| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2208026421580 |
| Дугаар | 2025/ДШМ/701 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/701
2025 06 03 2025/ДШМ/701
Б.Ө холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Халиунаа,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Т.Багахүү,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Ө холбогдох эрүүгийн 2208026421580 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Ө, ;
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан;
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Эыг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь утсаар холбогдож байраа зарж байгаа, 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Т.Б.Эыг хуурч Хаан банкны өөрийн 54210890 дугаартай дансаар 3 удаагийн үйлдлээр 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Өыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ө 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өын хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Эд 39.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Өаас 11.000.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эд олгож, хохирогч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шууд бус хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, улсын чанартай төв замаас өөр замаар зорчихгүй байхыг даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ө 15.000 нэгжээр торгох ял шийтгүүлсэн ялын санкц хөнгөдсөн. Би тухайн үед өвчтэй, Чех улсад эмчлүүлж байсан учраас давж заалдах гомдол гаргаж чадаагүй. Давж заалдах гомдол гаргах эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргаж, давж заалдах гомдол гаргасан. Б.Ө нь энэ мөнгийг шилжүүлж авахаас өмнө өөрийнхөө дансаар 50.000.000 төгрөгийг авахаар ахлах нягтлан бодогч н.Анхтуяа гэдэг хүний оролцоотойгоор үйлдсэн. н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн салбарын захирал хийдэг. Энэ хүн зээлийг гэрээг баталсан. Намайг байхгүй байхад, миний зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө данс руу 50.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. Хүмүүсээс асууж үзэхэд ял тэнссэн, олон хүнийг залилсан, 50.000.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гэмт хэрэг үйлдсэн байхад бага ял оногдуулсан байсан. Би өвчний улмаас эмчилгээнд явж, хорт хавдартай, эмчилгээгүй болсон. Энэ хүний учруулсан хохирол одоог хүртэл дуусаагүй, байр 68.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, банкнаас байнга “байрыг чинь хурааж авлаа” гэж дарамталдаг. 50.000.000 төгрөгийн үндсэн хүү 30.000.000 төгрөг, үүнээс гадна хүү байгаа. Би 120.000.000 төгрөг төлсөн. Б.Өаас 50.000.000 төгрөг гаргуулж авсан ч үр дагавар үүсэхээр байна. Би цаашид банканд холбогдуулж гомдол гаргана. Хуульд зааснаар авсан үндсэн мөнгөнөөс давсан хүү гаргуулна гэж байдаггүй юм байна. Би хүрч ирэнгүүтээ өндөр хүүтэй байна. Одоо 68.000.000 төгрөгийн үлдэгдэл байна. 120.000.000 төгрөг төлснөөс чи 50.000.000 төгрөгийг төлж, би 70.000.000 төгрөгийг төлсөн. Чамаас болж энэ асуудал үүссэн. Энэ мөнгөнөөс төлөлцөөд өгөөч” гэхэд “шүүх хуралдаан болсон. Гомдлоо гаргаад яв. Би төлж чадахгүй, чаддаг газраараа яваад ав” гэж хэлсэн. Надад их хэмжээний хохирол учруулсан. Б.Ө нь 50.000.000 төгрөгөөс дээш хохирол учруулж, 2 удаагийн гэмт хэрэг үйлдэж, ял тэнсэж, миний хохирлыг бүрэн барагдуулаагүй байсан. Гэмт хэргийн үр дагавраас болж үүссэн мөнгөнөөс төлөхгүй гэж байгаа бол энэ мөнгийг нэмүүлж, иргэний журмаар явахгүй, энэ хүнд ялыг нь оногдуулах хүсэлтэй байна. Хуульд заасны дагуу миний гаргасан гомдлыг үндэслэж, шүүгдэгчид ял оногдуулж өгнө үү. Энэ хүн цаашдаа мөнгө төлөхгүй юм байна. Би 68.000.000 төгрөгийг төлөх юм байна. Би 100.000.000 төгрөгийн зээл авч, хүнд залилуулаад, 180.000.000 төгрөг болгож төлөхөөр байна. Надад эмчилгээний зардал хэрэгтэй байна. Мөнгөө өгчихөөч гэхэд “чадвал 10.000.000 төгрөг өгнө. Чадахгүй бол явдаг газраараа яваарай” гэж хэлсэн. Би группэд байдаг. Гэр орноосоо хөөгдөж байгаа хүний сэтгэл санаа ямар олигтой байх вэ. Үлдэгдэл мөнгийг нь би өөрөө төлж дуусгая. Тиймээс шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял, шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Б.Эын намайг олон хэрэгт холбогдож шийтгэгдсэн, асуудал үүсгэсэн юм шиг ярьж байна. Анхан шатны шүүх надад торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс хохирол төлбөрийн хувьд хэдэн төгрөгийн хохирол учирсан баримтаа цуглуулж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.” гэв.
Шүүгдэгч Б.Өын өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн байр сууриа илэрхийлж оролцсон. Давж заалдах гомдолд шүүх хуралдаанд хэргийн материалд авагдсан баримтаас зөрүүтэй асуудал яригдаж байна. Иргэд хооронд амаар 50.000.000 төгрөг зээлсэн асуудал яригдаж байгаа. Б.Э Богд банкнаас өөрийн харилцах дансаар 100.000.000 төгрөг авсан. Б.Э нь Б.Ө 50.000.000 төгрөг зээлэхдээ өөрийн Хаан банкны данснаас зээлсэн. Богд банкнаас авсан 100.000.000 төгрөгөөс 50.000.000 төгрөг зээлсэн асуудал байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судалж, нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор энэ асуудлыг Б.Эаас асуулт асууж, тодруулан нотолсон. Өөрөөр хэлбэл, Богд банкнаас авсан зээлээ Б.Э өөрөө зарцуулж, дуусгасан. Салбарын захирал болон зээл олгосон асуудал дээр гомдол гаргасан байна. Хохирогч банкнаас авсан зээл, зээлийн хүү, алдангийг өөрөө хариуцах ёстой. Богд банк, Б.Э нарын байгуулсан зээлийн гэрээнд Б.Ө хамтран зээлдэгчээр оролцоогүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үү, зээлийн харилцаа юу гэдэг дээр хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж хэлсэн. Амаар байгуулсан зээлийн гэрээтэй холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх ёстой юу, гэмт хэрэг үү, зээлийн харилцаа юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийлгэхийг хүссэн. Анхан шатны шүүх энэ асуудал дээр дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд гэмт хэрэг гэж үзсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн хүү яригдах ёстой. Богд банкнаас авсан зээл Б.Ө хамааралгүй. Б.Э банкнаас зээл авч, хүү, алданги төлж чадаагүй асуудал яригдаж байна. Тохирсон цаг хугацаандаа төлж чадаагүй гэм буруутай асуудал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг дээрээ маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулж, шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлсэн. Мөн шүүхээс хохирогчид 11.000.000 төгрөгийн хохирол учирсан энэ төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх шийдвэр гаргасныг хугацаанд нь мөн төлж барагдуулсан. Олон гэмт хэрэг үйлдсэн асуудал яригдаж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэрэг шийдвэрлэсэн цаг хугацаа нэг ижил, 2022 оны 06 дугаар сард үйлдэгдсэн хэргүүд байдаг. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч М.Одбаяр оролцож, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргүүд байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр шалгаж байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг нэгтгэх хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, ял оногдуулахгүйгээр тэнссэн. Хуульд заасны дагуу эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр үргэлжилсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа бол нэгтгэж шийдвэрлэх ёстой байсан. Гэхдээ хэргийг тус тусад нь шийдвэрлэж, эрх зүйн байдлыг дордуулсан дээр гомдол гараагүй. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулсныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оногдуулахгүй байх шүүгчийн захирамж гарсан. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эдгээр баримтыг гаргаж өгөх хүсэлтэй байна. Иргэд хоорондын байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү яригдахгүй. Зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү яригдана. Б.Ө, Б.Э нар бичгээр гэрээ байгуулаагүй.” гэв.
Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Б.Эын гаргасан гомдолтой танилцсан. Тус гомдолдоо хамтран зээлдэгчийн гарын үсэггүй зээл олгосон гэж бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгч байгаа баримтууд үндэслэлгүй байна. Мөрдөн байцаалт, прокурорын шат, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч энэ талаар дурдаж байгаагүй. Мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд гомдол, хүсэлт гаргаагүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд авагдаагүй. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Ө 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Ө нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Эыг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь утсаар холбогдож байраа зарж байгаа, 3 хоногийн хугацаатай мөнгө зээлээч гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Т.Б.Эыг хуурч Хаан банкны өөрийн 5421089043 дугаар дансаар 3 удаагийн үйлдлээр 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:
Б.Өын Хаан банкны 5421089043 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51-53/,
хохирогч Б.Эын Хаан банкны 5495291306 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 22/,
хохирогч Б.Эын: “... ...” /хх 30-34/,
гэрч Х.Бйн: “.... ...” /хх 38/,
гэрч Г.А: “.... ...” /хх 40/,
яллагдагчаар Б.Өын: “.... ...” /хх 106-107/ гэх мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээр дурдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Эыг хуурч Хаан банкны өөрийн 542108 дугаар дансаар 3 удаагийн үйлдлээр 50.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хохирогч Б.Э “... шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ө холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрөл болох 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ