Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 0014

 

Ж.Очироо, П.Батдорж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                               Хэргийн индекс 132/2016/0052/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

             Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        Ж.Очироо, П.Батдорж

           Ялтны өмгөөлөгч                                     Р.Цэрэнханд, М.Даваасүрэн

                        Хохирогч                                                        Б.Гангаамаа

                       Нарийн бичгийн дарга                            С.Гончигбал нарыг оролцуулан

 

            Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Очироо, П.Батдорж нарт холбогдох 201606000056 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ж.Очироо, ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн, Р.Цэрэнханд нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, Догшин овогт Пүлээгийн Батдорж, 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-өндөр сумын Шанд багийн 26-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Г375052015 регистрийн дугаартай,

 Монгол Улсын иргэн, Буурал овогт Жамбаагийн Очироо, 1975 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Г375030413 регистрийн дугаартай,

П.Батдорж, Ж.Очироо нар нь бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах "Булган" зочид буудалд хохирогч Б.Гангаамааг хүч хэрэглэн хурьцал үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Догшин овгийн Пүлээгийн Батдорж, Буурал овгийн Жамбаагийн Очироо нарыг хүч хэрэглэн бусдыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар шүүгдэгч Ж.Очироо, шүүгдэгч П.Батдорж нарыг тус тус 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарын тус тус цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний ягаан өнгийн дотоож, 2,5 литрийн "Боргио" пивоны сав 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Очироо, П.Батдорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Ялтны өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах гомдолдoo: "...тухайн хэрэг учрал болсон шалтгаант холбоог сайтар судалж үзвэл П.Батдоржийн үйлдсэн гэх гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Хохирогч гэх Гангаамаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө "Очироо миний хажуунаас босоход Батдорж хажуугаар хэвтсэн. Би Батсүх ахыг дуудахад Батсүх босож ирээд бос гэж хэлээд Батдоржийг татаж босгосон" гэжээ. Гэрч Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө "... үүр дөнгөж цайж эхэлж байхад Батаа ахаа гэх Гангаамаагийн дуунаар би сэрсэн. Тэгээд харахад нөгөө орон дээрээ Батдорж Гангаамаагийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль, бос гэхэд Батдорж боссон. Батдорж тэр үед дээгүүрээ цээж нүцгэн доогуураа саарал өмдтэй байсан" гэжээ.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2181 тоот шинжилгээний дүгнэлтэд "... хохирогч ДНХ тогтоц нь сэжигтэн П.Батдоржийн цусны тогтоцтой тохирохгүй байна" гэжээ.

...нотлох баримтуудыг ЭБШХ-ийн 94, 95 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу үнэлж үзвэл шүүгдэгч П.Батдорж нь Б.Гангаамааг хүчиндсэн гэх гэмт хэрэг нотлогдохгүй байна. Хохирогч нь шүүгдэгч П.Батдоржид хүчиндүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Хохирогчийн мэдүүлгийг гэрч Батсүх нотолдог тул шүүгдэгч Батдорж намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн хохирогч Б.Гангаамаагийн мэдүүлэг эх сурвалжтай зөрж байна. Хохирогч Б.Гангаамаагийн мэдүүлгээр П.Батдорж нь Ж.Очироогийн дараа намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр П.Батдоржийн үрийн шингэн хохирогчийн дотоожноос авсан мэдээлэлтэй тохирохгүй … хохирогчийн П.Батдоржтой намайг хүчиндсэн гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

… шүүгдэгч П.Батдорж хохирогч гэх Б.Гангаамааг хэл амаар доромжилж цохиж зодсон үйлдэл гаргаснаас болж Б.Гангаамаа П.Батдоржид гомдсон учир хүчиндсэн гэж мэдүүлэг өгсөн гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Шүүгдэгч П.Батдорж дээрх баримтуудаас үзвэл хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч П.Батдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ. 

Ялтны өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах гомдолдоо: "...Ж.Очироо нь хохирогч Гангаамааг бусадтай бүлэглэн хүчиндсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Гангаамаа нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө "Очироо миний хажуугаар хэвтээд мөн бэлгийн харьцаанд орсон. ...үүний дараа Очироо миний хажуугаас босоход Батдорж хажуугаар хэвтсэн. Би Батсүх ахыг дуудахад Батсүх босч ирээд боль гэж хэлээд Батдоржийг татан босгосон. Би уйлаад Батдорж, Очироо нарыг нэг нэг удаа цохиход Батдорж миний гэдэс рүү цохисон гэж хэлжээ. П.Батдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “буудалд орсны дараа Гангаамаа, Очироо нар үнсэлцээд байсан. Би шөнө бие засах гээд гэрэл асаахад Очироо, Гангаамаа нар тэврэлдсэн байдалтай хэвтэж байсан. Би Гангаамаатай бэлгийн харьцаанд ороогүй” хэмээн тус тус мэдүүлснээс харахад ялтан Ж.Очироо, П.Батдорж нар нь хохирогч Гангаамааг бүлэглэн хүч хэрэглэж хүчиндсэн нь хангалттай тогтоогдохгүй байна.

Харин ялтан Ж.Очироо нь хохирогч Гангаамаатай бэлгийн харьцаанд дангаар орсон нөхцөл байдал нь тогтоогдож байна. Ялтан Очироог хохирогч Гангаамаатай бэлгийн харьцаанд орж байхад Батдорж нь түүнд туслаж, саад бэрхшээлийг нь арилгах болон хохирогчийн гар хөлнөөс барьсан, Очироод тусласан үйлдэл огтхон ч хийгээгүй байх бөгөөд энэ тухай ч хохирогч Очироог босохоор Батдорж хажуугаар орж хэвтсэн гэж мэдүүлсэн. Мөн ялтан Батдоржид ялтан Очироо нь хохирогчтой бэлгийн харьцаанд оруулах гэж тусалж дэмжсэн үйлдэл огт хийгээгүй байна. Ялтан Очироо нь хохирогчтой бэлгийн харьцаанд орохдоо хэн хэгний тусламж дэмжлэгийг ямар нэгэн байдлаар аваагүй бөгөөд бусадтай бүлэглэж хохирогчтой бэлгийн харьцаанд орсон нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэв ялтан Ж.Очироог хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхад Батдорж дэргэд нь байсан учраас бүлэглэсэн гэж үзвэл мөн гэрч Батсүх ч байсан байдаг.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар ялтан Ж.Очироо нь хохирогч Гангаамаатай бүлэглэж биш дангаараа бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож байх тул … шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ж.Очироогийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 126.1-д заасан хөнгөрүүлэн зүйлчилж, ялтан Ж.Очироо нь хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, мөн хохирогч Гангаамаа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

Ялтан Ж.Очироо давж заалдах гомдолдоо: “...миний бие Батдоржтой бүлэглэж хүчиндээгүй, харин тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэлгийн харьцаанд орсон. Хохирогчтой бэлгийн харьцаанд орж байхад болон орохоос өмнө ялтан Батдорж нь надад туслаж, дэмжсэн зүйл байхгүй. Би ч Батдоржид тусалж дэмжсэн зүйл байхгүй. Миний бие хохирогчтой дангаараа бэлгийн харьцаанд орсон ... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирогчдоо хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан ба хохирогч надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Иймд миний үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар хөнгөрүүлж зүйлчилж, ногдуулах хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ. 

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газраас П.Батдорж, Ж.Очироо нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх П.Батдорж, Ж.Очироо нарыг хүч хэрэглэн бусдыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг гэмт хэрэг 2016 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт байрлах Булган зочид буудлын 221 тоот өрөөнд үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Гангаамаа нь “...Ж.Очироо, П.Батдорж нар намайг бүлэглэн хүчиндсэн...” гэх боловч

тэрээр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “ ... Батаа ах бид хоёр нэг орон дээр суучихсан юм ярьж байгаад үнсэлцээд байх шиг байсан ... би хувцсаа тайлаад орон дотор орчихсон байсан...дээлтэй нэг ах нь босч ирээд орноос татаад өөрийнхөө сууж байсан оронд чирч оруулсан...үүр цайтал ноцолдож байгаад намайг хүчиндэж нэг удаа унтаад босоод явсан...” гэж /хх 26/,

 “...намхан дээлтэй залуу нь миний тал талаас татсан. Түүнээс биш тэр хоёр нийлж тал талаас татаагүй...” гэж /хх 27/,

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...Батдорж миний хажуугаар хэвтсэн ... Батсүх боль гэж хэлээд Батдоржийг татаж босгосон” гэсэн /хх 132/,

гэрч Д.Батсүх "... Тэгээд харахад нөгөө орон дээр Батдорж Гангаамаагийн дээр гарчихсан ноцолдож байсан... Батдорж дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа саарал дотуур өмдтэй байсан..." гэж /хх 28/,

ялтан Ж.Очироо “... бид хоёр хоорондоо ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон ... би сэрсэн үеэс хойш Батсүх, Батдорж нар бэлгийн харьцаанд ороогүй” гэж /хх 78/, мөн П.Батдорж “... хаалгаар ороод эхний зүүн талын орон дээр Очироо нөгөө хүүхэн хоёр бэлгийн харьцаанд орж байсан ... би бие засах гээд гарахдаа гэрлийг нь асаачихаад гарсан ... ” гэж /хх 80/ тус тус мэдүүлжээ.

Дээрх дурьдсан мэдүүлэг болон бусад баримтуудаас дүгнэхэд Ж.Очироо, П.Батдорж нар нь хохирогч Б.Гангаамааг бүлэглэн хүчиндэх гэсэн нэгдсэн санаа зорилго агуулж, түүнд хүч хэрэглэсэн, заналхийлсэн, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

Харин хохирогч Б.Гангаамаагийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон шинжээчийн 2181 дугаартай “... дотоожинд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь сэжигтэн Ж.Очироогийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт зэрэг баримтуудаас дүгнэн үзвэл Ж.Очироог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Мөн П.Батдоржийг хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй байх бөгөөд гэрч Д.Батсүх  "...Батаа ахаа гэх Гангаамаагийн дуунаар би сэрсэн. Тэгээд харахад нөгөө орон дээр Батдорж Гангаамаагийн дээр гарчихсан ноцолдож байсан. Би тэгээд боль бос гэхэд Батдорж боссон. Батдорж дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа саарал дотуур өмдтэй байсан..." гэж мэдүүлсэн,

түүнчлэн хохирогч Б.Гангаамаа болон П.Батдорж нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7, 12/ зэргээс дүгнэхэд тэрээр хохирогч Б.Гангаамаад хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан, түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал ... шүүгдэгчийн ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу П.Батдорж, Ж.Очироо нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан “...зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн П.Батдорж, Ж.Очироо нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Б.Гангаамаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан тэдэнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1.Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Буурал овогт Жамбаагийн Очироог хохирогчид хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Догшин овогт Пүлээгийн Батдоржийг хохирогчид хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч Ж.Очироог 3 /гурав/ жилийн хугацаагаар  хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч П.Батдоржийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Очироод оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэж,

г/  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

д/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...бусдад төлөх төлбөргүй” гэсний дараа “шүүгдэгч нар нь 24 /хорин дөрөв/ хоног цагдан хоригдсон” гэж нэмж,

е/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Очироод оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзан, тэдэнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэсэн заалт нэмсүгэй.

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Ж.Очироод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, П.Батдоржид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ё.БЯМБАЦЭРЭН

                      ШҮҮГЧИД                                        С.ЦЭЦЭГМАА        

                                                                                  С.УРАНЧИМЭГ