| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2514000000142 |
| Дугаар | Дугаар 2025/ДШМ/34 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Оюундарь |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 2025/ДШМ/34
*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Ганчимэг, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ш.Оюундарь
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, ******* регистрийн дугаартай,
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,94 хувийн промильтой үедээ 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын чанартай А0303 автозамд зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн ******* БНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
Мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны 06 дугаар дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 3,79 хувийн промильтой үедээ 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 54 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд авто зам дээр цагаан өнгийн улсын дугааргүй загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс хугацааг тоолж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа болон ялын зүйлчлэл дээр маргахгүй байгаа бөгөөд анх ундаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суудаг бага насны 4 хүүхэдтэй, малчин өрх бөгөөд цагдан хоригдсон цагаас эхлэн биеийн эрүүл мэндэд өөрчлөлт орж байгаагаа удаа дараа илэрхийлж байгаа болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж торгох, зорчих эрх хязгаарлах ял болгож өөрчилж Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-н өдрийн 2025/ШЦТ/181 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Ш.Оюундарь тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: *******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж торгох, зорчих эрх хязгаарлах ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийтгэврээр 2025 оны оны 06 дугаар дугаар сарын 19- ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2,94 хувийн промильтой, согтуугаар 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр улсын чанартай А0303 автозамд зүүнээс баруун чиглэлд өөрийн эзэмшлийн ******* БНР улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,
-дээрх гэмт үйлдэлд нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд буюу амьсгал дахь спиртийн агууламж 3,79 хувийн промильтой, согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цаг 54 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны орчимд авто зам дээр цагаан өнгийн улсын дугааргүй загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь:
Хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан “...******* БНР улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос илт согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байхаар нь ...,....үлээлгэн шалгахад 2.94 хувийн согтолтын зэрэг гарсан..” гэх гэрч Тын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 78-79 дүгээр талд авагдсан “...-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгслийн жолооч гэх ******* гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ...,...драйгер багажаар үлээлгэж согтолтын зэргийг тогтооход 3.79 хувьтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 20-23 дугаар талд авагдсан “Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шүүхийн шийтгэвэр”
Хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан “эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”
Хавтаст хэргийн 90-94 дүгээр талд авагдсан “мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”
Хавтаст хэргийн 111 дүгээр талд авагдсан “...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч *******д Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ
“... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харин өмнө уг зөрчлийг гаргаж шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасаж, шийтгэл оногдуулсан байхад 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2,94 хувь согтолттой энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байхад 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 3.79 хувийн согтолттойгоор дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу 2 удаа уг гэмт хэргийг үйлдсэн, өөрийн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгдөггүй...” гэх дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдал болоод гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулна гэж заасантай нийцүүлэн шүүгдэгч *******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Шүүхээс хуульд заасан ял оногдуулахдаа хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохируулдаг төдийгүй тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлдэг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн “..,Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа болон ялын зүйлчлэл дээр маргахгүй, анх ундаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшиж байгаа ******* нь бага насны 4 хүүхэдтэй, малчин өрх бөгөөд цагдан хоригдсон цагаас эхлэн биеийн эрүүл мэндэд өөрчлөлт орж байгаа зэргийг харгалзан хорих ялыг өөрчилж торгох, зорчих эрх хязгаарлах ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу..” гэх агуулгаар бичсэн гомдлыг дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ЦЭРЭНПҮРЭВ
Т.ГАНЧИМЭГ