| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2210000000210 |
| Дугаар | 2025/ДШМ/702 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | - |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/702
2025 06 03 2025/ДШМ/702
Б.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг, Н.Мандах,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Б холбогдох эрүүгийн 2210000000210 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б_Б, /,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох ялаар,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Б” 2 хороолол, 1055 дугаар байрны 53 тоотод гэртээ хохирогч М.Оийг үл ялих зүйлээр шалтаглан, түлхэж унагааж, гараараа цохиж, түүний биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өөлд овогт Батхүрэлийн Б_Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Б нь хохирогч М.От эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны орох байсан орлого 50.633.370,45 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.М.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хохирогч Б.М.О 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардаж аваад өмгөөлөгчийн хамтаар доорх үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч М.Оийг Л.Цэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан боловч М.О нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсын хилээр гарсан байх тул Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 231000000042 дугаартай зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан талаар дурдсан боловч зөвхөн хэргийн оролцогч байхгүй гэх үндэслэлээр хэргийг тусгаарласан үйл байдлыг ашиглаж үндсэн хэргийн хохирогч байхгүй байхад хэргийн баримтуудыг хохирогчид танилцуулж улмаар учирсан хохирол, гэм хорын асуудлыг хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэрээ ч хохирогчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, гардуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4-т заасан шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, нгүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан үйлдлийг шүүх гаргасан гэж үзэж байна. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2095 дугаар дүгнэлтээр хохирогч Б.М.Оийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хоёр талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, хоёр зовхи, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, зовхинд зулгаралт, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсны улмаас Б.М.Оийн хувьд ажил хөдөлмөрөө гэмт хэрэг гарсан 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2022 оны 09 дүгээр сар гартал тасралтгүй удаа дараа хувийн эмнэлэг болон улсын эмнэлэгт /Хан-Уул дүүргийн эмнэлэг, Сэргээн засах клиник эмнэлэг гэх мэт/ хэвтэж эмчилгээг тасралтгүй хийлгэж байсан ба гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.М.О нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 7 дугаар сургуульд дизайн технологийн багш, “Буянт Ухаа” 2 хорооллын 1025 дугаар байранд гоо сайханд маникюр ажиллуулж байсан ба сардаа 2.000.000 гаруй төгрөгийн орлого олдог, мөн Б 1 хороололд жимс, жимсгэнэ, нарийн ногоо, амтлагч, хагас боловсруулсан бүтээгдэхүүний дэлгүүр ажиллуулж байсан дээрх үйл байдалд хамааралтайгаар Төрийн банк, Хаан банкин дахь харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байсныг шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолын 3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар “Хавтас хэрэгт авагдсан М.Оийн Төрийн банканд кредит карт эзэмших гэрээ, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Б 20 дугаар гудамж, 722 тоот хашаа байшинг иргэн Б.Энх-Амгалантай байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, Түрээсийн гэрээ, иргэн Н.Дэлгэрдалайгаас 2.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, Д.Ариунцэцэгээс 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, “Начин заан” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, “Хас” банкнаас 5.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, “Хос алтан зоос” ХХК-иас 3.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ “Төрийн банк” Хаан банкин дахь харилцах дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байна. /1хх 115-229/ Гэвч хохирогч М.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас ямар хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлгийн чөлөөтэй байсан талаарх баримт ирүүлээгүй, түүнчлэн дээрх зээлийн гэрээ болон банкны харилцах дансны хуулгаар түүний сарын орлого нь хэдэн төгрөг байсныг нотолж чадахгүй байна. Иймд хохирогч М.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.663.370.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийг шүүх хуралд оролцуулсан бол М.Оийн зүгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шинээр баримтуудаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хохирогч нь улсын сургуульд багшлахаас гадна хувиараа дэлгүүр ажиллуулж, орлого олдог, ажлын бус цагаараа маникюр хийж нэмэлт орлого олдог байсан учраас өөр бусад хувь хүн, арилжааны банкнаас зээл авсан нь түүнийг өр зээлээ тасралтгүй, хугацаа хэтрэлгүй өгч байсныг нотлох бөгөөд М.Оийн зүгээс өөрийн эрүүл мэндийн картыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ба тухайн картад эмнэлэгт хэвтсэн эмчлүүлсэн цаг, хугацаа тодорхой бичигдсэн байхад үндэслэлгүйгээр эмнэлэгт хэвтсэн өдөр, ажилгүй байсан хугацаа тодорхойгүй гэх байдлаар шүүх буруу дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирогч М.О нь эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалтай холбоотой 2.400.900 төгрөгийн баримт гаргаж өгчээ. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөгийг М.Оийн данс уруу шилжүүлж төлж барагдуулсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн хувьд Л.Ц эгч гэрч Л.Гн найз бөгөөд тухайн үед найзаасаа нэгэнт дүүгийнхээ гэрт дагуулж очиж тухайн үеийн буруу ойлголт болох миний дүү Л.Цн чамайг нөхөр Б.Бтай хардаад байна, чи очоод тайлбарлаад өг гэж гуйсны дагуу хамт дүүгийнх нь гэрт очиж дээрх гэмт хэрэг үйлдэгдэж М.О биедээ хүндэвтэр гэмтэл авсан учраас найзын хувиар санаа тавьж шилжүүлсэн мөнгийг шүүгдэгч Б.Б төлсөн мэтээр хэрэгт авагдсан дансны хуулга, шилжүүлгийн баримтыг анхаарч үзэлгүй хохирол төлбөр төлөгдсөн гэж дүгнэж Б.Б Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд хувийн байдлыг харгалзан ял оногдуулсан гэдэгт гомдолтой байгаа төдийгүй Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдээгүй, эрүүгийн хуульд заасны дагуу ял хөнгөрүүлэх үндэслэл байхгүй, эмэгтэй хүнийг үл ялих зүйлээр шалтаглаж зүй бус хэрцгий байдлаар зодож хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан байхад 450 нэгжийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрэхгүй төгрөгөөр торгох ял оногдуулж байгаа нь үнэхээр харамсалтай ба Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд дурдсанаар Л.Цэдэвсүрэнд 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 100.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байгааг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй ба өнөөдрийг хүртэл дээрх зөрчлийн хэргийн шийдвэртэй танилцаагүй, гардуулаагүй бөгөөд анх Л.Ц нь өөрийн нөхөр Б.Бтай хардаж Б.М.О миний биед халдаж зодож, зодооныг эхлүүлсэн, нөхрийгөө өдөөн турхирсан, Б.Бтай бүлэглэн надад хүндэвтэр гэмтэл учруулсан, нөхөр нь намайг зодож байх үед миний гарыг барьж, үснээс зулгааж, зодсон, биеийг дарж байгаад нөхрийгөө зодуулахад тусалж байсан нь энэ гэмт хэргийг Б.Бтай хамтран үйлдсэн гэж үзэж байгаа ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/Ш31037 дугаар шүүгчийн захирамжид хохирогч М.Оийн биед учирсан дээрх олон тооны шарх, гэмтлийг Б.Б ганцаараа учруулсан эсэх, түүний эхнэр Л.Цйн үйлдэл оролцоо байгаа эсэхийг нягтлан шалгах шаардлагатай гэж үзсэн дүгнэлтийн дагуу холбогдох ажиллагааг бүрэн шалгаж тогтоолгүйгээр 100.000 төгрөгөөр торгосонд үнэхээр гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1 -т “шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй” заасны дагуу хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг гадаад улсад эмчлүүлэхээр явсан байхад хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн, Л.Цгийн гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоог огт шалгаагүй, түүнд ял завшуулсан, зарим яллагдагчид холбогдох хэргийг буруу тусгаарласан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж хэргийг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/114 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа прокурорын байгууллагад хэргийг буцаах шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад намайг бүлэглэж зодсон үйлдлийг шалгаагүй. Миний гаргаж өгсөн эмнэлгийн болон хохирлын баримт хэрэгт байхгүй, алга болсон. Би энэ баримтуудыг байцаагчид өгсөн. Яагаад энэ баримтууд хэрэгт байхгүй, алга болсныг мэдэхгүй байна. Хэргийг дахин анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэвэл энэ баримтыг дахин гаргаж өгөх боломжтой. Тиймээс хохирлоо нэхэмжлэх эрхийг нээж өгнө үү. Намайг гадаад улс руу эмчилгээнд явсан байхад оргон зайлсан мэтээр бичиж, шүүх хуралдаанд оролцуулаагүй. Гэр бүлийнхээ балмад явдлаар миний нэр хүндэд халдсанд гомдолтой байна.” гэв.
Хохирогч М.Оийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч үндэслэлгүйгээр хэргийг тусгаарласан гэж үзэж гомдол гаргасан. Нэр бүхий 3 хүнд холбогдох үйлдлийг нэгтгэж шалгаж байсан. Хохирогчийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэлд, нөгөө 2 этгээдийг бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг хамтад нь шалгаж байсан боловч Б.Бын эхнэр Л.Цн үйлдлийг зөрчлийн хэрэг гэж үзэн шийдвэрлэсэн. Үндэслэлгүйгээр хэргийн нэг оролцогчийг ял завшуулсан. Хохирогчийн эрхийг хэрхэн, ямар байдлаар хөндсөн бэ гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн гомдлоор хязгаарлахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү. Хохирогч 2022 онд Олон Улсын Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Швед улсад очиж эмчлүүлсэн. Хууль хяналтын байгууллагаас Олон Улсын Интерполын байгууллагаар хохирогчийг эрэн сурвалжлуулсан гэж хэлдэг боловч хавтаст хэрэгт энэ талаар авагдсан нэг ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, дотоодод Цагдаагийн Ерөнхий газрын сайтад тавигдсан. Хохирогч санаатайгаар зугтаасан эсхүл тэр нөхцөл байдлыг ашиглаж, хууль хяналтын байгууллага хийгдвэл зохих ажиллагааг хийлгүйгээр үндэслэлгүйгээр хэргийг тусгаарласан уу гэдэг дээр давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү. Хохирол төлбөрийн баримттай холбоотой асуудал яригдаж байгаа учраас энэ асуудлыг шалгуулъя, миний өгсөн баримт хэргийн материалд байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзсэн. Энэ асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.2, 1.7 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж, давж заалдах шатны шүүх тухайн шүүгчийн захирамжийг зөвтгөсөн нь хэрэгт авагдсан. Хохирогчийг оролцуулж, хэрэг тусгаарласныг зөвтгөсний үндсэн дээр анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бол өнөөдөр яригдаж байгаа гомдлууд тэндээ шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байсан. Хохирогч өмгөөлөгчөө сольж, өөр өмгөөлөгч авч байгаатай холбогдуулж, анхан шатны шүүхэд хандсан. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэдэг асуудлаас илүүтэйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон гэдэг үндэслэлээр хэргийг архивд өгсөн байсан. Удаа дараа шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчид гардуулсан гэдэг бичиг хэргийн материалд авагдсан. Гардуулаагүй байж гардуулсан гэж үзсэн нь хохирогчийн эрх зүйн байдалд нөлөөлсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.
Хохирогч М.Оийн өмгөөлөгч Г.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хохирогч М.Оийн орлого нотлогдохгүй, тодорхойгүй байна” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт Төрийн банкны 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх дансны хуулга авагдсан. Энэ дансны хуулгаар 54.924.963 төгрөг орлого олсныг 8 сард хуваахад сард 6.000.000 төгрөгийн орлого олж байна. Дансны хуулгыг харах юм бол маникюр хийж байсан, дизайн, технологийн багшаар ажиллаж байсан цалин, жимс худалдаалан олж байсан орлого нийтдээ гарч ирж байна. Мөн Хаан банкны 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх дансны хуулгаар хохирогчийн орлого 13.707.743 төгрөг байгаа. Тиймээс анхан шатны шүүх “хохирогчийг орлого олж байсан нь тогтоогдохгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2 дугаар хавтаст хэргийн 9-10 хуудаст зээлийн мэдээллийн дансны хуулга авагдсан. Хохирогч Начин заан банк бус санхүүгийн байгууллага, хувь хүнээс зээл авч байсан. Энэ зээлээ гэмт хэрэг болохоос өмнө төлж байсан баримт нь хэрэгт авагдсан. М.Оийн найз н.Га энэ хэрэгт хутгаж, “чи манай дүүд тайлбарлаад өгөөч” гэж хэлсэн. Түүний буруутай үйлдлээс энэ гэмт хэрэг гарсан гэж үзэн найзын хувьд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Б.Быг хохирол 3.000.000 төгрөгийг төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гэрч н.Г “би найзынхаа эмчилгээний зардалд нэмэр болох болов уу гэж 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Л.Цн, н.Га, М.О нар “Л.Цн, М.О нар харилцсан зодолдсон” гэж мэдүүлсэн байхад зодооныг салгах гэж байсан Л.Цэдэвсүрэнд ямар нэг гэмтэл байгаагүй гэсэн нь үндэслэлгүй. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжид “М.Оийн биед учирсан олон тооны шарх, гэмтлийг Б.Б ганцаараа учруулсан эсэх, түүний эхнэр Л.Цйн үйлдэл, оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоо” гэж бичсэн. Прокурор эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл энэ ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Б” 2 хороолол, 1055 дугаар байрны 53 тоотод гэртээ хохирогч М.Оийг үл ялих зүйлээр шалтаглан, түлхэж унагааж, гараараа цохиж, түүний биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, 2 талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, 2 зовхи, дух хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
дуудлагын лавлагааны хуудас /1хх 10/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2276 дугаартай дүгнэлт /1хх 46-47/, Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2-4в/67 дугаартай албан бичиг /2хх 94/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2095 дугаартай “1. М.Оийн биед бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хоёр талын хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, хоёр зовхи, дух, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал эрүү, зовхинд зулгаралт, завжны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, цохих үйлдлээр үүсэх боломжтой. 3. Уг гэмтэл нь 1-2 хоногийн дотор үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх 42-43/,
хохирогч М.Оийн: “....” /1хх 21-22, 24-25/,
гэрч Л.Гийн: “....” /1хх 40-41/,
яллагдагчаар Б.Бын: “...Манай эхнэр Л.Цйн хувьд гэвэл М.Оийн биед огт гар хүрч чадаагүй. Харин зодуулж мөн хөл, гараасаа хазуулсан. Харин М.Оийн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан. Миний бэлэг эрхтнээс баруун гараараа хүчтэй базаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах, өөрөөсөө ходуулах зорилгоор баруун гараа атгаад ээлжлэн олон удаа цохисон бөгөөд биеийнх нь бүх хэсэгт хүчтэй цохисон. ...” /1хх 80-81, 2хх 64/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.М.Отэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл болох 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарын “...үндсэн хэргийн хохирогч байхгүй байхад хэргийн баримтуудыг хохирогчид танилцуулж улмаар учирсан хохирол, гэм хорын асуудлыг хохирогчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50.663.370.45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийг шүүх хуралд оролцуулсан бол М.Оийн зүгээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд болон шинээр баримтуудаа гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Анхан шатны шүүх хохирогч М.Оийг Л.Цйн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байсан боловч М.О нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан байх тул Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2310000000042 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай тогтоолоор М.От холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж /2хх 96-97/ шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч М.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед буюу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр улсын хилээр гарсан, шүүх хуралдаанд оролцоогүй байгаа нь түүний эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.1-д “яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол;”, 1.2-т “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;” хэргийг түдгэлзүүлэхээр хуульчилсан бөгөөд хохирогч байхгүй асуудлаар хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах ёстой.
Харин мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “хохирлын баримтуудаа мөрдөгчид өгсөн, хэрэгт байхгүй, алга болсон” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байх ба энэ нь шүүхийн шалгах асуудал биш юм. Тухайн асуудлаа эрх бүхий байгууллагад нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.
Мөн хохирогч М.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийн улмаас ямар хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй эмнэлгийн чөлөөтэй байсан талаарх баримт ирүүлээгүй, түүнчлэн дээрх зээлийн гэрээ, болон банкны харилцах дансны хуулгаар түүний сарын орлого нь хэдэн төгрөг байсныг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 50.633.370,45 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.М.О нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Наранцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ