Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 989

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч С.Солонго,

Хохирогч Х.Тулгаа,

        Шүүгдэгч Э.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Р холбогдох эрүүгийн 1806 0261 71083 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э Р.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Э.Р нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Скай" бааранд иргэн Х.Тулгаагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Р мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Тулгаа мэдүүлэхдээ: “Би өмнө үнэн зөв мэдүүлсэн учир дахин мэдүүлэх зүйлгүй байна. Баримтаар 540.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. Мөн дахин цацлага авсан зардал зэрэг нийлээд 700.000 төгрөг болсон. Шүүгдэгч өнөөдөр хохирол төлсөн. Бид хоёр хэрэг болсоны дараа уулзсан. Тухайн үед согтуу байсан учир маргасан одоо эвлэрсэн.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Тулгаагийн мэдүүлэг /хх-12-16/, гэрч Т.Ууганбаярын мэдүүлэг /хх-19-20/, гэрч Б.Баттулгын мэдүүлэг /хх-21-22/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3881 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Э.Р иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Э.Р нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Скай" бааранд иргэн Х.Тулгаагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Тулгаагийн мэдүүлэг: "... найзууд болох Баттулга, Ууганбаяр нарын хамт 01 цаг өнгөрч байхад Скай гээд бааранд орсон. ...тамхи татахаар тамхины өрөөнд очиход тэнд цаана 2 залуу, наана нь 1 залуу тамхи татаж байсан ба би найз Ууганбаяртай орсон. Тэгтэл ганцаараа зогсож байсан залуу нь тамхиа татчихаад хана руу тамхиа няслаад хаясан. Би тэр залууг тамхиа хогийн саванд нь хаячихаач гээд хэлж дуусаагүй байтал тэр залуу шууд миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Би харааны нүдний шил зүүдэг болохоор шил хагарч, миний зүүн нүдний орчим цохигдож ярагдаад цус гарсан, бас хамар дээр халцарсан байсан..." /хх-12-16/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Ууганбаярын мэдүүлэг: “...Тулгаа бид 2 тамхи татах гээд тамхины өрөөнд очиход нэг согтуу залуу өрөөний булан руу шээгээд зогсч байсан: Би түүнийг "болиоч чи" гэсэн чинь эргэж хараад намайг цохиод авсан. Тэгэхэд нь Тулгаа хажуунаас иртэл нөгөө залуу дахиад Тулгааг цохисон. Тулгаагийн нүүр лүү нь цохисон юм шиг байна лээ, би анзаарч хараагүй ба нүдний шил нь цохигдоод хагарсан байсан. Тэгээд нэг талын нүд нь цохигдоод зүсэгдээд хавдсан байсан..."  /хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Баттулгын мэдүүлэг: “...Ууганбаяр түрүүлээд ирсэн ба "тамхины өрөөнд нэг залуу шээж байхаар нь болиоч гэсэн чинь эргэж хараад цохичихлоо" гэж хэлсэн. Тэгээд би коридорт гарч харахад Тулгаагийн нүдний шил хагарчихсан, нэг нүдний зовхины доод хэсэгт зүсэгдээд цус гарчихсан байдалтай байсан..." /хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3881 дугаартай дүгнэлт

1. Х.Тулгаагийн биед зүүн нүдний дээд зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-25/,

 

Шүүгдэгч Э.Р иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-33/ зэрэг болно.

 

          Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Р нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Скай" бааранд иргэн Х.Тулгаагийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Э.Р холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Э.Р 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Э.Р нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Э Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Р 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.Р нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Э.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Р нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Р авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС