| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0145/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,
хохирогч Ш.Баатархүү,
шинжээч С.Төгсбуян,
гэрч С.Мөнхжаргал,
шүүгдэгч Д.Баатарцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Авгасууд овогт Дандийядамын Баатарцогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707003170112 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1966 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн мужаан сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамтаар, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Малчин 2 дугаар гудамж, 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн шугуй 38 дугаар гудамж 15 тоотод түр оршин суух,
урьд Налайх дүүргийн шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 65б, 64бб-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан ,
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Дорнод аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123-р зүйлийн 3-т зааснаар 4 жил, мөн хуулийн 124-р зүйлийн 1-т зааснаар 1 жил, 211 –р зүйлийн 1-т зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37-р зүйлд заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд 4 жилээр хорих ял шийтгэж, 1997 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 –д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 02 хоногийг тэнсэж сулласан, регистрийн УС66102458 дугаартай Авгасууд овогт Дандий-Ядамын Баатарцогт.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Баатарцогт нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн “Бүүвэйт” гэх газар архи ууж согтуурсан үедээ Ш.Баатархүүтэй маргалдаж улмаар гэрээс нь гарах үед Ш.Баатархүү нь Д.Баатарцогтыг гаргахгүй гэж хориглох үед түүнийг түлхэж болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баатарцогтийн өгсөн: “Хэрэг гарсан тухай өдөр Баатархүүгийн гэрт очиж хамт архи уусан. Баатархүү намайг нэг шил юм авч ирсэнгүй гэдгээс болж хэрүүл үүсч, ширээн дээр байсан хутгыг авч над руу дайрахаар нь би бариад аваад нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Баатархүүгийн өгсөн: “Шүүгдэгчтэй хамт архи уухаар гэрт нь очиж авсан. Манайд очих замдаа архи уугаад манай гэрт ирсэн. Би болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Манай гэрийн доошоо манай дүүгийнх амьдардаг юм. Дүү манайд ирэхэд би гэртээ ухаан алдаад унасан байсан гэсэн. Тэгээд намайг эмнэлэг рүү авч явсан байсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Мөнхжаргалын өгсөн: “Би хэрэг болсон өдөр Баатархүү ахын хашааны хаалга нь онгорхой байсан. Би гэртээ очоод эхнэртээ хэлээд бид хоёр буцаж Баатархүү ахын гэрт очсон. Гэрийн бүх зүйл хөлдсөн. Өөрөө зүүн талын орон дээр хэвтсэн, цус гойжиж гудсыг нэвтэрч хөлдсөн байсан. Би түргэн болон цагдаа дуудсан. Тэрэлжийн байцаагч очиж үзлэг хийсэн. Тэгээд ахыг түргэнээр эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгчдэгч Д.Баатарцогтйин гэрчээр өгсөн “Баатархүү согтоод над руу “чи муу ганц шил архи авчихгүй дандаа новширч байдаг юм” гэж хэлж агсам тавиад орны дэргэдэх жижиг ширээн дээрээс хутга авч над руу дайрсан. Тэр үед нь би хутганаас барьж аваад болиулах гэтэл болихгүй дайрч байгаад миний хүзүү болон гарын хурууг хутгаараа зүссэн. Тэгэхээр нь би уурлаад Баатархүүг зөрүүлж баруун гараараа зүүн шанаанд нь нэг зохисон. Тэгсэн Баатархүү ор руугаа хойш саваад унасан ба тэгж уначихаад хэсэг хэвтэж байгаад “толгой өвдөөд байна” гээд буцаад босоод ирсэн. Тэгэхээр нь би “явлаа” гэж хэлээд гэрээс гарах гээд хаалга руу дөхөхөд Баатархүү араас миний мөрөн дээрээс барьж авах гээд хувцаснаас зулгаахаар нь би эргэж хараад Баатархүүг “цаашаа яв” гэж хэлээд мөр рүү нь түлхтэл гэрийн пийшингийн дэргэд хоёр баганыхаа дунд хойшоо саваад унахаар нь би гэрээс нь гарч хаалгыг нь хаачихаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27-28 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Гомбосүрэнгийн өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баатархүү ах орж ирэхэд жоохон халамцуу л байсан. Өөр ямар нэгэн зодуулсан хүн амьтантай муудалцсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 30-31 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Наранцэцэгийн өгсөн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед утсаар ярихад Гомбосүрэн “бид нар Налайхад ороод ирчихсэн байна” гэж хэлсэн.
...Тэгээд Баатараа гэдэг найзыгаа буцаад “Болор” амралт руу найзтай нь хүргэж өгчихөөд ирлээ. Одоо амралтан дээрээ Баатараа гэдэг найзтайгаа үлдсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-33 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ш.Бат-Энхийн өгсөн “...Ш.Баатархүү ахынд яваад очтол гэрийнх нь хаалга онгорхой, гэрт нь яваад ортол Ш.Баатархүү ах гэрийнхээ зүүн орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн, гэр орон нь нэл цус болчихсон байсан. Тэгэхлээр нь би нөхөр Мөнхжаргалыг “Баатархүү ах амьд байна уу хараадах” гэж хэлээд харуулсан чинь “Баатархүү ахын нүд нь хөдлөөд байна” гэхээр нь Налайхын эмнэлэг түргэн дуудаж өгч явуулсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Цолмонгийн өгсөн “...Миний санаж байгаагаар Налайх дүүргийн 6 дугаар хороо Болор, Горхиос байх толгойдоо тархины далд гэмтлийн шинжтэй хүн ирж байсан ба тэр хүн өвчний зовиураа хэлэхгүй, асуултанд хариулахгүй байхаар нь Улаанбаатар хот руу толгойн компютер графикт харуулахаар явуулж байсан тэр хүний нэрийг санахгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 36-37 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Бадамцэцэгийн өгсөн мэдүүлэг,
/хх-ийн 43 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №08шэ/575 дугаар:
/хх-ийн 53 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
/хх-ийн 08-14 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 77-78 дугаар тал/
Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 80-87 дугаар тал/
Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 322 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 90-91 дүгээр тал/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 92-93 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Баатарцогт нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн “Бүүвэйт” гэх газар архи ууж согтуурсан үедээ Ш.Баатархүүтэй маргалдаж улмаар гэрээс нь гарах үед Ш.Баатархүү нь Д.Баатарцогтыг гаргахгүй гэж хориглох үед түүнийг түлхэж болгоомжгүй үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь дух ясны цөмөрсөн, духны хөндийн гадна дотно ялтас, этмойд хөндийн урд болон ар хана дайрсан суурын хөндийд дээд хана дайрсан шугаман хугарал, баруун дух зулай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, тархины зүүн дух хэсгийн эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Д.Баатарцогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзсан болно.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Баатарцогт нь цагдан хоригдсон хоноггүй ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Баатархүүгийн “шүүгдэгч эмчилгээний зардал 250,000 төгрөгийг надад өгсөн” гэсэн мэдүүлгийг үнэдэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Авгасууд овогт Дандийядамын Баатарцогтийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Баатарцогтын сийлбэр хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Баатарцогтод оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахт хэсэгт зааснаар Д.Баатарцогтод оногдуулсан сийлбэр хийх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно.
5. Хохирогч Ш.Баатархүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Баатарцогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ