| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0154/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Энхмэнд,
шүүгдэгч Б.Батсанаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сүмтийн өндөрүүд овогт Борхүүгийн Батсанаад холбогдох эрүүгийн 1807004250149 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 44 дүгээр гудамж 672 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ХД85111016 дугаартай, Сүмтийн өндөрүүд овогт Борхүүгийн Батсанаа.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Батсанаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Байтаг богд” амралтын газрын зуслангийн байранд “та нар болиочээ, хэрүүл сонсох гэж энд ирээгүй унтаж амармаар байна” гэх шаардлага тавьсан Э.Энхдөлтэй маргаж, тогоогоор толгойн тус газар нь цохиж толгойн хуйхны зулайн няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Батсанаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Батсанаа нь согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 11-ний шөнө 02 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Байтаг богд” амралтын газрын зуслангийн байранд “та нар болиочээ, хэрүүл сонсох гэж энд ирээгүй унтаж амармаар байна” гэх шаардлага Э.Энхдөл тавихад “чамд ямар хамаатай юм” гэж түүнтэй маргалдаж, газар байсан тогоо авч толгойн тус газар цохиж биед нь толгойн хуйхны зулайд няцарсан шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батсанаагийн өгсөн: “... Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр эхнэр хүүхдийн хамт “Байдраг богд” амралтын газар очсон. Тухайн өдөр эхнэртэйгээ маргалдсан. Гэтэл хажуу гэрийн амрагч Энхдөл гэх залуу манай гэрт орж ирээд “та нарын хэрүүлийг сонсох гэж ирээгүй, унтаж амармаар байна” гэсэн шаардлага тавьсан. Би согтуу байсан тул Энхдөлийн тавьсан шаардлагыг ойлгохгүй, түүнтэй барилцаж аваад газарт байсан тогоогоор толгой руу нь цохьсон. Би хохиролд 500.000 төгрөг өгсөн. ” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Энхдөлийн өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тэрэлжид “Байтаг богд” амралтын газар ирсэн. Шөнийн 01 цагийн үед хажуу талын өрөөнд байрлаж байсан хүмүүс хэрэлдэж маргалдаад байхаар нь манай эхнэр Оюунтуяа ороод “унтаж амармаар байна, хэрэлдэж муудахаа боль” гэж шаардлага тавиад гарч ирсэн. Төд удалгүй бас хэрэлдэж маргалдаад байхаар би ороод “та нар болиочээ хэрүүл сонсох гэж энд ирээгүй, унтаж амармаар байна” гэхэд үл таних согтуу эрэгтэй хүн “чи юу гэнээ чамд ямар хамаатай юм бэ” гээд орон дээрээс босон ирж заамдаад татаж миний подволкыг урж хоёулаа зууралдаад орон дээр унасан. Тэгээд дээр дороо ороод зууралдаж байхад хүмүүс салгаад хоорондоо хэрүүл хийж байхад уг согтуу залуу тогоо мэт зүйл барьж үсэрч ирээд миний толгойн орой хэсэгт нэг удаа цохиж язарч цус гарсан. Тэгээд цагдаа дуудаж, Налайхын эмнэлэгт ирж оёдол тавиулсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч А.Отгонзулын өгсөн “...Болортуяа бид хоёр салгаж холдуулаад байтал нөхөр Батсанаа орны хажууд байсан хоолны тогоо аваад толгойн орой хэсэгт нь цохьтол толгой нь хагарч цус гоожсон.” Гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч С.Болортуяагийн өгсөн “...Отгонзул бид хоёр салгаж холдуулаад би машин руу гарчихаад ороод иртэл уг залуугийн толгойн зулай хэсгээс цус гарчихсан байсан. Яасан юм бэ гэхэд Батсанаа тогоогоор цохьчихлоо гэж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оюунтуяагийн өгсөн “...Намайг ороход Энхдөл нэг залуутай орон дээр зууралдчихсан араас нь нэг хүүхэн татаж болиулах гэсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би очиж цуг салгалцаад нөхрөө үүд рүү холдуулах үед зууралдаж байсан үл таних залуу жижиг тогоо шиг зүйл барьж ирээд Энхдөлийн толгойн орой руу цохьтол цус гарч эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад Б.Батсанаагийн гэрч, яллагдагчаар өгсөн “... хажуу өрөөнд амарч байсан залуу орж ирээд “унтаж амармаар байна” гээд уурлахаар нь би маргалдаж зууралдаж аваад орон дээр унахад хажууд байсан манай эхнэрийн найзууд салгаж холдуулсан. Тэгээд уг залуу та нарын хэрүүлийг сонсох гэж ирээгүй гэхээр нь би газар байсан тогоог аваад толгойн орой хэсэгт нь цохьтол толгой нь хагарч цус гоожсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 40 дүгээр тал/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн №353 дугаар:
/хх-ийн 26 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн хуулбар,
/хх-ийн 52 дугаар тал/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас
/хх-ийн 41 дүгээр тал/,
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 53 дугаар тал/
“Худалдаа хөгжлийн банк”-ны хуулга
/хх-ийн 59-65 дугаар тал/,
Б.Батсанаагийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 51-58 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Батсанааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Энхдөлийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 500.000 төгрөг төлсөн төдийгүй түүний өгсөн “надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үндэслэн Б.Батсанааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.Батсанааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Батсанаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүмтийн өндөрүүд овогт Борхүүгийн Батсанааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Батсанааг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Батсанаад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Батсанаад мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Батсанаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батсанаад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ