| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0152/Э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч З.Төлөвхаан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ботагара овогт Кармений Төлөвхаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807002830139 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1951 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багт төрсөн, 68 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 09 дүгээр гудамж 01 тоотод оршин суух,
Урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил, 113 дугаар зүйлд зааснаар 5 жил, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ял дээр мөн хуулийн 113 дугаар зүйлийн зарим хэсэг болох 2 жилийг нэмж нэгтгэн, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг багтааж бүгд 7 жил хорих ялаар шийтгэж, 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,
мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэж, Сум дундын 28 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан,
мөн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 02 сар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 198 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил, 02 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 05 жил, 06 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 22 хоногийн хорих ялын зарим буюу 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 05 жил 05 сар хорих ялаар шийтгүүлсэн түүний эдлээгүй үлдсэн 04 жил 10 сар 06 хоног хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 02 жил 10 сар 06 хоног хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 335 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 17 хоног хорих ялаас чөлөөлсөн, регистрийн ТГ51110517 дугаартай, Ботагара овогт Кармений Төлөвхаан.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч К.Төлөвхаан нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 09 дүгээр гудамж 01 тоотод Г.Цэцэгээг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.Төлөвхааны өгсөн: “Г.Цэцэгээ бид хоёр бие биенийгээ танидаг. Бид хоёр бие биедээ хань болж, хааяа архи уудаг юм. Би 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр юу болсныг сайн санахгүй байна. Тэр өдөр Г.Цэцэгээ өдрийн 11 цагийн үед манайд архи авч орж ирсэн юм. Би тэр архийг уугаад согтож, газарт хэвтэж байгаад босоход Г.Цэцэгээ надад “Чи намайг хутгалчихлаа” гэхээр нь түүн рүү хартал Г.Цэцэгээгийн хүзүү, гар хэсэг нь цус болсон байсан. Би хараад маш их сандараад “Юу болсон бэ?” гээд, зүрх салганаж байх зуур тэр гэрээс гараад явсан байсан. Би Г.Цэцэгээг гэрээс гараад явахаар нь биеэ засах гэж байгаа юм байна гэж бодтол бүр мөсөн явчихсан байсан. Би Г.Цэцэгээ рүү утсаар залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би хэсэг хүлээж байгаад орон дээр хэвтээд унтаж байтал шөнийн 23 цагийн үед Г.Цэцэгээ гаднаас бүх хувцас нь цус болчихсон орж ирсэн. Би сандарч хувцасыг нь угааж өгөөд, “Цагдаа дуудах уу” гэж асуухад надад “хэрэггүй” гэж хэлсэн. Би Г.Цэцэгээгийн шанаа, хүзүү, гар хэсэгт хутгалсан нь үнэн, хүлээн зөвшөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Цэцэгээгийн өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өглөөгүүр миний 80920314 дугаарын утас руу залгаад “таксидаад хүрээд ир” гээд байхаар нь би үдээс хойш 15 цаг өнгөрч байхад Төлөвхааны гэр рүү таксидаад очиход Төлөвхаан нэлээн их согтуу таксины мөнгө барьчихсан хашааны гадна зогсож байсан. Хашааных нь үүдэн дээр нэг цагаан машин зогсож байгаад хөдөлсөн. Тэр хүүхэд нь байсан байх. Гэрт нь бид 2 ороход 1 шил 0,5 литрийн “Хараа” архи байсныг нь бид 2 ууж дуусгаад тэднийхээс хойшоо 2 дахь гудамжинд байдаг дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи 1 кг бууз, кола ундаа зэрэг зүйл аваад буцаж ирээд буузаа жигнэж байх хооронд авч ирсэн архиа уугаад байж байтал манай найз Урнаа Төлөвхөөн руу залгаад “тэтгэврээ авсан юм бол надад хэдэн төгрөг зээлчих” гэж хэлтэл Төлөвхөөн Урнааг “хүрээд ир Цэцэгээ энд байна” гэж хэлсэн.
...Тэгээд сууж байгаад би “гэр рүүгээ явлаа” гэж хэлтэл Төлөвхаан намайг явуулахгүй гээд байсан. Бид 2 орон дээрээ зэрэгцээд суучихсан байтал урд талд байсан ширээн дээр хутга тавьчихсан байсан. Нэг мэдэхэд миний баруун шанаа, хүзүү хорсоод цус гарч байхаар нь “юу болж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ, чи намайг хутгалчихлаа” гэхэд Төлөвхаан газар хэвтэж байснаа босч ирээд “юу болов оо, би чамайг яагаад ингэчихэв ээ” гэж хэлэхээр нь би босоод гараа угаачихаад гэр рүүгээ харихаар гараад явсан.
...Надад гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10-12 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/262 дугаар:
/хх-ийн 36 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 49 дүгээр тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,
/хх-ийн 55 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 75 дугаар тал/
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 450 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 77-78 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 79-81 дүгээр тал/
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 83-88 дугаар тал/
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-95 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч К.Төлөвхаан нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр согтуугаар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн 09 дүгээр гудамж 01 тоотод Г.Цэцэгээг хутгалж эрүүл мэндэд нь баруун чамархай, хүзүү, зүүн бугалга, зүүн сарвуунд зүсэгдсэн шарх, баруун зүүн сарвуу, зүүн тавхайнд зулгаралт, нүүр, хүзүү тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэцэгээд хөнгөн хохирол учирсан бөгөөд нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй төдийгүй мөрдөн байцаалтад “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснийг харгалзан шүүгдэгч К.Төлөвхааныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч К.Төлөвхаан нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ботагара овогт Кармений Төлөвхааныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Төлөвхааныг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан К.Төлөвхаанд мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, К.Төлөвхаанд нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К.Төлөвхаанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ