| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2406000003553 |
| Дугаар | 2025/ДШМ/732 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Манилцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/732
2025 06 12 2025/ДШМ/732
Д.У холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Манилцэцэг /томилолтоор/,
яллагдагч Д.У /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/3306 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Д.Уийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406000003553 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д.У, ;
1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жилийн хугацаагаар хорих ял,
2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 544 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял,
3. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 402 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1155 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ял,
5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан.
Д.У нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дугаар хороолол 37/б байрны гадна амь хохирогч Х.Т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь түүний толгойн тус газарт банзаар 2-3 удаа цохиж амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос: Д.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.У нь сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлоо нэхэмжлэх тул шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан болно. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тавдугаар зэрэглэлд хамаарах боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг Хүний амьд явах эрхийн эсрэг/ заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж заажээ. Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхбаярт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргуулахыг прокурорт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Захирамжид дурдагдаагүй боловч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн асуудлаар мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирол, хор уршгийг хуульд зааснаар бүрэн гүйцэт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул дээрх үндэслэлээр яллагдагч Д.У холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Яллагдагч Д.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар туршилт хийлгэх санал хүсэлт гаргасан боловч прокурор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хүний эрүүл мэнд амь насанд аюултай тул хүлээн авах боломжгүй гэж эсэргүүцсэн. Хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллага тусгай мэдлэгтэй хүнээр ямар нэгэн эд зүйл оруулан хийлгэнэ гэж хүсэлт гаргасан. Учир нь 93 см урттай 11 см өргөнтэй 3.3 см зузаантай банзаар хүний толгойд 2-3 удаа цохивол ямар гэмтэл учирч болох талаар тодруулах зайлшгүй шаардлагатай. Би тухайн хүнийг над руу дайрах үед мөр хэсэгт нь банзаар цохисноо хүлээж байгаа. Гэрчийн мэдүүлээд байгаа шиг толгойд нь 2-3 удаа цохисон зүйл байхгүй. Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэж үзэж байгаа тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан боловч прокурорын зүгээс мэдүүлгүүдийн зөрүү байхгүй гэж эсэргүүцэн намайг гэрч нарын өгсөн мэдүүлэг дээр үндэслэж хохирогчийн толгойд 2-3 удаа цохиж хүний амь нас хөнөөсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйчилж буруутгаж байгаа.Гэрчүүд тухайн бодит болсон үйл явдлаас тэс өөрөөр амьдрал дээр болоогүй зүйлийг болсон мэтээр мэдүүлж, хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн 37Б байрны орц руу харсан камерын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шөнө бичигдсэн бичлэгийг шалгавал гэрч нарын худал мэдүүлсэн болох нь ил тод болно. Тухайн хэрэг болох гол шалтгаан хохирогч Тамирт намайг буруугаар ойлгуулсны улмаас болсон. Намайг подвалоос гарахад тэр Солонго, Тамир, Батбаатар, Батдэлгэр нар байсан, миний талаар тэд нар юу ярилцсаныг мэдэхгүй, орцноос гарахад Батбаатар нь “нөгөөх чинь энэ шдээ, гараад ирлээ” гэх учир битүүлэг зүйл ярьж Солонгоотой хамт цаашаа явсан. Харин хохирогч Тамир надаас “гинж хаана тавьсан, Баагий та хоёр зааж өгөхгүй бол ална шүү” гэхээр нь юун гинж би чамайг танихгүй угаасаа тэр хүнийг анх удаа харж байгаа болохоор албаар хэрүүл өдөөд Боолоо ахыг зодсон шигээ намайг зодох гээд янз бүрийн юм асуугаад байгаа юм байна гээд “та хүн андуураад байна, хүн амьтан зодож байж та өөрөө асуудалд оров” гэж хэлээд өмнө нь хэд хэдэн удаа таарч байсан зүс мэдэх Батбаатараас юун гинж гэж асуух гэж Солонго тэр хоёрын араас очиход Батбаатар нь үгийн зөрүүгүй, үзэх үү гээд босоод ирсэн. Би 38Б байрны ар дахь хүүхдийн тоглоомын талбайд онгоцонд нуугдаж сууж байхад Батдэлгэр утсаар залгаж хаана байна гэж асуусан, би ойрхон байна яасан гэхэд хүрээд ир, яах ч үгүй гээд дуудаад байхаар нь “наад 2 хүн чинь намайг нийлж зодох гээд байна” гэхэд “зүгээр би байгаа юм чинь яах ч үгүй” гэсэн болохоор нуугдаж байсан газраасаа гарч очиж явах замд мод байхаар нь авсан. Батбаатар “нөгөө писда чинь мод барьчихсан ирж байна” хардаа гэх зэргээр хохирогч Тамирт хандаж байсан ба би зүгээр учраа ололцъё та нар буруугаар ойлгож хүн андуураад байна гэх үед хохирогч арагшаа сандал налаад унасан. Энэ үед Батбаатар, Солонго нар зүгээр хараад сууж байсан ямар нэгэн салгаж болиулах үйлдэл хийгээгүй гэнэт Батбаатар босоод гүйгээд явсан, харин хохирогчийн хамраас цус гарч байсан цусыг арчих гээд зүгээр үү гэхэд амандаа хараалын үг хэлээд зүгээр байсан болохоор би газар унасан модоо аваад яваад өгсөн. Яллах дүгнэлттэй танилцаад би толгой руу нь цохиогүй байхад яагаад худал мэдүүлэг гэрч нар өгсөн болох, миний цохилтоос биш хүмүүст зодуулж гэмтэл авсан болохыг ойлгоод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтыг дахин хийлгэх хүсэлт гаргасан юм. н.Батбаатар гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг авснаас өөр иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял эдэлж шүүхээр орж байсан эсэхийг тодруулсан зүйл хавтаст хэрэгт байхгүй, энэ хүнийг шалгуулах. Гэрч н.Солонго, н.Батдэлгэр хоёр ямар шалтгааны улмаас худал мэдүүлэг өгч н.Солонго намайг гүтгэх болсныг шалгуулах. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой намайг баривчлахаас өмнө цуг байсан н.Сарангуа, н.Бямбаа, н.Батдэлгэр нар тэр үед н.Бямбаа хохирогч н.Тамир болон н.Батбаатар хоёртой муудаж нэгийг нь цохисон, зугтсан нөгөөхийг нь давхар хамж унагаад зодсон гэж ярьж байсан. Яг хэдийд хэнийг нь зодсон талаар н.Бямбааг шалгуулах. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгсөн байсан гэж прокурор хэлсэн. Гэтэл би тэр үед өмгөөлөгч аваагүй, авах мөнгө ч байхгүй, одоог хүртэл миний бие төлбөрийн чадваргүйн улмаас улсын өмгөөлөгч Э.Түвдэн гэдэг өмгөөлөгчтэй байгаа. Талийгаачийн толгой хэсэгт нь цохисон гэж бичиж тэрийг нь прокурор миний эсрэг нотлох баримт болгож байгаад мөрдөгч н.Ёндонцоод гомдолтой байна. Амь хохирогч н.Тамирын биед учирсан гэмтлүүдийг хэдийд, хаана, хэн учруулсныг шалгуулж тодруулах. Иймд мөрдөн байцаалт дахин хийлгэх хүсэлттэй байна. ...” гэв.
Яллагдагч Д.Уийн өмгөөлөгч Э.Түвдэнээс: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байгаа. Тэгэхээр Д.Уийн гомдолд дурдагдсан асуудлыг прокурорт буцаасан даруйд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хүсэлт, гомдол гаргаад асуудлуудаа тавих бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Д.У энэ талаар олон удаа тайлбарлаж хэлсэн боловч өмгөөлөгчтэйгөө ярилцахгүйгээр өөрөө давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Тиймээс гомдлыг нь дэмжиж оролцож байна.” гэв.
Прокурор Г.Манилцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Яллагдагч Д.Уийн зүгээс гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн зүйл яриад байдаг. Гэвч хэрэг учрал болох үед 5 хүн байсан талаар гэрч н.Солонго, н.Батдэлгэр нар мэдүүлсэн. Бусад нөхцөл байдлын хүрээнд гэрчүүд өөр, өөрсдийн харсан өнцгөөс болсон үйл баримт, процессын талаар хууль сануулж мэдүүлэг авахад энэ зүйл нотлогддог. Гэрч н.Солонго худал мэдүүлэг өгөөд байна гэдэг боловч гэрч н.Солонгын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар буюу шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан нөхцөл байдлын хүрээнд яллагдагч өөрийн гэмтэл учруулсан гэх зүйлийг гаргаж өгсөн. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь аврагдах боломжгүй байна гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг тогтоох хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс 3 хүний сэтгэл санааны хохирлыг тогтоолгоно гэсэн хүсэлтийг гаргасан. Энэ нь боломжгүй. Учир нь, нэг хүний амь нас эрсэдсэн. Түүнчлэн гэм хор, хохирлын асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 511 дүгээр зүйлд зааснаар иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн хүрээнд сэтгэл санааны хохирлыг 3 биш, 1 хүнээр тогтоолгох боломжтой. 1 хүний амь нас эрсэдсэн тул Монгол Улсын иргэний дундаж насжилттай холбоотой тогтоох боломжтой учраас 3 хүн дээр сэтгэл санааны хохирол тогтоох боломжгүй. 1 хүн дээр тогтоох боломжтой гэдэг нөхцөл байдал үүссэн учраас сэтгэл санааны хохирлыг тогтоогоогүй байгаа. Харин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой талаар прокурорын зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэх байр суурьтай оролцож байгаа. Учир нь сэтгэл санааны хохирлыг тогтоох үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Гэхдээ сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа учраас шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, түүнд учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх боломжтой тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийг тогтоох, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэсэн байр суурьтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.У холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Анхан шатны шүүхээс “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхбаярт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргуулах” хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутэй эсэх асуудлыг хэлэлцэх боломжтой байх тул заавал прокурорт буцаах шаардлагагүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан зохицуулалтын хүрээнд захирамжид заагдсан ажиллагааг нэмж хийлгэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/3306 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбоотойгоор яллагдагч Д.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/3306 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Д.Уийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Д.У авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ