| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2514002150151 |
| Дугаар | Дугаар 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар Дугаар 2025/ДШМ/35
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Ганчимэг, П.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Зулаа,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золбоот нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот, ******* ******* ХХК-д механикч ажилтай, ам бүл 3, эх дүү нарын хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 3 дугаар баг, ******* тоотод бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын ******* дүүргийн хуучин- товчоо ******* ******* ХХК-ийн хашаанд оршин суудаг,
Урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт гийн ,
Шүүгдэгч Ц. нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас 6 дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд УНБ улсын дугаартай Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч овогт гийн ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болон согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ийн хашаанд оршин суудаг ба эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн үеэс хугацааг тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 3 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, эдлэх ялаас нь хасаж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа болон ялын зүйлчлэл дээр маргахгүй байгаа харин түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солиулах хүсэлтэй байгаа болно. Учир нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд ******* нь ******* дүүргийн хуучин дугаар товчоо, ******* ******* ХХК-ийн хашаанд оршин суудаг, мөн тэндээ механикч ажилтай тул дуудлагаар тухайн компанийн машин техникийг хөдөө орон нутагт засварладаг болно.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар солин Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Н.Зулаа тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгох ял оногдуулна уу гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Тус Эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц. нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 -т заасан зөрчилд холбогдон 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас 6 дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд УНБ улсын дугаартай Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх гэмт хэргийн үйл баримт нь:
Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...******* нь .... УНБ улсын дугаартай марк-2 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод 5 дугаар багийн 10 дугаар гудамжнаас гараад ирсэн. Тухайн тээврийн хэрэгслийг зогсох дуут дохио өгч зогсооход ******* нь машинаа зогсоохгүйгээр араатай нь орхиж жолоочийн суудлаасаа арын суудал руу дамжиж сууж улмаар жолоочийн хажуу талын суудалд сууж явж байсан. *******ын эхнэр нь жолоочийн суудал дээр суугаад машиныг зогсоосон. ...би болон хамт үүрэг гүйцэтгэж явсан Олон нийтийн цагдаа нар харсан. ...оос яагаад жолооны суудлаа сольсон талаар асууж ярилцахад би өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад жолооны эрхээ хасуулсан юм. Тэгээд дахиад баригдах юм бол асуудал хүндэрнэ гэж хэлээд жолоогоо эхнэртээ шилжүүлсэн гэдгээ хэлж байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “...2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр би томилгоот хуваарийн дагуу цагдаагийн дэд ахлагч ын хамт оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн ...цагдаагийн машинтайгаа тухайн гудамжнаас нь гараад Баянхонгор сумын 5 дугаар багт явж байтал тухайн дуудлага дээр согтуу байсан иргэн ******* гэгч нь УНБ улсын дугаартай марк 2 маркийн машин унаад явж байгаа тааралдсан юм. Тэгээд тухайн машиныг зогсох дохио өгөөд маяакаа асаагаад чанга яригчаар зогсох талаар сануулж хэлсэн. Тэгэх үед зогсохгүй ...жолооны хүрд дээр ******* гэх хүн байсан бөгөөд машинаа зогсоохгүйгээр жолоочийн суудлаасаа хойд талын суудал руу шилжиж суугаад жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан *******ын эхнэр нь гэж эмэгтэй хүн жолоочийн суудал дээр суугаад тэгээд машиныг зогсоосон. ....цагдаагийн машины маяакны гэрэл нь их тод туссан тул машин дотор болж байгаа зүйл тод тодорхой харагдаж байсан юм. ...*******ыг .... драйгер багаж үлээлгэж шалгахад 3.04% согтолттой гарсан...” гэх гэрч Д.Цэрэнпунцагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
Хавтаст хэргийн 51-54 дүгээр талд авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаартай шийтгэврийн хуулбар ,
Хавтаст хэргийн 9-11 дүгээр талд авагдсан жолоочийн согтууруулах ундаа... хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.04 хувийн тоон үзүүлэлт илэрсэн талаарх эргүүлийн цагдаагийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Ц. нь 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 210 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400000 төгрөгөөр торгох шийтгэлтэй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан хугацаа дуусаагүй байхад 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар баг 10 дугаар гудамжнаас 6 дугаар багийн 3 дугаар гудамж хүртэлх зайд УНБ улсын дугаартай Марк 2 загварын тээврийн хэрэгслийг 3,04 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан ялын төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахаар заасантай нийцсэн байна.
Шүүхээс хуульд заасан ял оногдуулахдаа хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлдэг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн “.. анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг үйлдсэнээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ******* нь ******* дүүргийн хуучин дугаар товчоо, ******* ******* ХХК-ийн хашаанд оршин суудаг, мөн тэндээ механикч ажилтай тул дуудлагаар тухайн компанийн машин техникийг хөдөө орон нутагт засварладаг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялаар солин шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэх агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ийн хашаанаас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж шийдвэрлэсэн хүрээнд ажиллаж, амьдрах боломжтой гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар зайлшгүй тохиолдолд хяналт тавьж буй Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, зохих зөвшөөрлийн дагуу бусад бүсчлэлд, тогтоосон маршрутын дагуу зорчих эрх нь нээлттэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ******* дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ
П.ЦЭРЭНПҮРЭВ