Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/733

 

    2025             06            12                                          2025/ДШМ/733

 

Ц.Т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Эрхэмбаяр,

хохирогч Ц.Г өмгөөлөгч Л.Ганзориг,  

шүүгдэгч Ц.Т /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,  

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Т холбогдох эрүүгийн 2410031951527 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Т, , урьд:

- Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 26 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан;

Ц.Т нь 2024 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын ойролцоо голын эрэг дагуух байршилд согтуугаар Ц.Г нуруун тус газар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Цогтсайханы Ц.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Т миний бие нь 2024 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийн эхнэр байсан Мөнхзултай өмнө үл ялиг маргаанаас болж 2 тийшээ болсон байна. Уг өдөр өөрийн эхнэр байсан Мөнхзултай удаан хугацааны турш ярилцаж өөрсдийн амьдрал, хүүхдийнхээ эрүүл мэнд болон ирээдүйг бодъё гэж ярилцаж тохиролцоод эвлэрэхээр шийдэж гэр бүлийн хамтаар уг өдөр Хан-Уул дүүргийн Био комбинатын голын эрэг дээр очсон. Тус өдрийн үдээс хойш аав, ээж 2 маань болон манай дүүгийн хүүхэд, бидний хүүхдийг аваад явсан. Ингээд эхнэр Мөнхзул, төрсөн дүү Хэрлэнцэцэг, нөхөр Золжаргалын хамтаар бид 4 жоохон наргиж, цэнгэж үлдсэн. Тэр үед Золжаргал нь өөрийн найзууд болох Ц.Г, Түвдэнжамц нарыг дуудсан. Ямар шалтгаанаар яах гэж дуудсаныг би мэдэхгүй. Бид 6 хамт жоохон ууж идээд нэлээн халамцсан байсан нь үнэн. Мөн бид нарын дунд хэрүүл маргаан үүсэх шалтгаан байгаагүй. Урьд өмнө нь миний төрсөн дүүгийн нөхөр Золжаргал нь миний төрсөн дүүд удаа дараа гар хүрч зодсон. Тухай бүрд нь миний бие утсаар болон өөрийн биеэр ахын хувиар сургаал болон хатуу үг хэлдэг байсан нь үнэн. Тус гэмт хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө Золжаргал нь тухайн хэрэг болох үед байсан гэрчүүдээс зөрүүтэй буюу илт нэг талыг барьсан зөрүүтэй мэдүүлгийг өгч миний эрх зүйн байдлыг маш их дордуулж харлуулсан мэдүүлэг өгсөн байдагт маш ихээр харамсаж байна. Мөн би мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хэргийн талаар үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Хохирогч болох Ц.Г гэх залуутай найзалж, нөхөрлөж, дотносож түүний биед тухайн үед санамсар болгоомжгүйгээр гэмтэл учруулсан, хохирол хор уршгийг ухамсарлаж эмчилгээ болон нөхөн төлбөр болох 50.000.000 төгрөгийг өгсөн. Мөн тус хэрэг болсноос хойш учир зүйгээ олоод амьдрах гэж байсан Мөнхзул нь миний хүү Тэргэл бид хоёрыг хаяад явсан. Цаашид миний бие өөрийн амин үр болох Тэргэлийн эрүүл мэнд болон өсөж том болох цаашид сурч боловсроход нь эцэг хүний хувиар хувь нэмрээ оруулахыг маш их хүсэж, хүүгээ санаж байна. Иймд анхнаас нь хэргээ үнэн зөвөөр хүлээж хохирол хор уршгийг нөхөн төлснийг минь харгалзан үзэж зүйчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Үнэхээр маш их харамсалтай, санамсар болгоомжгүй гэнэтийн үйл явдал болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү. Мөн миний бие 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл “Бүрдэл Майнинг” ХХК-ийн хүнд машин механизмын “Ахлах механик”-ийн албан тушаалаар 5 жилийн хугацаанд 3.700.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан нь үнэн. Миний амьдралдаа хандах хандлага эрмэлзлийг минь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг минь оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Тгийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой 27 хуудас баримт гаргаж өгч байна. Гэмт хэрэг гарах үед шүүгдэгчийн хүүхэд 2 настай байсан. Т.Тэргэлийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал холбогдуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалын дагуу гаргасан дүгнэлтийг гаргаж өгч байна. Анхан шатны шүүх хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг дүгнэсэн байсан учраас энэ баримтыг өгч байна. Миний үйлчлүүлэгч болсон үйл явдлын талаар анхнаасаа үнэн зөв мэдүүлдэг, мөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан байдаг. Ц.Т нь бусдыг гэмтээсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн хэмжээгээр илэрхийлж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” талаар хуульчилсан. Өмгөөлөгч, шүүгдэгч, хохирогч нарын зүгээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлийг хэлбэрэлтгүй нотлуулах байсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн шүүгдэгчтэй гэр бүлийн хамааралтай этгээд болох Ц.Золжаргал, хутгаар гэмтэл учруулах үед орон зайн хувьд хол байсан этгээд болох А.Түвдэнжамц нарын мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжийг бүрэн тодорхой зааж чадаагүй, гэм буруугийн хэлбэрийг үнэн зөв, бүрэн тодорхойлж хэргийг зүйлчлэх, тохирсон эрүүгийн хариуцлага ял халдаах хэмжээний мэдээллийг агуулаагүй байдаг. Учир нь гэрч Ц.Золжаргал, А.Түвдэнжамц нарын мэдүүлэгт эргэлзээтэй асуудлууд цөөнгүй тусгагдсан байдаг. Тухайлбал, уг Ц.Золжаргал, А.Түвдэнжамц, хохирогч Ц.Г нар нь найзууд бөгөөд бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хэвийн бус байдалтай байсан. Ц.Тг бүлэглэн зодож байсныг бусад гэрчүүд нотолдог. Ц.Золжаргалын мэдүүлэгт тэрээр хутганы хэлбэр, бүр хутганы ишний өнгийг хүртэл тодорхой хэлдэг. Уг хутга олдоогүй, гэмт хэргийг үйлдэхэд ашигласан зэвсгээс хэргийн үнэн зөвийг тогтоох мэдээлэл авагдах байсан. Хэрэг учрал болсон цаг нь шөнийн харанхуйд, гэрэл гэгээгүй, хөдөө хээр болсон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог нь бодит эргэлзээг үүсгэдэг. Ц.Золжаргал “...Ц.Тгийн хутгатай гарыг дарж унагаад хутгыг нь авах гээд ноцолдсон” гэж мэдүүлдэг, бодит байдалд согтуу биеэ авч явах чадваргүй, тухайн үед ухаанаа алдталаа согтсон Ц.Т бусдад даруулсан байх үедээ булаацалдаад байгаа хутгыг шидлээ гэхэд хир хол зайд чулуудах вэ, гэмтэл учруулсан хутга яагаад олдоогүй вэ. Тухайн үед майханд 2 ширхэг хутга байсан байдаг, уг хутганууд нь хохирогчийг гэмтээсэн хутга биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Нөхдүүд тойроод уугаад сууж байсан гэж хэлдэг. Ц.Золжаргал нь Ц.Тд хүн хутгалсан болохыг өглөө нь хэлсэн. Ц.Т тэр үед тийм зүйл болжээ гэж ойлгосон болохоо мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, үүнээс улбаалж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордсон, шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим зөрчигдсөн. Шүүгдэгч урьд гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдож, ял шийтгүүлж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд шударга ёсны зарчмын агуулгад нийцэхгүй байсан ялтай байдал, урьд ял шийтгүүлсэн зэргийг харгалзан тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулдаг, хууль зүйн үр дагавар үүсгэдэг байдлыг хасаж, өөрчлөн хуульчилсан. Хохирогч талын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, болсон үйл явдлын талаар санаатайгаар гэмтэл учруулаагүй санамсаргүй асуудал болсон талаар мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Шүүгдэгч Ц.Тгийн холбогдсон хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг хохирогч шүүхээс хүсэж уламжилсан болохыг анхаарч үзнэ үү. Хохирогчийн эмчилгээний зардалд 50.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүгдэгч Ц.Тгийн 3 настай хүүхэд нь төрөлхийн сонсголын бэрхшээлтэй, эмч, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаг бөгөөд холбогдох нотлох баримтыг анхан шатны шүүхэд гарган өгч шинжлэн судлуулсан. Шийтгэх тогтоолын 1 дэх талд дээрх нөхцөл байдлын талаар дурдагдсан, 11 дэх талд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт нотлох баримтаар шинжлэн судлагдсан талаар тусгагдсан. Өмгөөлөгч миний бие өөрийн үйлчлүүлэгчийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт гэм буруутай, бусдыг гэмтээсэн гэмт үйлдлийг хэрэгжүүлэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Түүнд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлага ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эх сурвалжийг бүрэн тодорхой зааж чадаагүй гэрчийн мэдүүлгийг бүрэн нягталж шалгаагүй, зөрүүг арилгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолд тодорхой тайлбарласныг үндэслэл болгов. Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Ц.Г өмгөөлөгч Л.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ц.Г “Ц.Т намайг санаатайгаар гэмтээгээгүй. Энэ талаар шүүх хуралдаанд сайн илэрхийлж чадахгүй байна. Та эрх зүйн талаас нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцож өгөөч” гэж хүсэлт гаргасны дагуу хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх тухай ойлголтыг шүүгдэгчид байх хуулийн ойлголт гэж үзэж байсан. Шүүх өмгөөлөгч маргаж оролцсоныг шүүгдэгч маргасан мэтээр ойлгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Хохирогч “шүүгдэгч намайг санаатайгаар гэмтээгээгүй, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, тохирох зүйлчлэлээр хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор баримт гаргаж өгсөн байна. Энэ баримтыг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор хавтаст хэрэгт хавсаргахад татгалзах зүйлгүй. Анхан шатны тойргийн шүүх 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүгдэгч Ц.Т холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, хүнд гэмтэл учруулахдаа зэвсэг буюу хутга хэрэглэж үйлдсэн гэж үзсэн. Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргах, эргэлзэх зүйл байхгүй. Тухайн өдөр хамт байсан гэрч, хохирогч нар мэдүүлэг өгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргаж, улмаар хохирогчийн эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгчид гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж байна. Энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хамт архи ууж байсан хүмүүс нь гэмт хэргийг харсан, дараа нь шүүгдэгчийг цохисон асуудал нь тодорхой байдаг. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэх боломжтой гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын ойролцоо голын эрэг дагуух байршилд согтуугаар Ц.Г нуруун тус газар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-11/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 10049 дугаартай “...Ц.Г биед хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус, хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 37-38/,

хохирогч Ц.Г “... . ...” /хх 14-15/,

гэрч Н.Х “... . ...” /хх 17-18/,

гэрч Ц.Зн “... м. ...” /хх 20-21/,

гэрч А.Т “... н. ...” /хх 23-24/,

гэрч Н.Мн “... . ...” /хх 27/,

яллагдагчаар Ц.Тгийн “... . ...” /хх 83/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Тг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч Ц.Тг согтуугаар хохирогч Ц.Г нуруун тус газар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрч баруун бөөрийг гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус, хий хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ц.Т “...бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг минь харгалзан үзэж зүйлчлэлийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах “... хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн, Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, 2024 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хэрэг учрал болоход байсан гэрч Ц.Золжаргалын “...Ц.Т агсамнаад байсан бөгөөд хэсэг хугацааны дараа майхан руу орж амарлаа гээд явсан. ...Бид нар майхны баруун хэсэгт ууцгаагаад сууж байсан чинь гэнэт Ц.Т гартаа бор өнгийн модон иштэй хутга барьж гарч ирээд шууд Ц.Г нуруу нь нэг удаа хутгалчхаад майхан руугаа яваад өгсөн...”, А.Түвдэнжамцын “...гэнэт Ц.Т майхан дотроос гарч ирээд Ц.Г нурууны хэсэгт сууж байхад нь хутгалсан. ...” гэсэн мэдүүлгээр Ц.Т хэн нэгэнтэй маргалдсан эсэхээс үл хамаарч майхнаас гартаа хутга барьж гарч ирэхдээ хохирогч Ц.Г ар нуруу хэсэгт нэг удаа хутгалсан нь шүүгдэгчийн шууд чиглэсэн үйлдэл бөгөөд энэхүү үйлдэл, хор уршигт хандаж байгаа сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь санаатай гэмт хэрэгт тооцогдох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нараас гаргасан “гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...хутгыг буруу таньсан, эд мөрийн баримтаар олдоогүй...” гэж маргаж байгаа ч зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлдэгдсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад эд мөрийн баримт олдохгүй, устгагдсан, хаягдсан нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрахын “шүүгдэгч Ц.Тгийн хүүхэд Т.Тэргэлийн талаар” шинээр гаргаж өгсөн баримтыг хүүхдийн хувийн байдалтай холбоотой баримт гэж үзэж хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/920 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                      ШҮҮГЧ                                                           Ц.ОЧ

 

          ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ