Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 154

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Т.Эрдэнэболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболдод холбогдох эрүүгийн 1807004130143 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 3 дугаар гудамж 16 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн УД91010312 дугаартай, Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболд.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Эрдэнэболд нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн орчимд согтуугаар Налайх дүүргийн 5 дугаар хорооны 72 дугаар гудамжны 02 тоотод Б.Чанцалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Т.Эрдэнэболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Эрдэнэболд нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 13-ны шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны 72 дугаар гудамжны 02 тоот Б.Чанцалын гэрт орж ус уугаад гарахдаа ямар нэгэн шалтгаангүйгээр түүнийг зодож биед нь дух-зулай ясны цууралт, тархи доргилт, нүүр, баруун чихний дэлбээнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, нүүр, нүүр толгойн хуйх, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд үс уналт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эрдэнэболдын өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаабаатар хотоос Налайхд ирсэн. Би Налайхд ирээд Городок явах унаа хүлээж зогсож байгаад нэг таньдаг хүнтэйгээ таарч мэнд мэдээд салсан. Би Городок ороод ахындаа ороод буцаж гараад Гандан-Ууланд Чукангийнд очоод, бид хоёр төв рүү орж архи аваад хөдөө гарч уусан. Бид хоёр дахь шил архиа уугаад байж байтал Чука байхгүй болчихсон байсан. Тэгээд би Чукаг хайж Городокийн байран дундуур явсанаа санаж байгаа. Түүнээс хойшхи үйл явцыг би сайн санахгүй байгаа. Би нэг сэрэхэд айлд орон дээр хэвтэж байсан, намайг цаг харахад шөнийн дөрвөн цаг болж байсан,тэр үеэр хажуу өрөөнд нэг хүний ёолох чимээ сонсогдсон. Би тэр чимээг сонсоод очтол Б.Чанцал эгч байхаар нь “Та яасан бэ? Таны бие зүгээр үү?” гэхэд надад “Чи намайг зодож нүдсэн, чамайг гэртээ оруулсаны төлөө ингэж байгаа юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Чанцал эгчид “Би согтуу байсан учраас юу ч санахгүй байна. Таныг гэмтээгээгүй гэж би өөрийгөө зөвтгөхгүй, харин таныг эмчлэх арга хэмжээг бүгдийг авна. Та харин хүнд битгий хэлээрэй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Чанцалын өгсөн “... 2018 оны 7 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед би дэлгүүр орохоор гэрээсээ гарахад нэг согтуу залуу та Нямаа эгч мөн үү, би Тайваны хүүхэд байна гэхээр нь би “өө тиймүү би Чанцал эгч нь байна, чи ямар том болоо вэ” гэхэд “эгчээ би танайд ороод ус ууя” гэхээр нь гэр рүүгээ орж ирээд зурагтаа унтраатал Тайваны хүү Эрдэнэболд араас орж ирэхээр нь би “өвчтэй хүнтэй байна, чи одоо яв” гэхэд өөдөөс учир нь ойлгогдохгүй юм яриад согтуурхаад байхаар нь “чи зайл” гэхэд ирээд толгойн баруун талд цохисноо үснээс зулгааж дахиад толгойн дагз руу цохиход би ухаан алдсан, тэгтэл дээрээс нүүр ам руу цохиж зодоод байх шиг байсан, хаана яаж зодож цохьсоныг хэлж мэдэхгүй байна, нэг сэргэсэн чинь Эрдэнэболд намайг зодсон өрөөндөө орон дээр унтаж, би газар унасан байдалтай, нүүр ам битүү хаван, нүд хөхөрсөн, толгой хүчтэй өвдөж байсан, тэгээд би Эрдэнэболдыг сэрээгээд чи намайг иймт болтол зодлоо гэхэд тийм үү би зодсон гэж үү гээд гайхаад байсан, тэгэхээр нь одоо манайхаас яв гэхэд эгчээ та битгий цагдаад хэлээрэй, би эмчилгээний мөнгийг өгнө гээд гуйж байгаад шөнийн 04 цагийн үед байх гарч явсан. ” гэх мэдүүлэг

/хх-ийн 4-6 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад Т.Эрдэнэболдын яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн үед хотоос Налайхад ирээд Городокт очиж хар Чука ахтай уулзаж дэлгүүрээс 0,75 литрийн 2 шил Соёрхол архи авч хоёулаа хойшоо хээр гар уусан. Нэг мэдэхэд Чука алга болчихсон, би байран дундуур хайгаад явж байснаа санаж байна. Түүнээс хойш юу ч санахгүй нэг сэрсэн чинь байранд айлд унтаж байсан. Эмэгтэй хүний ёолох дуу гарахаар нь сэрж гайхаад би хаана байна, та хэн бэ гэхэд Чанцал эгч нь байна, чи манайд орж ирээд учир зүггүй намайг зодсон шүү дээ, энэ нүүр ам хар гэхээр нь хартал хавдаж хөхөрсөн байсан. Тэр үед шөнийн 04 цаг болж байсан. Би гайхаж таныг би яасан гэж зодож байгаа юм бэ гэхэд битгий хуц чи хэн нэгэнтэй андуураад учир зүггүй намайг зодоод байсан, чи Тайванжаргалын хүү байна гэж хэлсэн ” гэх мэдүүлэг

/хх-ийн 9 дүгээр тал/,

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №354 дүгээр:

  1. Б.Чанцалын биед дух-зулай ясны цууралт, тархи доргилт, нүүр, баруун зүүн чихний дэлбээнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт, нүүр толгойн хуйх, баруун зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд үс уналт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

/хх-ийн 14 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 34 дүгээр тал/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

 /хх-ийн 44 дүгээр тал/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 38 дугаар тал/

Банкны лавлагаа /хх-ийн 39-40 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Эрдэнэболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чанцалын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 700.000 төгрөг төлсөн төдийгүй түүний өгсөн “надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн Т.Эрдэнэболдыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Эрдэнэболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Боржигон овогт Тайванжаргалын Эрдэнэболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эрдэнэболдыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Эрдэнэболдод мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Т.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Эрдэнэболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЧИНЗОРИГ