Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 900

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Цэцэгмаа би, В.Э*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох “Чингэлтэй дүүргийн газрын албанд 2003 онд өгсөн өргөдлийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийн дагуу газар эзэмших эрх авах, Засаг даргын 2015 оны А/402 дугаар захирамжийн иргэн Г.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн В.Э******* нь тус шүүхэд дүү В.У*******гийн хамтаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газрын харилцааны албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.А******* миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хүсэлтийг гаргаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл, хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу В.Э******* нь өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. 

Нэхэмжлэлээсээ татгалзаснаас үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож сайн дурын үндсэн дээр өөрийн төлөөлөгчөөр дамжуулан гаргаж байгаа болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “Нэхэмжлэгч  нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн газрын албанд 2003 онд өгсөн өргөдлийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийн дагуу газар эзэмших эрх авах, Засаг даргын 2015 оны А/402 дугаар захирамжийн иргэн Г.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******ад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гарын үсэг зурсан болно.  

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн газрын албанд 2003 онд өгсөн өргөдлийг хүлээн авч газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг хүсэлтийн дагуу газар эзэмших эрх авах, Засаг даргын 2015 оны А/402 дугаар захирамжийн иргэн Г.М*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаа бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА