| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2407002800028 |
| Дугаар | 2025/ДШМ/837 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/837
2025 07 09 2025/ДШМ/837
Ц.Н холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оюундарь /цахимаар/,
шүүгдэгч Ц.Н /цахимаар/, түүний өмгөөлөгч Я.Батханд,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Н холбогдох эрүүгийн 2407002800028 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Н,
Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө тухайн хугацаанд өрнөсөн ярианы утга агуулгыг “эхнэр нь казах үндэстэн болохоор гадуурхаж харьцдаг” гэж ойлгон Ж.Б хэрүүл маргаан үүсгэн улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ж.Бын цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгаж, зүсэн эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 7, 8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа, зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Ц.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Ныг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.Ныг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 2.558.951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Наас 7.729.137 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь цагаан, ягаан өнгө хосолсон цэцгэн хээтэй 19 см урт, цагаан эрээн өнгийн бариултай нийт урт 28 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өөрчилж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогч Ж.Бын хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эмчлүүлж байх хугацаанд хохирлоос гадна 4.000.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Би эхнэр Хишигжаргал, охин 5 настай Марал-Эрдэнийн хамт амьдардаг. Миний бие “Хаан банканд” цалингийн зээлтэй. Хохирогч Ж.Бын хохирлыг бүрэн барагдуулсан тул Ж.Б нь гомдолгүй гэж мэдүүлсэн. Иймд гэр бүлийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тус мэдүүлэгт “...нийтдээ 9.000.000 гаран төгрөгийн хохирол учирсан, тэр хохирлыг барагдуулсан тохиолдолд надад Ц.Н гаргаад байх гомдол, санал байхгүй...” талаар мэдүүлсэн байдаг. /хх27-30, 33-35, 38-39/, Хэдий баримтгүй ч миний үйлчлүүлэгч хохирогчийн нэхэмжилж буй хохирлоор хязгаарлахгүйгээр хохирлоо сайн дураар төлсөн байдаг ба 2хх 36-38 дугаар талд Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай баримт байх бөгөөд уг баримтаар хохирогч Ж.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 44 удаа яаралтай түргэн тусламж болон амбулаторийн тусламж үйлчилгээ авсан байдаг. Уг үйлчилгээнүүд нь миний үйлчлүүлэгч Ц.Нын учруулсан гэмтлийн улмаас үйлчлүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад шүүх анхаарч үзэлгүй шийтгэх тогтоолын 10 дахь талд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ хохирогч Ж.Бд төлөх төлбөргүйд тооцсон хэдий ч Эрүүл мэндийн даатгалын санд 7.759.137 төгрөгийн төлбөрийг миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан ба хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын сангаар хохирогч Ж.Б үйлчлүүлсэн талаар баримтыг гаргуулах хүсэлт гаргасан хэдий ч шүүх иргэний журмаар шийдвэрлээд явж болно гэдэг байдлаар дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ...гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын шинж байдал болон Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх хохирол бүрэн төлж барагдуулаагүй... зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тухайн зүйлд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Оюундарь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, хуульд заасан шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүсэх үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилсан. Тийм учраас шийтгэх тогтоол гарахад Ц.Н нь хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг төлж барагдуулаагүй нь гэмт хэргээс учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй гэж үзэх үндэслэл болно. Харин одоо шүүгдэгч нь уг хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэх үйл баримтыг ярьж, шүүх хуралдааны явцад хохирогчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулсан учраас шийтгэх тогтоолд “шүүгдэгч нь төлөх хохирол төлбөргүй” гэж дурдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтооыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх ба хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Ж.Б хэрүүл маргаан үүсгэн улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ж.Бын цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгаж, зүсэн эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 7, 8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа, зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-20/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1044 дугаар дүгнэлт /1хх 74-76/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 161 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 85-86/, Ж.Бын өвчний түүх /1хх 92-197/,
хохирогч Ж.Бын: “... Х.Кенжегүль, Ц.Н, Б.Хангарьд бид нар үлдээд шөнө хүртэл уугаад нэлээн согтсон байсан. Тэгтэл Х.Кенжегүль “Манай нөхөр намайг зоддог, хүүхдээ загнадаг” гээд яриад байсан. Би тухайн үед Х.Кенжегүлийн 2 хүүхэд унтаагүй байхаар нь аваад өөрийнхөө майханд орж унтуулсан. Тэгээд буцаад гараад иртэл Ц.Н “чи яахаараа эхнэр хүүхдээ зоддог юм” гээд намайг Х.Кенжегүлийн нөхөртэй андуураад дайраад байсан. ... Ц.Ныг Б.Хангарьдад бариулаад өөрөө майхан руу явж байтал араас хүрч ирээд цавь болон цээжинд 2 удаа хутгалсан. Тэгээд эхнэр гарч ирэхээр нь “хүн хутгалчихлаа” гэтэл Ц.Н цаана очоод сууж байсан. Би машины ойролцоо очоод ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. ...” /1хх 33-35/,
гэрч Б.Хангарьдын: “... Тэгээд Ц.Н, Ж.Б, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй бид 4 үлдээд юм яриад сууж байсан. Тухайн нэрийг нь мэдэхгүй эмэгтэй нь яс үндэс яриад байсан. Тэгтэл Ж.Б тухайн эмэгтэйд уурлаад байсан. Тэгтэл Ц.Н тухайн эмэгтэйг өмөөрөөд байсан. Миний санаж байгаагаар Ж.Б бид 3 тамхи татаж байхад Ж.Б 2 удаа Ц.Ныг боогоод байхаар нь би салгасан. Тэгээд салгатал Ц.Н цаашаа яваад хутга аваад хүрээд ирсэн. Би Ц.Нын урд ойрхон зогсож байхад Ц.Н гартаа хутга барьсан байсан ба тухайн үед Ж.Б Ц.Н руу хүрээд ирсэн. Тэгээд тэр 2 барилцаж байтал хутгалуулсан байх шиг байсан. Ж.Бын цавь гуяны гол хэсгээс цус гараад байсан. ...” /1хх 42-44/,
гэрч Г.Ганцэцэгийн: “... унтаж байтал шөнө Ж.Бын эхнэр Бадамаа ирээд Билгээг хутгалчихлаа гээд намайг сэрээсэн. Би босоод очтол Ж.Б дээшээ харсан байдалтай хэвтээд манай нөхөр Б.Хангарьд цус гарч байгаа газар цавь хэсэгт нь дарсан байсан. ...Ц.Най муудалцаад хутгалчихлаа гэж байсан. ...” /1хх 47-48/,
гэрч Х.Кенжегүлийн: “...би майхандаа ороод унтаж байтал гадаа орилоод хоорондоо муудалцаад байхаар нь би Ө.Бадамсүрэнг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд би салгах гээд гартал Ц.Н, Ж.Б нар маргалдаад салахгүй байсан. Тэгээд салахгүй болохоор нь би ороод эхнэрийг нь сэрээтэл Ө.Бадамсүрэн босоод майхнаас гарсан. ... майханд байхад Ө.Бадамсүрэн орж ирээд Ж.Б хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд би гартал Ж.Б ухаан алдсан байсан. ...”/1хх 51-52/,
гэрч Ө.Бадамсүрэнгийн: “...би унтаж байтал Х.Кенжегүль намайг дуудаад “Танай нөхөр Ц.Най зодолдоод байна” гэсэн. Тэгээд би босоод майхнаас гартал Ц.Ныг манай нөхөр Ж.Б, Б.Хангарьд нар 2 гарыг нь дарсан дээр нь сууж байсан. ...Тухайн үед Ц.Н нь Ж.Бын эхнэр нь Х.Кенжегүль гэж андуурсан гэж байсан. ... манай нөхөр Ж.Б “Хайраа наадах чинь хутгалчихлаа, хол байгаарай” гээд орилсон. Тэгээд би нөхөр дээрээ очоод утасныхаа гэрлийг тусгаад хартал өмд нь цус болсон байсан. ... Би яг хутгалж байхыг хараагүй, дөнгөж салаад эргээд хартал нөхөр Ж.Б хутгалчихлаа гэж орилсон. ...” /1хх 55-56, 59/,
яллагдагчаар Ц.Нын: “...Тэр хутгыг би гэрээсээ авчирсан хутга байгаа юм. Би уг нь гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад хашаа байшингаа барьцаанд тавиад Ж.Бын нэхсэн 4.000.000 төгрөгийг аваад Налайх дүүрэгт ирээд Ж.Бд өгөх гэтэл аваагүй хуулийн дагуу явна гэсэн. Би хохирлыг нь бүрэн төлж барагдуулах боломжтой. ...” /1хх 203-205/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Ныг хохирогч Ж.Б маргалдаж, улмаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Нын 2024 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтуурсан үедээ Ж.Бын цээжний зүүн хэсэгт, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгаж, зүсэн “цээжний зүүн талд 7, 8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа, зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.Н “...ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн, түүний өмгөөлөгч Я.Батханд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын санд 7.759.137 төгрөгийн хохирол учирсан гэх лавлагаа хэрэгт авагдсан байх боловч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан 30.000 төгрөгийн зардал гэмт хэрэг гарахаас өмнө гарсан байх тул уг 30.000 төгрөгийг хасаж тооцон, хохирогч Ж.Бын гэмт хэрэг гарснаас хойш эмчилгээ үйлчилгээнд нийт 7.729.137 төгрөгийн төлбөр гарсан байна гэж үзэх нь зүйтэй байна.
Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Нын хувийн байдал болон анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 7.729.137 төгрөгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Н анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ц.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 61 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ныг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ныг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
- 3 дахь заалтын “...5 жил 2 сарын хугацаагаар ...” гэснийг “... 3 жил 6 сарын хугацаагаар ...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Н нь Эрүүл мэндийн даатгалын санд 7.729.137 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 61 /жаран нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ