Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/MA2018/0320

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0320

Улаанбаатар хот

 

 

 

 

“Д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Р.Б, хариуцагч Ж.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэртэй, “Д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, С.Т нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан “Д т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо: “ ... “Д т” ХХК нь 5536723 тоот регистрийн дугаартай “Ж” ХХК-иас 10085777 тоот НӨАТ-ийн падаанаар 72,150,000 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж бараа худалдан авах гэрээ, төлбөр төлсөн гэх орлогын баримтууд хэрэгт авагдсан байх боловч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 тоот тогтоолд “Яллагдагч Зоригтын Тамир нь 2011-2013 онд “Ж” гэсэн нэр бүхий 43 аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 406 аж ахуйн нэгжид 108 тэрбум 301 сая төгрөгийн хий бичилт хийж өгөн түүнд ногдох төгрөгийн онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт хамтран оролцож, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг хуулийн дагуу тогтоож шийдвэрлэсэн байдаг.  Үүнээс авч үзвэл “Д т” ХХК нь “Ж” ХХК-иас бараа материал худалдаж авсан гэх уг үйлдлийг хуурамч гэрээ, хуурамч санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэн халхавчилсан байгаа нь тодорхой байна гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 14.3 дахь заалтыг үндэслэн татварын улсын байцаагч акт тогтоосныг шүүх үндэслэлгүй байна гэсэн.

Дээр дурдсаны зэрэгцээ татварын хяналт шалгалт хийж байх явцад “Д т” ХХК-ийн захирал Л.Д, нягтлан бодогч П.Б нар ярилцлагадаа “Ж” ХХК-аас ямар бараа материал худалдаж авснаа сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан гэрээт ажил хийгдсэн бид тэр болгон компани дээр очиж гэрээ хийдэггүй гэх ярилцлага өгч байсан мөн шүүх хуралдааны явцад шүүгч Д.Х “Ж” ХХК хаана, ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ, та нар хаанаас очиж гэрлийн ламп, утас зэргээ авсан бэ” гэсэн асуултад “Ж” ХХК хаана байдаг, ямар үйл ажиллагаа эрхэлдгийг нь мэдэхгүй, бид нар утсаар яриад л тэр хүмүүс ламп, утас зэргийг авчирч өгсөн”, мөн шүүгчийн “та нар ажил гүйцэтгэхдээ зах зээлээс ламп, утсаа авахдаа манай ажилд тохирох эсэх, манай шаардлагыг хангаж чадах эсэх, үнэ ханш нь ямар байна гэх зэргээр барилгын материалын захуудаар явж судалдаггүй юм уу” гэхэд захирал Л.Д явж судлаагүй гээд тодорхой хариулж чадахгүй байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн байгаа. Үүнээс харахад хэдийгээр компани бусдаар ажил гүйцэтгүүлж, бусдаас бараа материал авсан боловч тэр нь “Ж” ХХК биш болох нь тодорхой гэж үзэж байна.

Улмаар “Д т” ХХК-ийн захирал Л.Д нь, тодорхой үйл ажиллагаа эрхэлдэггүй хэрнээ бусдад НӨАТ-ын падаан хий бичин өгч бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгодог “Ж” компани гэгчтэй хамтарч түүнээс НӨАТ-ын падаан хий бичүүлэн авч хасалт хийж улсад төлөх татвараа бууруулж тайлагнасан нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн болно. Ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй хэрнээ НӨАТ-ын падаан хуурамчаар бичиж өгч бусдыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгодог үйл явдлыг Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгах явцад буюу 2015 онд “Ж м” компанийн хууль бус явдал нь шалгагдсан тул Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 24-ны 9/2933 дугаарын албан бичгээрээ Татварын ерөнхий газарт мэдэгдсэн гэж үзэж байна.

 Иймээс “Д т” ХХК нь 2013 онд татварын хяналт шалгалтад хамрагдаж 2008-2012 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг шалгах явцад “Ж м” компаниас хий бичилттэй падаан авч, хасалт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил нь тухайн үед буюу 2013 оны хяналт шалгалтаар тогтоогдоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дугаарын шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, “Д т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.О, С.Т нар “Д т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал хяналт шалгалт хийж, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актаар 12.551.350,0 төгрөгийн төлбөрийг ногдуулжээ.

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компанийн захирал Маргаан таслах зөвлөлд хандаж, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 057 дугаар тогтоолоор тус компанид маргаан бүхий актаар тогтоосон 2.164.500,0 төгрөгийн торгууль, 3.171.850,0 төгрөгийн алданги, нийт 5.336.350,0 төгрөгийн төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хассан боловч “Д т” ХХК нь зөрчлийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагч нарын актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах гомдолдоо “...онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт хамтран оролцож, бичиг баримт хуурамчаар байнга үйлдсэн нь тогтоогдсон, ... Үүнээс авч үзвэл “Д т” ХХК нь “Ж м” ХХК-иас бараа материал худалдаж авсан гэх уг үйлдлийг хуурамч гэрээ, хуурамч санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэн халхавчилсан байгаа нь тодорхой байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Д т” ХХК нь 2012 онд “Ж м” ХХК 72,150,000 төгрөгний бараа худалдан авч үнийг нэмэгдсэн өртгийн албан татварын хамт худалдагчид бэлнээр төлсөн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, худалдах худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн, мөн “Ж м” ХХК нь уг нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн авсан гэж өөрийн борлуулалтын тайландаа тусгажээ.

Гэвч хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаар тогтоолоор дээрх баримтуудад “Ж м” ХХК-ийн захирлаар гарын үсэг зурсан З.Тамирыг 2012-2013 онд “Ж м” ХХК болон уг компаний 2012 оны 4 сарын худалдан авалтын тайланд тусгагдсан “Бумбатайн гантир” ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийж, аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон, баримт бичиг хуурамчаар үйлдэж тараасан, уг үйлдлийг байнга хийсэн нь тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... уг 72,150,000 төгрөгийн бараа, материалыг яг хаанаас худалдаж авсныг мэдээгүй, гэрээ байгуулах үед манай дүү н.Б захирал хийж байсан, дараа нь асуухад 100 айл дээр бүтээгдэхүүн зардаг компани байсан” гэх тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “... 2013 оны татварын хяналт шалгалтаар тогтоогдоогүй боловч ...Цагдаагийн байгууллага илрүүлэн шалгах явцад “Ж м” ХХК-ийн хууль бус явдал нь тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 9д/2933 дугаар албан бичгээрээ Татварын ерөнхий газарт мэдэгдсэн гэж үзэж байна” гэжээ.

 Хэдийгээр 2013 оны татварын хяналт шалгалтаар уг зөрчил илрээгүй боловч дээр дурдсан “Ж м” ХХК-ийн захирал З.Т-ын хууль бус үйлдлийг 2015 онд цагдаагийн байгууллагаас тогтоож, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 9д/2933 дугаар албан бичгийн дагуу “Ж м “ХХК-ийг шалгахад ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар хий бичиж өгсөн үйлдэл нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүх 2013 оны хяналт шалгалтаар “зөрчил гэж үзээгүй, ... дээрх шийдвэр хүчин төгөлдөр байхад татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 29.1.1-д заасны дагуу зөрчил тогтоох, шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, цагдаагийн байгууллагын албан бичгийг үндэслэн зөрчил гэж үзэж акт гаргасан нь үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ.

  Хэдийгээр нэхэмжлэгч “Д” ХХК нь уг худалдан авалт хийгдэж, авсан бараа материалаар “Гэр хорооллын дундах болон сургууль цэцэрлэгүүдийн гадна орчны гэрэлтүүлгийг шинээр тавих” ажлыг гүйцэтгэсэн байхыг үгүйсгэхгүй боловч гагцхүү тухайн үед бараа материалыг худалдан авч нэмэгдсэн өртгийн албан татварыг барааны  үнэтэй хамт төлсөн гэх “Ж м” ХХК нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй, захирал З.Тамир нь падаанд хуурамч бичилт хийж, баримт бичиг хуурамчаар үйлдсэн нь 2015 оны цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон, үүнтэй холбоотой дахин хяналт шалгалт хийж зөрчлийг илрүүлснийг хууль бус гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол  үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Д т” ХХК нь “Ж м” ХХК-иас худалдан авалт хийгээгүй, “Ж м” ХХК нь борлуулалтын дэвтэртээ бичсэн боловч бодит байдалд 72,150,000 төгрөгний бараа, материалын борлуулалт хийгдээгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компани болох нь дээрх прокурорын тогтоолоор тогтоогдсон байх тул тус компаниас хохирол гэж нөхөн татвар гаргуулах боломжгүй, харин нэхэмжлэгчийн хувьд бараа материал худалдан авалт хийсэн боловч “Ж м” ХХК-иас худалдан аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагчид төлсөн нь тогтоогдохгүй байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчиж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцон, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн татварын улсын байцаагчийн актыг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчиж, худалдан авалтын санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлээгүй байна. 

Иймд татварын улсын байцаагч нарын акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д т” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 240012438 тоот актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ