Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 57

 

Л.Буянзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                           Прокурор Ц.Ариунжаргал

                           Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

                                    Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулж,

   Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгч нарын гомдлоор Л.Буянзоригт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

                   Л.Буянзориг нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 00 цагийн орчимд Өмнөговь

аймгийн Даланзадгад сумын төвд У.Алтангэрэлтэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газраас Л.Буянзоригт Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

          Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 13

дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар Л.Буянзоригийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж, Л.Буянзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Буянзоригт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.Буянзориг 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн DVD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Л.Буянзоригийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянзоригоос 2.319.987 төгрөг гаргуулж хариуцагч У.Алтангэрэлд олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч У.Алтангэрэл нь цаашид гарах эмчилгээний зардал болон өмгөөллийн хөлсөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Буянзоригт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Э.Эрдэнэчимэг нараас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолоо: Анхан шатны шүүх “Гэмт хэрэгт гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго нь хувийн сэдэлттэй байх тул Л.Буянзоригийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэжээ. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 80 дугаар 80.1.1, 80.1.5 дахь хэсэг мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 03 тогтоолын 3-т “Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилнэ” гэсэн заалттай хууль, тогтоолыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.  Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 85 дугаар “Шийтгэх тогтоол”-д “...хохирогч шүүгдэгч нар хэрэг учралын талаар өөр өөр мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж тогтоолдоо тусгасан нь анхан шатны шүүх хуралдаанд тогтоол танилцуулахдаа “...хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо муудалдсан” гэх дүгнэлт хийсэн гэж танилцуулсантай тохирохгүй байна.

Л.Буянзориг нь гудамж талбайд шөнийн цагаар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч У.Алтангэрэлийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогчид “хөнгөн” гэмтэл учруулахдаа өөрийн зүүж явсан мөнгөн гинжийг хэрэглэсэн болох нь ялтан, хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр тус тус тогтоогдсон, Гэтэл шат шатны шүүх Л.Буянзоригийн дээрх үйлдлийн талаар өөр өөр утга агуулага бүхий янз янзын зөрүүтэй үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1, 324 дүгээр зүйлийн 324.3 дэх хэсгийг  ноцтой зөрчсөн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гэж үзэж байна.

Хохирогч У.Алтангэрэл нь эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тухай баримтыг мөрдөн байцаалт прокурор, шүүхийн шатанд гаргаж өгсөөр байхад үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр зөвхөн шүүгдэгчийг ямар байдлаар тухайн хэргээс ял хариуцлага хүлээлгэхгүйгээр салгаж болох вэ гэдэг талаас нь хэргийг хэт нэг талыг барьж, шүүгдэгчтэй холбоотой эд мөрийн баримтыг хурааж авахгүйгээр фото зургаар хэрэгт хавсаргах, зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчлэх зэргээр хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчиж шүүгдэгчийг ял завших боломж олгосон гэж үзэж байна.

Хохирогч У.Алтангэрэлд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ 9.999.510 төгрөгийг хэрэгсэхгуй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж дүгнээгүй байна.

Мөн шинжээчийн үзлэгээр хохирогчид учирсан гэмтлүүд тогтоосон атал 306 тоот дүгнэлтэд учирсан гэмтлүүдийг бүрэн тусгаагүй дутуу гаргаснаас хамрын муруй, шүдний хөдөлгөөн, шүдний хугарал, нүүрэнд учирсан сорви зэрэг гэмтлүүдэд зарцуулсан зардал, мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөх болон шүүх хуралд оролцохоор Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 2-3 удаа очсон, буцаж Улаанбаатар хотод ирэхэд байнга өөрийн унаанд хийсэн бензиний болон өмгөөлөгчид төлсөн зардлуудын баримтанд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаар “Шийтгэх тогтоол”-ыг хүчингүй болгож, Л.Буянзоригт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг зөвтгөж хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Л.Буянзориг нь шөнийн цагаар, гудамж талбайд нийгмийн хэв журам зөрчин үл ялих зүйлээр шалтаглан У.Алтангэрэлийн бие махбодид халдан зодож хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн. У.Алтангэрэл нь Л.Буянзоригийн үйлдлийг хаах явцад Л.Буянзоригийн пудволка нь урагдаж гинж нь тасарсан. Л.Буянзоригийн гэмт хэрэг үйлдэх анхны сэдэлт нь “чи муухай харлаа, чи хэн юм бэ” гэх асуудлаар буюу үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан. У.Алтангэрэл Л.Буянзоригт халдсан, зодож цохьсон зүйл тогтоогддгүй. Харин Л.Буянзориг нь хохирогчид хүч хэрэглэн зодож тархи доргилт, хамар ясны хугарал, баруун дээд зовхины цус хуралт, хамар, зүүн хацрын зулгаралт, зүүн хацар, эрүү, баруун духны арьсан дор цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэж заасан. Гэтэл 85 дугаартай шийтгэх тогтоолд Л.Буянзориг, У.Алтангэрэл нарыг харилцан маргалдаж, заамдалцсан, У.Алтангэрэл нь Л.Буянзоригийн пудболканаас заамдаж урсан буюу харилцан зодолдсон мэтээр дүгнэлт хийсэн байна. Хохирогч У.Алтангэрэлийн “...Буянзориг цаана чинь сууж байгаа пизда хэн юм яахаараа над руу муухай хараад байгаа юм бэ гээд над руу заахаар нь би юу гэхэд тийм гэсэн. Буянзориг намайг машинаас буугаад ир гээд буухаар нь би машинаас буусан. Буянзориг миний хамар руу гараараа цохьсон чинь хамарнаас цус гарахаар нь доошоо бөгтийхөд тэр толгойгоороо дух руу мөргөөд байхаар нь би өөрийгөө хамгаалж түүнийг түлхсэн чинь пудволка нь урагдаад хүзүүний гинж нь тасарчихсан” гэсэн мэдүүлгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тогтоолд дурьдаагүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”. Гэтэл шүүх хохирогчийн мэдүүлгийг яллагдагчийн мэдүүлгээр үгүйсгэсэн дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар зүйлчлэлийг өөрчилж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна. Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогч, шүүгдэгч хоёр зууралдсанаас болж хувцас нь урагдаж, гинж нь тасарсан байдаг. Үүнээс болж хохирогчийн эрх чөлөөнд халдсан. Үүнээс харахад анхан шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй шийдсэн гэж байна. Халдлага эхлэх болсон асуудал нь хохирогч шүүгдэгчийн хувцсыг урсанаас болж энэ хүмүүсийн хооронд маргаан үүссэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол хөнгөн гэмтэл гэж гарсан. Хөнгөн гэмтлийн талаар эмчлүүлсэн баримт гаргаагүй. Хөнгөн гэмтэл учирсан байхад 10 хэдэн сая төгрөгний нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байгаа хохирлын хувьд шүүгдэгч төлсөн. Сүүлд гарсан 2 сая төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нотлогдож байгаа хэмжээгээр хохирлыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирочийн өмгөөлөгч нарын давж заалсдан гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Буянзоригт холбогдох 201516000152 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 95.2-т заасан журмын дагуу дүгнэлт хийж чадаагүй.

Аймгийн прокурорын газрын 2016 ны 07 дугаар сарын 07-ны өдрийн 49 тоот яллах дүгнэлтээр Л.Буянзоригийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Марал” дэлгүүрийн урд иргэн У.Алтангэрэлтэй ялимгүй зүйлээс болж маргалдан нүүрэн тус газар нь цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Анхан шатны шүүхээс Л.Буянзоригийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Тодруулбал: Л.Буянзориг нь хохирогч У.Алтангэрэлийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзэхдээ “гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт зорилго нь хувийн сэдэлттэй байх тул” гэсэн дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн үндэслэл нь тодорхойгүйгээс гадна прокурорын 49 тоот яллах дүгнэлтэд дурдсан Л.Буянзоригийн үйлдлийг нотолсон баримтуудыг нэг бүрчлэн няцааж үгүйсгэсэн дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэнгүй..

Давж заалдах шатны шүүх Л.Буянзоригт холбогдох 201516000152 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т зааснаар хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан зүйлээр хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзсэн болно.

Хэрэг цугларсан нотлох баримтыг шинжлэн судалбал:

Хохирогч У.Алтангэрэлийн ...машины өмнө талаар 25-25 дугаартай ланд 105 маркий машин хашиж зогссон. Буянзориг машинаасаа өнгийж харангуутаа цаана чинь сууж байгаа пизда хэн юм, яахаараа над руу муухай хараад байгаа юм бэ гэж над руу заахаар нь би би юу гэхэд тэр тэ чи яахаараа над руу муухай хараад байгаа юм бэ гэсэн.

Би огт танихгүй хүн тэгж хэлэхээр нь гайхаад байсан. Буянзориг намайг машинаасаа буугаад ир гэж хэлээд буухаар нь би машинаасаа буухад Буянзориг миний хамар луу гараараа цохисон. Хамарнаас цус гарахаар нь би хамраа дараад доошоо бөхийхөд Буянзориг миний дух руу толгойгоороо мөргөөд байхаар нь би өөрийгөө хамгаалах маягтай түүнийг түлхсэн чинь түүний подволк нь урагдаад хүзүүний гинж нь тасарчихсан.

Буянзориг намайг гинжээрээ нүүр лүү олон удаа шавхарсан. Тэр намайг 15 минут орчим зодсон гэсэн мэдүүлэг /хх-12-13, 175/ өгсөн байхад анхан шатны шүүх хохирогч У.Алтангэрэл, шүүгдэгч Л.Буянзориг нар нь хэрэг учралын талаар өөр өөр мэдүүлж байгаа нь эргэлзээтэй байдал үүсгэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хуульд зааснаар зөвхөн үнэнийг мэдүүлэх үүрэг бүхий этгээд байхад түүний мэдүүлэгийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэгтэй харьцуулан үзэж үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг нь эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр заасан байхад мөрдөн байцаалтын явцад хэрэг учралын талаар тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн хохирогчийн мэдүүлэгийг үгүйсгэж хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хохирогч У.Алтангэрэлийн өмгөөлөгч Л.Жавзмаа, Э.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэстэй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.2, 317.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, Л.Буянзоригт холбогдох 201516000152 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           П.ДОЛГОРМАА

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                            Х.ГЭРЭЛМАА