Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/836

 

 

    2025            07             09                                          2025/ДШМ/836

 

Г.Д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Билгүүтэй /томилолт, цахимаар/,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч П.Ганбилэг,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Д холбогдох эрүүгийн 2503000000225 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.Д,  урьд:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 708 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Г.Д нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийт явах зам, Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн замд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 11 цаг 27 минутын орчимд “Subaru impreza” маркийн 222УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааран сонгож явна.”, мөн дүрмийн 3.5 “...зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Тоёота Аурис” маркийн 214УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Г эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Дг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 03 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 01 жил 09 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 01 жил 09 сарын зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тооцож, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон нэмэгдэл ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч “Ховд Бат Арвижих” ХХК нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Д нь эмнэлгийн байнгын хяналтад байдаг бөгөөд осол болох үед нүдний шил болон нүдний протез нь хугарч нүд нь юм харах боломжгүй болсон тул дүүгээ дуудаж шууд эмнэлэг явсан бөгөөд ослын газраас зугтах санаа зорилго байгаагүй. Гэхдээ шүүгдэгч Г.Д нь прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, хэргийн үйл явдал, гэм буруу дээр огт маргахгүйгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй. Г.Д нь эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ харж, Г.Д нь ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг. Г.Д нь “Гранд пик” ХХК-ийн “Гранд хилл” зочид буудалд рестораны менежер, зохион байгуулагч ажил эрхэлдэг бөгөөд 2024 оноос “Ашид ачлалт аялгуу” ХХК-ийг үүсгэн байгуулж өөрийн раgе хуудсаар дамжуулан Улаанбаатар хотын ресторануудтай хамтран ажиллах замаар хурам найр, тэмдэглэлт баяруудыг зохион байгуулж, урлагийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухай зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Иймд Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэр бүлээ тэжээх, ажил хийх, эрүүл мэндийн хувьд эмчийн байнгын хяналтад байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасны дагуу хуульд заасан доод хэмжээгээр хорих ял оногдуулж, түүнийг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний эрүүл мэндийн шалтгаан болон гэр бүлийн байдлыг минь харгалзан үзнэ үү гэж хүсэж байна.” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Дгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Г.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байна. Тодруулбал:  

Анхан шатны тойргийн шүүх Г.Д холбогдох хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/2960 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоож, шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх ба /хх156/ тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх159/ болон яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдаан товлон зарлах тухай шүүгчийн захирамж /хх160/-ийн он сар, өдөр зөрүүтэй, мөн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшлогдож, шүүгчийн захирамж /хх 163/ гарсан байх ба тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт авагдаагүй, мөн хэрэгт “Ховд Бат Арвижах” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх29-31/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох атал шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.”, мөн 34.11 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд оролцуулж болно.” гэж хуульчилжээ.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр  “Ховд Бат Арвижах” ХХК-ийг томилсон ба иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранхүүд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эсэх талаарх хүсэл зоригоо илэрхийлэх боломж нөхцөлөөр хангагдаагүй байхад иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон хэмээн ойлгож болохгүй.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь тэгш эдлүүлэх учиртай.

Тодруулбал, шүүгдэгч Г.Д нь гэмт хэргийн улмаас нийтийн эзэмшлийн гудамж талбай дахь гэрэлтүүлгийн шонг мөргөж хохирол учруулсан байхад дээрх хохирлын үнэлгээг хийж тогтоогоогүй, мөн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг зөв тогтоогоогүй, дээрхи учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1256 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ