5. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч У.Бтөлбөрийн 80% болох 4.240.000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл төлбөр 20% болох 1.060.000 төгрөгийг Хас банкны 5002674 дугаар дансаар шилжүүлэн авсан,   

 6. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Н.Д1.140.000 төгрөгийг “Хас” банкны 5002698 дугаар дансаар шилжүүлэн авсан,

 7. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Б600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,  

8. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Шөлөндөө” хоолны газарт байсан хохирогч М.И 850.000 төгрөгийг Голомт банкны 1165121 дугаар дансаар шилжүүлэн авсан,

9. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ц.А4.300.000 төгрөгийг “Хас” банкны 5002698 дугаар дансаар шилжүүлэн авсан,

10. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо 403 дугаар байрны 63 тоотод оршин суух хохирогч Е.Р3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,  

11. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт байхдаа хохирогч О.Н 30.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг нийт 1.230.000 төгрөгийг Хас банкны 50026098 дугаар дансаар шилжүүлэн авсан,

12. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э 500.000 төгрөгийг Голомт банкны 11651211 дугаар дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Тыг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Таас нийт 17.125.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт тус тус олгож, шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Би захиалгаар тавилга хийдэг байсан. Зарим хүмүүсийн тавилгыг хийж өгч чадаагүй учраас ийм нөхцөл байдалд хүрсэн. Би 2 настай хүү, эхнэрийн хамт түрээсийн байранд амьдардаг, залуу гэр бүл. Намайг хорих 461 дүгээр ангид хоригдож байх хугацаанд манайх түрээсийн байрны төлбөрөө төлж чадахгүй, миний эхнэр, хүүхэд гудамжинд гарахдаа тулсан. Мөн намайг хоригдож байх хугацаанд миний гэр бүлийг тэжээн тэтгэх ар гэр, ах дүү надад байхгүй. Хэрэв миний эхнэр, хүүхэд манай хадам аавынд очвол манай гэр бүлийг салгана гэсэн тул би үр хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Иймд надад ганц удаа боломж олгож надад оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд нялх хүүхэдтэй, залуу гэр бүл. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогч Т.От О.У, Л.Б, Б Ж нарын 206,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуульчилсан учраас ажил хийж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримталж шүүгдэгч Б.Т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т нь “багаж зарна, тавилга угсарч өгнө” гэсэн зарын дагуу нийт 12 удаагийн үйлдлээр хохирогч нараас мөнгө авч, дээрх мөнгөөр мөрийтэй тоглоом тоглосон. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг 2024 оны 08 дугаар сараас эхлэн шалгаж, 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл хохирол төлөөгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирлыг бүрэн төлөөгүй. 200.000 төгрөг төлсөн гэж байна. Олон хүнийг нэг төрлийн аргаар залилсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол төлсөн нөхцөл байдалд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Б.Т нь “Facebook” цахим орчинд “Iwaske-Tools Bagaj hudaldaa” нэртэй фейсбүүк цахим хаягаасаа “Шинэ хуучин багаж худалдаж авна” гэсэн зарын группэд “Батарей дрилл зарна” гэх хуурамч зар, мөн “захиалгаар бүх төрлийн тавилга хийнэ” нэртэй зарын группэд “тавилга захиалгаар угсарна” гэсэн зар тус тус байршуулж, улмаар:

1. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр 22 дугаар байрны 119 тоотод байсан хохирогч Т.О 30.000 төгрөгийг,

2. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.У45.000 төгрөгийг,

3. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Б80.000 төгрөгийг,

 4. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ж50.000 төгрөгийг, 

5. 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч У.Б4.240.000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1.060.000 төгрөгийг,   

 6. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Н.Д1.140.000 төгрөгийг,

 7. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Б600.000 төгрөгийг, 

8. 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо “Шөлөндөө” хоолны газарт байсан хохирогч М.И 850.000 төгрөгийг,

9. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хохирогч Ц.А4.300.000 төгрөгийг,

10. 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо 403 дугаар байрны 63 тоотод оршин суух хохирогч Е.Р3.000.000 төгрөгийг, 

11. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газарт байхдаа хохирогч О.Н 30.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөг нийт 1.230.000 төгрөгийг,

12. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Э 500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3-4, 69-70, 111-112, 152-153, 193-194, 236-237, 2хх 29-30, 2хх 76-77, 119, 62, 208-209/, Фейсбүүк орчинд харилцсан талаарх холбогдох баримт, мессежээр харилцсан талаарх баримт, дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл /1хх 12-22/, хохирогч Л.Банзрагчын Хаан банкны дансны хуулга /1хх 120-125/, Б.Жамсран эзэмшигчтэй Хаан банкны 5022879432 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Т эзэмшигчтэй Хаан банкны 5309910414 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 165-170/, У.Болортуяа эзэмшигчтэй Хаан банкны 53087712752 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Т эзэмшигчтэй Хас банкны 5002674098 тоот дансны хуулга /1хх 204-213, 248-250, 2хх 7-9/, Г.Баярцэцэгийн Хаан банкны шилжүүлгийн баримт, фейсбүүкийн харилцсан чат зурвас /2хх 31-35/, Хаан банкны 5926192886 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Т эзэмшигчтэй Голомт банхны 145015493 тоот дансны хуулга /2хх 48-53/, дансны хуулга, мөрдөгчийн тэмдэглэл /2хх 85-87, 98-96/, хохирогч Ц.Аюушсүрэнгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5039291421 тоот дугаарын дансны хуулга /2хх 128-129/, мессеж чатын холбогдох баримтууд /2хх 166-172/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 173-174/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 175-177/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 217-218, 236-240/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 233-235/,

 

яллагдагчаар Б.Тын: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би фэйсбүүк хаягуудыг ашиглан цахим орчинд “тавилга зарна, захиалгаар хийнэ, мөн багаж зарна” гэсэн утгатай зарууд оруулж тухайн хүмүүсээс төлбөр авах мөнгөнүүдийг өөрийн нэр дээр байдаг Хаан болон Хас банкны дансуудаар шилжүүлэн авч хувьдаа хэрэглэж мөн гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож үрээд дуусгадаг байсан.  ...” /3хх 87-89/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Тыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох хорих ялыг 6 сарын хугацаагаар оногдуулсан нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон ял оногдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Ялын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх зорилготой бөгөөд ял шийтгэл оногдуулахдаа тухайн хүний хүсэл сонирхолд нийцүүлэх шаардлагагүй тул Б.Т дээрх зорилгыг хангасан ял шийтгэлийг оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Б.Т нь хохиролд төлбөл зохих төлбөрөөс 30.000 төгрөг, 45.000 төгрөг, 80.000 төгрөг, 50.000 төгрөгийг тус тус төлсөн” гэх Идэрмөнх Мөнхжин гэх харилцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч хэн гэдэг хүний данс руу дээрх мөнгөн гүйлгээг хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна. 

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 51 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1351 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ