Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 875

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин, Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар, Шүүгдэгч Б.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Э холбогдох эрүүгийн 1806 03067 1025 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 41 дүгээр байр 2 тоотод түр оршин суух бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ял оногдуулсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Б  овогтой Б  Э

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Энь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 520 дугаар байрны 56 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэсувдын гэрээс иргэн Г.Нямсүрэнгийн эзэмшлийн "Dell" брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байнаа.” гэв. Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-7-8/, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-26-27/, хохирогч Г.Нямсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-12/, иргэний нэхэмжлэгч Б.Чингүүнжавын өгсөн мэдүүлэг /хх14/ гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн мэдүүлэг /хх-4, 15-16/, гэрч Э.Мөнх-Ертөнцийн өгсөн мэдүүлэг /хх-17/, шүүгдэгч Б.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоол /хх-32-38/, шүүгдэгч Б.Э ийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/, шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-49-50/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 520 дугаар байрны 56 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэсувдын гэрээс, иргэн Г.Нямсүрэнгийн эзэмшлийн "Dell" брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Мөрдөн байцаалтад хохирогч Г.Нямсүрэнгийн өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр сургууль дээрээ 19 цагийн орчим номын санд сууж байхад авга эгч Б.Эрдэнэсувд над руу залгаад “нөүтбүүк чинь алга болсон байна, Б.Эавч явсан байна” гэсэн... 2 жилиин өмнө BSB худалдааны төвөөс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. "I-5" нөүтбүүк байсан..." /хх-12/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Чингүүнжавын өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Б.Эгэж хүн өөрийнхөө бичиг баримтаар "Dell" брендийн нөүтбүүкийг 300.000 төгрөгийн барьцаанд 7 хоногийн хугацаатай 7 хувийн хүүтэй барьцаанд тавиад 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 7 хоногийн хугацаатай сунгуулсан. ...300.000 төгрөгөө нэхэмжилж байна..." /хх-14/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн: “"...2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 17 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520 дугаар байрны 56 тоотоос "Dell"-маркын нотебүүкийr Сэлэнгэ аймгийн иргэн Б.Энь хулгайлан авч гарсан тул хэргийг илрүүлэн шалгаж олж өгнө үү." /хх-4/

...2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай том хүү Э.Мөнх-ертөнц байж байхаар нь “би гэрээс гараагүй юм уу, гарлаа” гээд утсаар залгаад байсан гэсэн чинь манай хүү Б.Э“ах байхгүй би хүлээгээд сууж байна” гэхээр нь юу болсон талаар асуусан чинь Б.Эгэх зүс таних залуу манай хүүг дэлгүүр рүү тамхинд гаргаад буцаж орж ирэхэд нь манай дүүргийн "Dell" маркийн нотебүүкийr хулгай хийж явсан байсан. Тэгэхээр нь шууд орцны камер шүүж үзсэн чинь авч явж байгаа нь бичлэгт бичигдсэн байсан. ...2016 онд Сэлэнгэ аймгтйн Сайхан суманд Онцгой байдлын газарт гал сөнөөгч байхад нь манай хүргэн Сэрд-Од анх танилцаад түүнээс хойш манай гэр бүлтэй танилцаад гэрээр орж гардаг байсан....Саарал өнгийн 15 инчийн 2016 онд Эрдэнэт хотоос шинээр нь 1.500.000 төгрөгөөр авч байсан...” /хх-16/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнх-Ертөнцийн өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр намайг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520 дугаар байрны 56 тоотод гэртээ байж байхад Б.Эах над руу өдрийн 13 цагийн үед өөрийнхөө 80205589 дугаарын утаснаас залгаад “цуг ажиллах газар руугаа явъя хувцсаа өмсөөд байж бай” гэсэн. Тэгээд өдрийн 17 цагийн үед манай гэрт орж ирээд хувцас хунараа тайлаад сууж байгаад намайг “чи тамхинд яваад ир” гээд 500 төгрөг өгсөн. Тэгэхээр нь би гүйгээд түцнээс тамхи аваад эргээд гэртээ ирсэн гэрийн хаалга онгорхой Б.Эах гэрт байхгүй байхаар нь хэсэг зуур хүлээж байсан. 18 цагийн үед манай гэрийнхэн ирээд нагац ахын хүүхэд Нямсүрэнгийн нөүтбүүк алдагдсаныг мэдээд орцны хяналтын камерийн бичлэг шүүж шалгуулсан чинь Б.Эах манайхаас нөүтбүүкийг аваад гарч байсан. Тэгээд цагдаад хандсан....Анх 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ирж байсан. Тэрнээс хойш 2-3 удаа ирж байсан. Ирэхдээ надтай “ийм ажил хийх үү тийм ажил хийх үү” гэж ярьж байсан. Б.Эахыг би гэртээ ганцааранг нь үлдээгээд гарсан." /хх-17/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Э яллагдагчаар өгсөн: “Хамт ажилладаг найз Сэр-Одын дүү болох Мөнхөөгийн гэрт 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр очоод нөтбүүкийг нь аваад гарсан. Тэгээд сансарт байрлах ломбарданд 300.000 төгрөгийн барьцаанд тавиад үрж дуусгасан.”/хх-49-50/ гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, -Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоол /хх-32-38/, -Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Энь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр 520 дугаар байрны 56 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэсувдын гэрээс, иргэн Г.Нямсүрэнгийн эзэмшлийн "Dell" брендийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна гэж үзэж шүүгдэгч Б.Э 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулахаар шүүхэд хэргийг ирүүлжээ.

Гэвч шүүгдэгч Б.Энь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 1-д зааснаар шүүгдэгч Б.Э Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1- д зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ял нь оруулан тооцохоор тогтов. Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 36.2, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ба овогтой Б н Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Э 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 1-д зааснаар шүүгдэгч Б.Э Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулах 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Э цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ял нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Э оногдуулсан 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Б.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС